Газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийн талаар өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд нийслэлийн удирдлагуудын хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон дүүргүүдээс 60 иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар эмнэлгийн ойролцоох газрыг хувь хүмүүс болон албан байгууллагууд худалдан авч, нийтийн эзэмшлийн эмнэлэгт эмчлүүлэгсдийн тухыг алдагдуулж буй талаар нийслэлийн удирдлагуудад саналаа хүргүүлж, шүүмжилж байсан. Хурлын үеэр иргэдийг газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэдий боловч 2030 оны хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө батлагдтал нийслэлээс газар эзэмшүүлэх ажлыг түр зогсоохоор болсон байна. Түүнчлэн газрын маргаантай холбоотой асуудлыг ирэх сарын дунд гэхэд тодорхой шийдвэүүдийг гаргаж эхлэх гэнэ.
Нийслэлд 470440 га газрын нөөц байгаа тухай албаныхан мэдээллэв. Үүний 53 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг хот тосгон, зам харилцааны газар, ойн сан, улсын тусгай хэрэгцээний газар 16 хувь, усан сан бүхий газар нэг хувийг эзэлдэг байна. Харин нийслэлийн иргэдийн 7.6 хувь нь газраа өмчилсөн байгаа ажээ.
У.БОЛОР