Хятадын “Алиминум” Корпораци “Саусгоби Ресурс” компанийг 925 сая канад доллараар худалдан авах саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан билээ. “Монголын Засгийн газар энэ наймаанд хориг тавьж магадгүй гэсэн болгоомжлолын үндсэн дээр “Чалко” худалдан авах саналаа татаж магадгүй байгаа” гэж “Саусгоби Ресурс” мэдэгдлээ.
“Монголын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тодорхойгүй байгаа болохоор Хятадын Алиминум Корпорацын хувьд өөрийн саналаа цааш ахиулан гүйцэтгэх арга зам нь тодорхойгүй байгаа” гэж СаусГоби-гийн Гүйцэтгэх захирал Алекс Молиню утсаар өгсөн ярилцлагадаа хэллээ. “Чалко-той дорвитой яриа өрнүүлэлгүй сар гаруй боллоо” гэж тэрбээр нэмж хэлэв.
Монголын парламент өнгөрсөн тавдугаар сард гадаадын төрийн өмчит компани Монголын уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгжийн дийлэнх хувьцааг авахыг хориглосон хууль гаргаснаас хойш уг Чалко-гийн хэлцэл улс төрийн гацаанд ороод байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сард Чалко Саусгоби-гийн нэгж хувьцааг 8.48 канад доллараар авах саналыг Айвенхоу Майнз-д тавьсан. Харин одоо Саусгоби-гийн хувьцаа санал тавих үед байсан үнээсээ хоёр дахин хямдаар арилжаалагдаж байна.
Наймдугаар сарын 2-нд Чалко болон Айвенхоу саналаа есдүгээр сарын 2 хүртэл сунгахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч Хятадын тал Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр худалдан авахгүй гэж аль дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ.
“Ямар нэгэн байдлаар асуудлыг шийдэхийн тулд саналаа сунгасан гэдэгт би баттай итгэж байна” гэж Молиню хэвлэл мэдээллийнхэн, мэргэжлийн шинжээчид болон хөрөнгө оруулагчдад утсаар өгсөн ярилцлагадаа дурджээ. Чалко корпорацийн Хөрөнгө оруулагчдын харилцаа хариуцсан ажилтан Шэн Хуй-тэй холбогдон тодруулга авах гэсэн боловч Бээжин дэх ажлын өрөөний утсаа авсангүй.
Монголын Парламентын албан ёсны цахим хуудсанд “стратегийн ордын 49-өөс дээш хувийг эзэмшихийг хүсч буй гадаадын компаниуд Парламентаас заавал зөвшөөрөл авсан байх ёстой” гэсэн мэдэгдлийг өнгөрсөн тавдугаар сард нийтэлжээ. Ингэснээр Монгол Улс Индонез, Аргентин зэрэг эдийн засгийн ирээдүйгээ хамгаалах гэсэн улсын нэг болж байгаа юм.
Монголын шинээр сонгогдсон Парламентын гишүүд сонгуулийн дүн гарснаас долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 6-нд тангаргаа өргөн УИХ-ын анхдугаар чуулганаа хийгээд байгаа.
Ванкүвэрт байрлах Саусгоби-гийн мэдэгдэж буйгаар үйлчлүүлэгчдийн захиалга эрс буурсан учир уг компанийн энэ хоёрдугаар улирлын ашиг 99 хувиар буурсан байна. Компанийн олборлох үйл ажиллагаа зургадугаар сарын 30-наас хойш бүрэн зогсоод байна. “Чалко-гийн тавьсан саналаас болж манай компанийн үйл ажиллагаа тогтвортой явах эсэх тодорхойгүй болсон тул борлуулалт буурлаа” гэж ХонгКонгийн хөрөнгийн биржид өгсөн мэдэгдэлдээ Саусгоби дурджээ.
Саусгобигийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр өчигдөр (наймдугаар сарын 13-ний байдлаар) 3.70 канад доллар байсан бол ХонгКонгийн бирж дээр өнөөдрийн (наймдугаар сарын 14-ний байдлаар) 10.50 цагийн байдлаар 2.9 хувь унаж 30.20 ХонгКонг долларын үнэтэй арилжаалагдаж байна.