Дотуур байранд 14 мянган оюутныг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Дотуур байранд 14 мянган оюутныг бүртгэнэ

Оюутны дотуур байрны бүртгэл, хангамж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалтай ярилцлаа.

-Энэ хичээлийн жилд нийт хэдэн дотуур байр оюутан хүлээж авах вэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийтдээ 43 дотуур байр байна гэсэн тоо байдаг. Үүнээс дийлэнх нь улсын сургуулийн дотуур байрууд байгаа юм. Хоёр жилийн өмнө Монголын оюутны холбооноос нэр бүхий УИХ-ын гишүүдтэй хамтран дотуур, нийтийн, хөлсний, орцны хонгил зэрэг газруудаар явж, оюутнуудын ахуй амьдралтай танилцсан.  Ингэж танилцсаны үр дүнд манай улсад оюутны дотуур байрны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Тиймээс 1000 оюутны байрыг барих ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлээд байна.

-1000 оюутны байр хэзээ ашиглалтад орох вэ?

-Барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард багтан ашиглалтад орно. Оюутнуудыг ирэх арванхоёрдугаар сараас эхлэн хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгаа. МОХ, Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран Оюутны байрны барилгын стандартыг хамтран баталсан. Энэхүү стандартын дагуу баригдаж байгаа анхны дотуур байр нь энэ байгаа юм.

-Энэ жил хэдэн оюутан дотуур байранд орох боломжтой вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд нийт 140 мянга орчим оюутан суралцана гэсэн тоо баримт байна. Үүнд хөдөө, орон нутгаас 40-50 мянган оюутан ирж, суралцдаг. Энэ жил ямартай ч 14 мянган оюутныг дотуур байранд оруулна. Цаашид оюутны дотуур байрны хангаж, хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хөдөө орон нутгийн оюутнууд галын хор, цэвэр бохир усны системд холбогдоогүй, шаардлага хангахгүй газар амьдарч байна. Цаашид бид төлбөрийн асуудал, засвар үйлчилгээ, амьдрах орчин, оюутны орны хүртээмж зэрэгт байнга хяналт тавьж, ажиллах болно.

-Дотуур байрны үнийн тухайд?

-Өнгөрсөн жил дотуур байрны төлбөр 200-280 мянган төгрөг байсан. Энэ жил тог, ус, цахилгаан, ажилчдын цалин нэмэгдсэн гэх мэт шалтгаанаар оюутнуудын дотуур байрны төлбөр нэмэгдэх байх. Хэрэв нэмэгдсэн тохиолдолд бид ямар үндэслэлээр нэмсэн гэдгийг шалгаж, хяналт тавих болно. Дотроо 00, душтэй, цөөхүүлээ амьдардаг өрөөнүүд нь арай өндөр төлбөртэй байх жишээтэй. Оюутнууд дотуур байранд есдүгээр сарын нэгнээс дараа жилийн зургадугаар сарын нэгэн хүртэл амьдардаг.

-Оюутны байрны бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Есдүгээр сарын эхнээс бүртгэл эхлэх байх. Сургуулиуд энэ ажлыг өөрсдөө зохион байгуулна. Бид дотуур байрны каминдат нарт хандан аль болох I, II курсын оюутнуудыг түлхүү байранд оруулах хүсэлт гаргадаг.  Ямар ч байсан бүх нэгдүгээр курсынхэн оюутны байранд орно.

-Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх саналыг сургуулиудын зүгээс гаргаж байна. МОХ энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Манай зүгээс сургалтын төлбөр нэмэх асуудалд инфляцийн дагуу нэмэх, сургалтын орчин чанар сайжрах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Сургалтын төлбөр нэмэх болсон үндэслэлээ баталж, эцэг, эх, оюутнуудад ойлгуулж чадаж байгаа бол тухайн сургууль төлбөрөө нэмж болох юм. Улсын сургуулиудын удирдах зөвлөлд МОХ-ноос төлөөлөл байдаг. Тэрхүү төлөөллөөр дамжуулан бид албан бичиг хүргүүлэх болно.  Хувийн хэвшлийн сургуулиудад бидний зүгээс хяналт тавихад бэрхшээлтэй байдаг.

-Өнгөрсөн жил сургалтын төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэж байсан бэ?

-Өнгөрсөн жил бүх сургуулиуд сургалтын төлбөрийг 30 хувь нэмнэ гэсэн. Тэр үед БСШУЯ, МОХ, их, дээд сургуулийн, хувийн хэвшлийн сургуулийн консерциумын төлөөллүүд хуралдсан.  Хэлэлцсэний эцэст сургалтын төлбөрийг тухайн үеийн инфляцийн тооцоогоор  9.7 хувиар нэмсэн.

-Оюутны байранд хэрэг зөрчил хэр их гардаг вэ?

-Гэмт хэрэг харьцангуй бага байдаг. Өнгөрсөн жил бид бүх оюутныг 24 цагийн турш гэнэтийн ослын даатгалд даатгуулсан. Гэр хорооллын оюутнууд нохойд хазуулах, хөл гараа хугалах, хүнд зодуулсан тохиолдолд нөхөн төлбөр авна гэсэн  үг. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 200 гаруй оютанд нөхөн олговор олгосон байсан.

-Оюутны хотхонд баар, паб олноор үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хэрэг зөрчил үүсэх шалтгаан болоод байгаа?

-2002 оныг оюутны жил болгон зарлаж байсан. Энэ хүрээнд оюутны хотхоныг А, Б гэж бүсчилсэн юм. Хоёр дүүргийн Засаг дарга нар оюутны байранд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийг нэмэхгүй гэсэн захирамж гаргасан юм. Одоо судлаад үзэхээр 2002 оноос хойш ямар нэгэн бар нэмэгдээгүй байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж