УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сурталчилгааны явцад хууль зөрчсөн байна гэж Хан-Уул дүүргийн шүүхээс тогтоогоод байсан ч үүнийг дээрх нэр дэвшигчид эсэргүүцэн давж заалдсан юм. Улмаар давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.
Сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр эл шийдвэр гарсан бөгөөд уг асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх онцгой ажиллагааны журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хан-Уул дүүргийн шүүхийн дээрх шийдвэртэй холбоотойгоор Н.Төмөрхүү, С.Чинзориг гомдол гаргаж, маргааныг Хан-Уул дүүргийн шүүхээр болон онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэн давж заалдсан. Өнөөдөр нийслэлийн шүүхэд болсон давж заалдах шатны шүүх хурлаар Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хууль зөрчсөн эсэх асуудлыг харьяаллын дагуу хэлэлцээгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, маргааныг хан-Уул дүүргийн шүүхээр бус Өвөрхангай аймгийн шүүхээр шийдвэрлэх ёстой байсан гэж нийслэлийн шүүх шийдвэрлэлээ. Мөн онцгой ажиллагааны журмаар эл маргааныг хэлэлцэн шийдвэрлэснийг буруутгасан байна. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн шүүхээс өмнө гарсан шийдвэр хүчингүй болж байгаа аж. Гэхдээ энэ нь Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчөөгүй гэж тогтоосон хэрэг биш юм. Тэдгээр нэр дэвшигчдийн хууль зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн шүүхээр хэлэлцэх ёстой гэж Нийслэлийн шүүхээс шийдвэрлэсэн байна.
Өмнө гарсан Хан-Уул дүргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр гишүүнийг үнэмлэхийг хурааж авахыг 10 дугаар тойргийн хороонд даалгаад байсан юм.
Д.ЖАРГАЛ