Тийм ээ, энэ шоуг зорин ирсэн залуус цав цагаан гоёлоо гайхуулан нүд гялбуулан байлаа. Зуны цагт зохион байгуулдаг болоод ч тэр үү “Мишээл экспо”-г зорин ирсэн залуус зуны шөнийн тэнгэрт хаялах цасан ширхэг шиг л содон байлаа. Цав цагаан малгай, ороолт, зүүлт, бөгж, даашинз, бээлий, өмд, юбка, гутал нь хүртэл цагаанаар ижилссэн залуус гоё харагдуулж байсан. Энгийн гэхээсээ илүүтэй чамирхсан, тэр бүү хэл зөвхөн энэ л шоунд зориулан оёсон цав цагаан монгол бөхийн өмсгөлөөр хүртэл гоён ирсэн нь өвөрмөц харагдсан шүү.
Цав цагаан шоу ид дундаа иргэлжилж байтал хар хувцастай эрхмүүд зочлов. Шөнийн 00.00 цаг хэдийнэ өнгөрсөн тул ийнхүү цагдаагийнхан “Silence white” шоуг тараахаар орж ирэн бүжгийн талбайг бүслэн хөгжим зогсоосон ч их хотын залуус жилдээ ганц цуглардаг цагаан гоёлоо тийм ч эрт тайлахыг хүссэнгүй. Бүтэн жил догдлон хүлээдэг шоу цааш үргэлжлэн цагаан гоёлтнууд ялж, үүр цайтал транс, электро хөгжмөөр амьсглан, эрх чөлөөгөө мэдэрсэн.
Шоуны дундуур залуусыг хөгжөөхөөр олон үзүүлбэрүүд тайзнаа амилсан юм. Тайзнаа цам харайн, транс бүжгийн хамтлаг цав цагаанаар гоён гарч ирж бүжгийн хэмнэлд залуусыг байлдан дагуулсан юм. Тэр ч бүү хэл транс, электро бүжиглэдэг тахь хүртэл залуустай хөгжмийн хэмнэл дор хөл нийлүүлэн бүжиглэлээ.
“Silence white” шоуг зорин 120 мянгат “Мишээл экспо” төвийг чиглэсэн зам шөнийн 23.00 цаг өнгөрч байхад бөглөрч, замын түгжрэл үүсгэсэн юм. Авто машины бөглөрөлтэй зэрэгцэн “Silence white” шоу руу нэвтрэхийг хүссэн залуусын түгжрэл ч “Мишээл экспо” төвийн гол хаалгыг даран хамгаалалтын ажилтнууд нэг эгнээгээр жагсахыг хүсч, арга буюу хаалгаа хаахад хүргэсэн юм. Цаг цагтаа ирсэн цагаан гоёлтнууд хэдийнэ дотор шоугаа эхлүүлсэн бол харин өнөөх л цаг барьдаггүй зангаараа хоцорч ирсэн зочид их л уурлангуй зохион байгуулалт муутай байна хэмээн гомдоллож байгаа харагдсан шүү. Гэхдээ энэ жил өмнөх жилийнхээс олон залуус цав цагаан шоуг зорин ирсэн нь ийнхүү 3000 гаруй хүний багтаамжтай “Мишээл экспо”-д багтаагүй хэрэг. Харин сураг дуулах нь ээ, өнөөх цагаанаар гоёсон залуус эргэн хотын төв рүү түгжрэл үүсгэсээр “iLoft”, “Brix” “Max” шөнийн клубт цагаан давалгаа үүсгэсэн гэнэ лээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү