Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Амьдралдаа
их л юм үзэж, зовлон туулсан болов уу гэмээр төрхтэй, их л ядарсан
бололтой нэгэн эмгэн автобуснаас бууж ирлээ. Тэрээр нэгэн “хүн”-ийг
зорин яваа нь тэр. Эмгэн дотроо “миний ажил бүтэх болов уу? яах бол? ,
Уг нь намайг гуйвал зөвшөөрөх л ёстой доо” хэмээн бодоод хотын төвд
байрлах өндөр байшинг чиглэн алхлаа. Гудамжинд шороо шуурч ёстой л
эмгэний хувь заяа, дотоод сэтгэлийг нь илэрхийлж буй мэт хуйлран
эргэлдэнэ. Эмгэний бууралтан цайсан санчигны үс нүднийх нь өмнүүр орж
ирэхэд тэрээр урьдын торго мэт хар үсээ, залуу насаа санахыг оролдлоо.

…Түүний
араас залуус их гүйдэг байлаа. Өөр хоорондоо өрсөлдөн түүнд тоогдох гэж
их л хичээцгээдэг байж. Харин тэдний хэн нь ч зорилгодоо хүрээгүй ба
тэрээр нэгэн хүнд өвчтэй залууд дурлан түүнтэйгээ амьдралаа холбожээ.

Бүсгүй
ч жаргал гэдгийг амсах хувьгүй байлаа. Түүний нөхөр нь нас барж, хоёр
бяцхан хүүтэйгээ л үлдэв. Амьдралын хамаг ачаа залуу бүсгүйн толгойн
дээр буулаа. Гэвч тэрээр амьдралын зовлонд бууж өгөлгүй тэмцсээр, хоёр
хүүгээ сайн “хүн” болгоно хэмээн зүтгэсээр залуу насаа баржээ.

Одоо
тэрээр алхаж яваа нь нөгөө том хүүгийнхээ ажил дээр нь очиж ганц
зүйлийг л гуйх гэсэн аж. Тэрээр урьд өмнө нь хүүгээсээ юм гуйж байгаагүй
бөгөөд эхийнхээ ачийг хариул хэмээн нэг ч удаа хэлж үзээгүй билээ.

Эмээсээр, айсаар, бас итгэл тээсээр хүүгийнхаа ажил дээр ирлээ.

Том
модон хаалганы өмнө ирээд зогслоо. Тэр хаалган дээр өөрийнх нь бяцхан
хүүдээ гурвантаа шивнэн хэлсэн хүүгийнх нь нэр тодоос тод бичээстэй
байв.

Эмгэнийг өрөөнд ороход хүү нь том хар ширээний ардаас
аажуухан босоод: -Та ирээ юу? хэмээгээд цонхруу цааш харан зогслоо. Ээж
нь ярих зүйлээ нулимстайгаа хамт урсгалаа. Тэр их урсгалыг зогсоож чадах
зүйл залуугын хэлэх үгнээс, туслах эс туслахаас хамаарах байв. “Ганц
дүүдээ туслаач”, “эхийнхээ сэтгэлийг бодооч дээ” хэмээн гуйхийг сонсох
хад чулуу ч хайлж урсамаар аж.

Харин залуу сэтгэл зүрхээ гээсэн
мэт, сонсоогүй мэт цааш харан дуугүй зогссоор. Залуу гэнэт чив чимээгүй
болсон шигээ гэнэт дуугарч : -“Би танд туслаж чадахгүй ээ!” гэв. Энэ үг
эмгэнд цаазын ял сонсгож байгаа мэт санагдлаа.

Түүний өмнө урьдын
хайрт бяцхан хүү нь биш харин шал өөр танихгүй хүн зогсож байгаа мэт.
Энэ хоолой нь бүхнээ зориулан өсгөсөн хүүгийнх нь дуу хоолойноос огт
өөрөөр сонсогдлоо.

Эмгэн уйлсаар өрөөнөөс гарахад түүний нүд
гашуун нулимсаар дүүрч юу ч харагдахаа байлаа. Харин өрөөнд үлдсэн
залуугийн нүдэнд “Хуульч” хэмээх мэргэжлийнх нь диплом өлгөсөн том
саарал хана л харагдаж байлаа.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж