АТГ-аас Гэрлэх ёслолын ордны даргыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

АТГ-аас Гэрлэх ёслолын ордны даргыг шалгаж байна

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлсэн байна.  Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын шатанд яваа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Энэ хэргийн талаар гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгээс тодрууллаа.  

-Таныг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Энэ талаар?

-Манайх “Кодак дурсамж” гэдэг хувийн гэрэл зургийн газартай гэрээгээр хамтран ажилладаг байсан юм. Гэтэл зурагчин н.Сүх-Очир гэгч залууг ажлын байранд архидан согтуурсан болохоор нь бид хамтран ажиллахаас татгалзсан юм. Тэгээд ч манайх улсын компанитай хамтран ажиллахаар болсон.  Тэр залуу үүнд хар санаж намайг АТГ-т шалгуулахаар хандсан юм билээ.

-Албаны 23 сая орчим төгрөгийг завшсан гэсэн гомдлын тухайд?

-30×40 хэмжээтэй гэрэл зурагнаас гарсан ашгийг намайг хувьдаа авсан гээд байгаа юм. Тэр мөнгийг бид ажилчдынхаа нийгмийн асуудалд зарцуулсан. Бүх баримт нь байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж