Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-ны орой 22.00 цагаас эхлэн хааж, зам засварын ажлыг эхлүүлээд байсан билээ. Жолоочдын хувьд там болоод байсан уг замыг хуулан, шинэчлэн тавьж өчигдөр нээлээ. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон-Чулуун овоо-Троллейбусны эцсийн буудал хүртэл 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь дээрх 0.4 км замын ажил аж. Цаашид Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлийн ажил хийх юм байна.
Сонирхуулахад, энэ замд 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй байсан юм. Тиймээс энэ удаад уг замыг бүрэн шинэчлэх аж. Замын ажил ирэх 2013 оны наймдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ замыг хэсэгчлэн хааж, шат дараатай засварлах юм. Зам барилгын ажлыг өвлийн улиралд түр зогсооно хэмээн Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
А.Зул