Ж.Ассанж оргож чаддаггүй оргодол

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Ж.Ассанж оргож чаддаггүй оргодол

Өнгөрсөн долоо хоногт Эквадорын эрх баригчид WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгох болсноо мэдэгдэв. Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд өнгөрсөн зургадугаар сарын 19-нөөс хойш орогнож буй Ж.Ассанжийн хувьд энэ нь ялалт мэт харагдаж байгаа боловч хэрэг дээрээ түүний хүрсэн үр дүн бол хоёр улсын хоорондох дипломат зөрчлөөс өөр юу ч биш юм. Тэгээд ч Их Британи улс түүнийг хилээрээ гаргаж Эквадорт очуулахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Шведэд үйлдсэн гэх хүчингийн хэрэгт нь яллуулахын тулд түүнийг тус улсад хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн Английн шүүхийн эсрэг зүйл бүрээр заргалдаад ялагдаж аргаа барсан Ж.Ассанж Эквадор улсаас орогнол хүсч Лондон дахь ЭСЯ-нд нь очсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Швед улс түүнийг авах гээд байгаа нь үнэндээ бол АНУ-д барьж өгөх гэсэн санаа хэмээн тэрбээр үзэж буй тул эцсийн дүндээ стандарт бус ийм арга хэрэглэхээр шийджээ. Эквадорын эрх баригчид орогнол олгох эсэхээ нэн даруй шийдвэрлэнэ гэж байсан боловч нөхцөл байдал хэрэг дээрээ хавьгүй нарийн төвөгтэй болохыг ойлгоод тодорхой хугацаа хэлэлгүй өдий хүрсэн юм.

Олимпийн наадам хаяанд ирчихсэн, зохион байгуулагч нь Их Британи байсныг ч хэлэх үү. Үгээ үнэд хүргэхийн тулд эквадорчууд Лондон, Вашингтоныг гонсойлгосон шийдвэр гаргахгүй гэдгээ ойлгуулахыг зүйл бүрээр хичээж байсан юм. Гэхдээ Ж.Ассанжын ч, нөгөө талын ч үндэслэлийг нухацтай авч үзнэ хэмээн тэд мэдэгдэхийн хамт Эквадор бол тусгаар тогтносон улс тул бие даасан шийдвэр л гаргана гэдгээ удаа дараа хэлж байв. Албан ёсны түвшинд тэд байр сууриа иймэрхүү байдлаар илэрхийлж байсан хэдий ч арай энгийн түвшинд бол хэнд нь арай талтай байгаагаа шулуухан хэлж байсан явдал цөөнгүй. Долдугаар сарын 5-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Эквадорын ГХ-ийн сайд Рикардо Патиньо Ж.Ассанжид тулгасан ялыг “утгагүй” гээд, хэрэг үүсгэсэн шалтгааныг нь “урагдсан бэлгэвч” гэж “туусан” юм. Мөн Эквадор улс Ж.Ассанжийг ЭСЯ-ны байранд байцаахыг санал болгож, үүнийгээ Ж.Ассанжийн аюулгүй байдлыг бодолцсон хэрэг хэмээн тайлбарласан бөгөөд Стокгольм татгалзсан хариу өгсөн нь мэдээж. Найман сар гарахад Ж.Ассанжийг тойрсон асуудалд хэвлэлүүд улам бүр анхаарч эхлэв. Эквадорын зарим түшмэл түүнийг хэрхэх асуудал өнөө маргаашгүй тодорхой болно хэмээж байсан бол 14-ний өдөр Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэхдээ “Шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана” гэжээ. Маргааш нь Английн “The Guardian” сонин эквадорчуудыг Ж.Ассанжийн талд хэдийнэ шийдвэрээ гаргасан хэмээн бичсэн боловч албаны хүмүүс энэ мэдээг няцаагаад, хугацааг 16-ны өдөр хэмээн зарласан билээ. Харин  Их Британи хүлээж тэссэнгүй. 15-ны өдөр ГХЯ Ж.Ассанжийг гаргаж өгөхгүй бол ЭСЯ-ных нь халдашгүй байдлыг цуцална хэмээн Эквадорын эрх баригчдад хандсан төдийгүй яамны байшинг цагдаагийнхнаар бүслүүлсэн билээ. Тэгвэл маргааш нь Эквадор Ж.Ассанжид орогнол олгохоо мэдэгдсэн юм. Ж.Ассанжийг АНУ-д өгөхгүй гэсэн баталгааг Лондон, Стокгольмоос авч чадаагүй учраас ийм шийдвэр гаргасан хэмээн сайд Рикардо Патиньо тайлбарласан билээ. Мөн Шведэд Ж.Ассанжийг шударгаар шүүж чадахгүй гэж үзсэнээ тэрбээр мөн илэрхийлсэн юм. Их Британи, Швед хоёр ч нэн даруй хариугаа барив. Эквадорын шийдвэр ямар ч байсан,  Ж.Ассанжийг Шведэд өгөхдөө л өгнө гэдгээ Британийн ГХ-ийн сайд мэдэгдэв. ЭСЯ-ыг дайрах гэсэн явдал байхгүй хэмээн тэрбээр хэлсэн боловч цагдаагийнхны бүслэлтийг хэзээ буулгах нь тодорхойгүй гэдгийг ойлгуулав. Тэгвэл Швед улс Эквадорын Элчин сайдыг дуудаж, Ассанжийг шүүхийг яагаад шударга бус гэж үзэж байгаагаа тайлбарлахыг шаарджээ. Харин Лондонд шахалт үзүүлж байгаа хэмээн буруудаад буй Вашингтон,  “Ж.Ассанжийн асуудлыг  хэн нь яаж шийдэхээ өөрсдөө мэдэг” хэмээн зай барив.

Ингээд асуудал баахан мухардмал байдалд орж байна. Ж.Ассанж орогнол олж авсан хэдий ч үүнийгээ ашиглаж чадах эсэх нь туйлын эргэлзээтэй. Англи улсаас байтугай Эквадорын ЭСЯ-наас ч гарч явах бололцоо түүнд байхгүй бөгөөд гарлаа л бол баригдлаа гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд түүнийг Англиас гаргаж болох санаанд оромгүй хувилбаруудыг хэвлэлүүд дэвшүүлж эхлэв. Түүнийг Эквадорын иргэншил олгоод ЭСЯ-ны ямар нэг албан тушаалд томилох нэг боломж бий гэнэ. Эсвэл тэрбээр Эквадор улсаас НҮБ-д суух төлөөлөгч болж болох аж. Цаашилбал зүсийг нь хувиргаад ондоо хүний нэрээр гаргах, дипломат шуудангийн чингэлэгт хийж хил давуулах гэхчлэн зүйл бүрийн арга бий гэнэ. Гэхдээ эдгээр аргын аль нь ч бүтэхгүй гэдэг дээр мэргэжилтнүүд санал нийлж байна. Амьдрал дээр юу үнэн бэ гэвэл Их Британи, Эквадор хоёр улсын хооронд үр дүнгүй бөгөөд хэзээ дуусах нь мэдэгдэхгүй толхилцол үргэлжлэх нь л үнэн болоод байна.

Б.АМГАЛАН

"ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж