Анхдугаар чуулганы эхэнд УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцэж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшиж хүсэлтээрээ дэд даргын албанаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Ингээд түүний оронд шинээр дэд дарга сонгох асуудал ярьж эхлээд байгаа юм.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын гишүүдээс эрхэм гишүүн Д.Лүндээжанцан “Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдоод байна. Засгийн газрын 19 гишүүний 17 нь парламентын гишүүн байгаа нь нэг бодлын мөрөөдлийн баг. Нөгөө талаас хоёр хуцын толгой нэг тогоонд багтахгүй гэгчээр болж байна. УИХ-ын гишүүд хууль тогтоох үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын гишүүд цаг наргүй ажилтай. Иймээс үүнийг бодолцож үзэх хэрэгтэй” гэж байлаа.
Гишүүн Ч.Улааны оронд УИХ-ын дэд дарга сонгох тухай асуудал үргэлжилж байна.