Орон сууцны хөтөлбөрт хөг хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Орон сууцны хөтөлбөрт хөг хэрэгтэй байна

МҮЭ-ийн соёлын ордонд болсон "Шинэ орон сууц 2012" үзэсгэлэн, өргөтгөсөн худалдааг сонирхохоор очлоо. Санасныг бодвол цөөхөн хүн цугларсан байв. Уг арга хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани, өөрсдийн барьж байгуулж буй 50-иад барилга, байгууламжийг худалдаж, борлуулахаар дор бүрнээ сурталчилж байлаа. Хэдий тийм ч газар дээрээс нь орон сууц худалдан авч буй хүн бараг харагдсангүй. Хий дэмий л үнийг нь сонирхох аж.  Орон сууцны үнэ өнөө жил хэд дахин нэмэгдсэн. Жилийн өмнөөс 30 хувь буюу нэг м.кв тутамд 500.000-700.000 төгрөгөөр орон сууцны үнэ нэмэгдсэн нь худалдан авагчдын урмыг хугалж байгаа нь илт. Иймээс орон сууцны үнэ, байршлыг тандаж мэдэх гэсэн сонирхогчид үзэж тайлбар, таниулга авах төдий л үйлчилгээ авч байв.

Урьдах хамтарсан Засгийн газрын үед дэвшүүлсэн энэ хөтөлбөр анх 4000, дараа нь 40 мянга, өдгөө 100 мянган айлын орон сууц хөтөлбөр болон өргөжсөн. Гэхдээ хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч уг хөтөлбөр бүрэн биелж ард түмэнд хүрч байна уу гэвэл үгүй аж. Учир нь одоо хэрэгжиж байгаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр нь нэлээдгүй гацаанд орчихоод байгаа нь орон сууц худалдан авагчдын урмыг хугалаад буй билээ.

Тухайлбал, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс өнөөгийн байдлаар бичиг баримтыг нь бүрдүүлсэн "хишиг" хүртэх нигууртай 300-гаад айл өрх байгаа юмсанж. Юунаас хамааралтай болоод ийм цөөхөн өрх хамрагдаж байна вэ. Байр сууц худалдаж авах бэл бэнчинтэй хүмүүс цөөн, ард олон нь ядуу, төрд нь мөнгө алга "шалдан" байна. Уул нь хэдэн бор юмтай байх бололцоо энэ төрд байсан. Сонгуулийн шоу бас дахин сонгогдохоо бодоод салхинд ор мөргүй хийсгэсэн билээ. Орон сууц авах хүсэлтэй иргэдэд нэр бүхий банкууд зээл өгөхөө мэдэгдсэн боловч барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь орон сууц авах хүмүүст хүндрэл учруулж байна.

Урьд жилүүдэд өрхийн орлого нь сард 700-750 мянган төгрөг байхад орон сууцны зээлэнд хамрагдах бололцоотой байсан бол одоо сарын саяас дээш төгрөгний орлоготой байх нөхцлийг шаардаж буй аж. Хотын төвийн орон сууцны үнэ захын гэр хорооллын орон сууцны үнээс 60-100 хувь илүү үнэтэй байна. Үүнийг нэг эмэгтэй: "Хүмүүс захаас хот руу орох унааны түгжрэлээс шалтгаалж хотын төвд суух сонирхол ихтэй болж байна" гэж зурагтаар тайлбарлаж байна билээ. Энэ бол гол шалтгаан биш дагалдах шалтгаан. Хотын А бүсийн байршлын газрыг газрын наймаачид их хэмжээний мөнгөөр зардаг тул орон сууцны барилгын үнэд дээрх мөнгө шингэдэг нь нууц биш.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг албан байгууллагын газрын хэрүүл дээрх маргаанаас эхтэй. Тодруулбал газрын мэдэл бүхий их бага албан тушаалтанд тодорхой хэмжээний авлига өгдөгтэй холбоотой гэж энгийн иргэд ярилцдаг нь үнэний ортой байх. Ер нь барилгын үнэ өсөж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй аж.

Барилгын материалын үйлдвэрлэл өнөөгийн манай барилгын үнэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа. Цементийг зөвхөн Дархан, Хөтөлд, төмрийн бэлдэцийг мөн
Дарханд хийж байгаа ч улсын барилгын хэрэгцээний 40 гаруй хувийг хангадаг байна. Үлдсэн хэсгийг хямд төсрийг харгалзан чанаргүй материал орлуулах явдал ихээхэн газар авчээ.

Барилгын дүүргэгч материалын үйлдвэрлэл сул хөгжсөн тул үнийн өсөлтөд ч онцгой нөлөөлж байна. Дээл, гутал хийх гэж байгаа хүн хамгийн түрүүнд орох материалаа тооцож авдаг даа. Даавуу товч дутвал энэ ажил зогсоно, үүнтэй агаар нэгэн. Барилгын үндсэн материал хагас дутуу хангалттайгаас гадна дотор тохижуулалтад ордог хаалга цонхоос эхлээд ханын обойг хүртэл гаднаас оруулж ирдэг нь ч үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг.

Шатахууны үнийн өсөлт барилгын салбарт үнийн савлагааг үүсгэж байна. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц муу байгаа нь барилга барих хугацаа ихсэж улмаар барилгын өртөг зардлыг нэмэгдүүлдэг гэх. Нөгөө талаар мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд улсаас анхаарах цаг болсон. Одоо манайд барилгын мэргэжилтэй ажилтан ажилчин бэлтгэх хоёр дээд сургууль, найман коллеж, 30-аад үйлдвэрлэл сургалтын төвүүд жилдээ 3000 шахам мэргэжилтэнг бэлтгэн сургадаг нь барилгын салбарт шаардагдах ажиллах хүчний арав хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь цаашид мэргэжлийн ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах цаг болсныг харуулж буй юм.

Үзэсгэлэнгийн үеэр гарсан бас нэг чухал санаа нь барилгын цэргийн анги салбар байгуулахын сацуу хоригдлуудыг зүгээр тэжээж байхын оронд барилгын ажилд татан оролцуулахад буруудах юмгүй гэж хэлсэн нь бас л бодууштай санал байлаа. Хөдөө орон нутагт ажилгүйдэл их байгаа энэ үед барилгын цэргийг 2-3 жил болгон мэргэжил эзэмшүүлэн ажлын хөлсийг нь хадгалж байгаад халагдах үед нь гар дээр нь бэлнээр олговол амьдрал ахуйд нь мөн хэрэгтэйсэн.

Одоогоор улсын хэмжээнд газар олгогдсон, зураг төсөл нь гарсан 300 гаруй компанийн 140 гаруй мянган айлын орон сууц байгаа гэнэ. Эдгээрээс 80 орчим компанийнх нь ажил эхэлжээ. Эдгээр компанийн орон сууцнаас захиалах тохиолдолд зургаан хувийн хүүтэй зээл авах бүрэн боломжтой аж. Шалгарсан компаниуд байшингаа бариад 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй болсон хойноо иргэдээс захиалга авах ёстой гэсэн шаардлагыг салбарын яамны зүгээс тавьжээ.

Өдгөө Улаанбаатар хотод 250 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг аж. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэх үе шатыг 2010-2012, 2012-2016 он гэж хуваажээ. Хэрэв та орон сууц авахаар зорьж байгаа бол доорхи нөхцлүүдээс аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж байна.

I нөхцөл – Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 100 мянган айлын орон сууцны зээл авах гэж байгаа бол: Урьдчилгаа 10 хувийг төлөөд 50 сая хүртлэх төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй 1-20 жил хүртэлх хугацаатай зээлэнд хамрагдах боломжийг танд олгож байна.

II нөхцөл – Хэрэв та төрийн албан хаагч бол зээлийн эрхээ авснаар Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ОССК-ийн жилийн найман хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авах боломжтой.

III нөхцөл
– Урьдчилгаа 30-40 хувийг төлөөд 1,45 хувийн хүүтэй, 40-өөс дээш хувийг төлөөд 1,4 хувийн хүүтэй, Монголын хамгийн ууган банк болох Худалдаа хөгжлийн банкны 1-15 жил хүртэлх хугацаатай зээлэнд хамрагдах боломжтой.

IV нөхцөл
(Та бэлнээр төлөх бол) – Урьдчилгаа 20-30 хувийг төлөөд гэрээ байгуулан ашиглалтад орох хугацаанд графикийн дагуу төлөх боломжтой. Харин автомашины дулаан граж 10 сая төгрөг байдаг ажээ.

Б.ЖАМБАЛСҮРЭН

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж