Анхдугаар наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор, Хатагин Го.Аким, эрдэмтэн Д.Цогточир, яруу найрагч С.Амартайван, УИХ-ын гишүүн асан Р.Буд зэрэг уг овгоо гэсэн олон хатагинчуудын санаачилгаар анх 2009 онд Матад суманд зохион байгуулж байсан бол гутгаар наадмыг гурван жилийн дараа Сүхбаатар суманд тэмдэглэхээр болжэээ. Өнөө жилийн наадмын онцлог нь Егүзэр хутагтын музей, Хатагины хар сүлдний тахилгын өргөөний нээлтийг хийж, хөдөө орон нутагт ховор донж хийц загвартай үнэхээр сайхан өргөө болсныг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон нутгийн ардууд ам нэгтэйгээр өгүүлж байлаа. Наадмын хөтөлбөрийн дагуу Хар сүлдээ наадмын төв асарт сүлдний зайсан Н.Төртогтох нарын тэргүүтэн есөн шарга морьтон залж, улмаар Яруу найргийн баярт яруу найрагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын С.Амартайван, Н.Лутбаяр, Б.Содэрдэнэ, Дорнод аймгийн Чулуунхороотын Л.Батжаргал, Матадын яруу найрагч О.Баярбат тэргүүтэй нийт 12 яруу найрагч шүлгээ өргөж, мөн сур шагай харвааны тэмцээн зохион байгуулж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат хүрэлцэн ирсэн нь наадмын нэгэн чимэг байлаа. Уламжлал ёсоор хос морьтон шалгаруулж, хүчит 64 бөх зодоглосноос аймгийн арслан н.Батжаргал түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ. Мөн их нас, соёолон, хязаалан насны морьд уралдснаас Матад сумын Аймгийн алдарт уяач Д.Ууганбаярын саарал хязаалан хол тасархай түрүүлж, их насанд Матад сумын Аймгийн алдарт уяач Б.Цэндбаатарын хонгор, соёолонд мөн Б.Цэндбаатарын уясан хар соёолон түрүүлсэн бол Матад сумаас их насны аман хүзүүнд Матад сумын Аймгийн алдарт уяач М.Мөнхсайханы хүрэн халзан хурдалж, соёолонд Матад сумын залуу уяач Б.Өнөболдын хээр айргийн дөрөвт, Матад сумын “Буман олз” ХХК-ийн захирал Д.Цогтжаргалын хээр айргийн тавд тус тус хурдалсан байна. Үдэш нь гурван сумын залуусын цэнгүүн болж Гавьяат жүжигчин С.Батсүх, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Батболд, “Шанзны 3” хамтлагууд урлагийн тоглолтоо өргөн барилаа.
Ийнхүү Егүзэр хутагт Ж.Галсандаш, Дамдинбишрэлт хувилгаан, Хурц гүн Х.Дашням, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн тэргүүтэн ухаант номч мэргэдийн нутаг, Жанжин Дамдины Сүхбаатар, Пунцагийн Тогтох нарын хувьсгалдын голомт, Арван засгийн наадмын түрүү Гэнэн арслан,даншиг наадмын түрүү Өсөхбаяр аварга, хүчит арслан Ж.Чүлтэм, хүч бяр ихт Хувнүрэн заан, Э.Банзрагч, Б.Хайдав, Л.Дашдаваа начин зэрэг хүчтэний өлгий, Алдарт Нийгмийн хонгор, Орлой хонгор, Дүүгүүр саарал, Бүлтэн халтар, Егүзэр хээр, Урьхан зээрд зэрэг хурдан хүлгүүд босоо тэнцсэн талын гурван уулын зовлон жаргал нэгтэй Хатагин хошууны ахан дүүсийн наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.