Discover Mongolia-арван жилийн алтан замналтай

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Discover Mongolia-арван жилийн алтан замналтай

Хэдхэн хоногийн дараа дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхай, банк, санхүүгийн “акул”-ууд Монгол улсыг зорин ирнэ. Тэр тусмаа энэ жил “Дисковер Монгол” хөрөнгө оруулагчдын Чуулга уулзалт арав дахь намартайгаа золгож буй болохоор  урьд урьдынхаасаа ч  жин дарсан, онцгой содон үйл явдлаар дүүрэн байх биз ээ.

Арван жил гэдэг бага биш хугацаа.  Уул уурхайн салбарыг хөгжил талаас нь харвал энэ хугацаанд асар их зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжиж дэвшжээ. Тухайн үед уул уурхайн салбарын хэтийн хөгжлийг урьдчилан харсан, дэвшилтэт сэтгэлгээтэй сэхээтнүүд Торонто хотноо болдог дэлхийн хэмжээний хурлаас санаа сэдэл авч, Монголдоо нутагшуулсан нь үнэхээр цаг үеэ олсон алхам байлаа. 

Гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгч  “Дисковер Монгол”-гийн анхны хуралд оролцож байсан бол өдгөө энэ тоо арав дахин нэмэгдэж. Энэ бол   Монголын уул уурхайн салбарыг сонирхож ирдэг төлөөлөгчдийн тоон үзүүлэлт. Тэгвэл үүнээс ч илүү, Монголд буй болсон асар том үзэгдэл бол  гадаадын хөрөнгө оруулагчдын бодит урсгал  юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэхээр хамгийн түрүүнд Монгол улс хаана байдаг тухай эхлээд тайлбарлах хэрэгтэй болдог байсан үе бий. Тэр үед манай уул уурхайн салбарынхан  хөрөнгө оруулагчдад эх орноо таниулах ажил асар хүнд, их ч олон давааг туулсан байдаг. Бүр Тавантолгой ордод хөрөнгө оруулаач гэж хятадуудад “царай алдаж” явсан удаатай. 

Дэлхийн хэмжээний ВHP компани Оюутолгой ордоос юм олдохгүй нь гээд гарч явахад араас нь асар олон хөрөнгө оруулагч Монголыг орхин явж билээ.  Энэ эгзэгтэй цаг үед   уул уурхайн салбарыг дэлхийн хэмжээнд сурталчлахаас гадна,  энэ салбарт бизнес эрхэлдэг хүмүүсийг хооронд нь уулзуулан, хэрэгжүүлж чадсан туршлага, тулгарч буй бэрхшээлийнхээ талаар илэн далангүй хэлэлцүүлэх талбар болж чадсан юм,  “Дисковер Монгол” чуулга уулзалт.

Анхны чуулга уулзалтыг зохион байгуулах  тэр үед дэлхийн зах зээл дээр металын үнэ сэргэж, Оюутолгой орд нээгдсэн  нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  Монголыг зорьж ирэхэд түлхэц болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
 “Өнөөдөр Монголын гадаад худалдааг нуруундаа авч явж байгаа ганц салбар бол уул уурхайн. Зөвхөн сүүлийн гурван жилд уул уурхайн 45 үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Тухайлбал, 2009 онд 14 уурхай, 2012 онд 12 уурхай, 2011 онд 14 уурхай ашиглалтад оржээ. “Дисковер Монгол” чуулга уулзалт  нь уул уурхайн хөрөнгө оруулалтыг арван жил дуудсаны хүчинд ийм амжилтад хүрсэн юм шүү” хэмээн Монгол улсын анхны Ерөнхийлөгч, Чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга П.Очирбат  хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 “Дисковер Монгол 2012” ээлжит чуулга уулзалт энэ наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд нээгдэх гэж байна.  Хуралдааны үеэр “Засгийн газрын цаг” уламжлал ёсоор зохион байгуулагдах ба түүнд шинэ Засгийн газрын уул уурхайн бодлогын талаар албаны хүмүүс дэлгэрэнгүй тайлбарлах юм. Энэ жилийн Чуулганы хөтөлбөртэй танилцахыг хүсвэл www.discovermongoliaforum.com сайтаас мэдээлэл авах боломжтой.

Уул уурхайн салбар дээр голлож тулгуурласан эдийн засаг маань үсрэнгүй хөгжинө гэсэн өөдрөг төсөөллийг  дотоод, гадаадын олон байгууллага, судлаачид хэлж байгаа. 2020 он хүртэлх хугацаанд манай улсын эдийн засаг 14-15 хувиар өсч, ДНБ-ий хэмжээ Малайз, Индонез, Тайванийн түвшинд хүрч очих боломжтой гэдэг. 2020 онд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар болж, 2021 он гэхэд улсын ДНБ-ий хэмжээ 41 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөллийг  мэргэжилтнүүд гаргаад байгаа.

2016 он гэхэд Монгол улсын уул уурхайн салбарт эргэлт гарна гэсэн тооцоо, судалгаа бас бий. Зөвхөн  зэс олборлолтын хэмжээ жилд 36 мянган  тоннд хүрэх бөгөөд үүнийг 2005 оныхтой харьцуулахад үлэмж хэмжээний өсөлт гэж хөрөнгө оруулагчид мэдэгддэг. Одоогоор  хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхож, хөрөнгө оруулж байгаа ашигт малтмал бол нүүрс. 2010 онд манай улс 2009 онтой харьцуулахад 2,5 дахин их нүүрс экспортложээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэж, 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 онд 100 сая тонн нүүрс экспортлох боломж бий. Эдийн засагт маань шинэ боломжууд буй болох цөөн хэдэн жишээ дурьдахад ийм байна.

Жил жилийн “Дисковер Монгол” чуулга уулзалт нэг талаасаа уул уурхайн салбарыг хөгжил дэвшил рүү уриалан хөтөлж ирсний зэрэгцээ нөгөө талдаа тэрхүү хөгжлийн чиг баримжаанд тулгуурлан  жил болгон шинэ агуулгаар баяжигдаж, өмнөхөөсөө аль болох ялгарч онцгойрохыг зорьж иржээ.   
 
“Дисковер Монгол” чуулга уулзалтын үеэр тавигддаг гадаад, дотоодын нэр хүндтэй төлөөлөгчдийн илтгэлүүд ч жил ирэх бүр чанаржиж байна.    

Анхны “Дисковер Монгол” чуулган эхний жилүүдэд ордын хайгуулын төсөлд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилготой  илтгэлүүд түлхүү тавигдаж байж.  Яваандаа хайгуулын чиглэлийн илтгэлүүд багассаар, өнөөдөр илүү бодлогын чанартай, бүс нутаг болоод олон улсын хэмжээний илтгэлүүд давамгайлах болов.  Дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байгаа энэ цагт олон улсын хэмжээнд тавигдаж байгаа компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдлын санаачлага зэрэг асуудлуудыг түлхүү хэлэлцэх шаардлагатай болсон гэдгийг чуулга уулзалтыг зохион байгуулагчид тэмдэглэдэг. 

“Дисковер Монгол” чуулга уулзалтын хамгийн чухал хэсэг бол “Засгийн газрын цаг”.   2007 онд шинээр “Засгийн газрын цаг” гэсэн хэсгийг хөтөлбөрт нэмж оруулсан бөгөөд тухайн үед  анх Монголын түүхэн дэх уул уурхайн хамгийн том хамтарсан төсөл- Оюутолгойн зэс, алтны төсөл болон Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл тойрсон асуудлыг хөндөн ярилцаж байв. Түүнээс хойш уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин гээд маш олон сэдвийг хөндөж ярилцсан байдаг.  Чуулга уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс “Засгийн газрын цаг” нь бодлого боловсруулан хэрэгжүүлж буй, нөгөө талаас тэрхүү бодлогод захирагдаж явдаг хоёр хэсгийг уулзуулж, асуудлыг илэн далангүй ярилцаж, ойлголцох гүүр   байлгахыг зорьж ажилласаар иржээ.

“Дисковер Монгол” чуулга уулзалт жил бүр шинэ уриа дэвшүүлж, түүнийхээ хүрээнд чуулга уулзалтаа зохион байгуулдаг. Тухайлбал 2011  оны чуулганы гол уриа нь  “Эрдэс баялгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа” байв. Урьд өмнөх хурлуудаар гадныханд Монголд аль болох хөрөнгө оруулахыг уриалдаг байсан бол 2011 оны чуулганд  тэрхүү хөрөнгө оруулалтын урсгалыг илүү оновчтой, өндөр үр ашигтай, аль аль талдаа харилцан ашигтай байх зарчмыг түлхүү хөндсөн.

Тиймээс ч МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба “2011 оны чуулган эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, хайгуул олборлолтын шинэ төслүүд, эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв байдал, орон нутгийн харилцаа ба тогтвортой хөгжил гэх мэт багц сэдвүүдийг хөндсөнөөрөө илүү далайцтай боллоо. Энэ бол Монголын уул уурхайн салбар хөлөө олж эхэлсний шинж” хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл 2012 оны “Дисковер Монгол” чуулга уулзалтын уриа нь “Хайгуул олборлолтоос боловсруулалтад дэвшиж шилжье”. Монголд хайгуул хийж орд газар илрүүллээ ч их л сайндаа баяжмалын хэмжээнд хүргэх байдлаар ашиглаж байгаа. Тиймээс ашигт малтмалын түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, салбарын хэмжээнд шинэ дэвшил өөд хамтдаа  зүтгэхийг “Дисковер Монгол-2012” уриалж байна.   
                                                                                                                 Г.Идэр                                                                                                           

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
 

                                                                                                 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж