Ли На Cинcинатийн тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Ли На Cинcинатийн тэмцээнд түрүүлэв

WTA холбооны Синсинатийн тэмцээнд Хятадын тэргүүн теннисчин Ли На түрүүлжээ. Тэрбээр шигшээ тоглолтод тус тэмцээнд тавдугаарт эрэмбэлэгдэн тоглосон Германы Анжилья Кербертэй өрсөлдсөн юм. Кербер тоглолтын эхний үеийг 6:1-ийн харьцаатай тэргүүлсэн ч удаахь хоёр сэтэд Ли На 6:3, 6:1-ээр илүүрхэж, ялалт байгуулсан байна. Тэрбээр энэхүү тэмцээнд түрүүлснээр чансааны 900 оноо хүртэж, 385 мянган ам.долларын шагнал хүртжээ.

Ли На шигшээд шалгарахдаа тус тэмцээний нэгд эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньскаг 6:1, 6:1-ээр, АНУ-ын Венус Уильямсыг 7:5, 3:6, 6:1-ээр, харин тус тэмцээний дөрөвт эрэмбэлэгдсэн Керберийн хувьд Лондонгийн олимпийн аварга АНУ-ын Серена Уильямсыг 6:4, 6:4-өөр, Чехийн Петра Квитоваг (5) 6:1, 2:6, 6:4-өөр буулган авч шигшээд шалгарсан байна.  Өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээний аварга Ли На “Их дуулга”-ын өмнөх гурван цувралд дөрөвдүгээр тойргоос хэтрэлгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын тоглолтод ч нэгдүгээр тойргийг давж чадаагүй юм. Цинциннатийн тэмцээнд WTA-ын чансааг тэргүүлж буй Беларусийн Виктория Азаренка, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүдээс бусад нь оролцсон байна.  

Синсиннатийн тэмцээний  эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт мөн өчигдөр болж, дэлхийн тэргүүн теннисчин Швейцарийн Рожер Федерер Сербийн Новак Жоковичийг  6:0, 7:6-аар буулган авсан байна. Федерер тус тэмцээнд түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж, 535 мянган ам.долларын шагналын хүртжээ. Сербийн Жокович хагас шигшээд Хуан Мартин дэль Потротой таарч 6:3, 6:2-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Жокович Лондонгийн олимпийн их наадмын хүрэл медалийн төлөө Потротой тоглоход 5:7, 4:6-аар ялагдаж Бээжингийн наадмын хүрэл медалиа ихэрлүүлж чадаагүй билээ. Лондонгийн олимпийн аварга, өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Их Британийн Энди Муррей тэмцээний наймны нэг шигшээд Францын теннисчинд ялагдал хүлээжээ.

“Их дуулга”-ын 17 түрүүт, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, өдгөө ATP-ийн чансааг тэргүүлж буй Швейцарийн Рожер Федерер тус тэмцээнд 2005, 2007, 2009, 2010 онд түрүүлж байжээ.

Дашрамд дуулгахад, оны дөрөв дэх “Их дуулга” буюу Америкийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-нд эхэлнэ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж