Х.Баттулга: Бөхийн буянаар хүн шиг амьдралтай болсон

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Бөхийн буянаар хүн шиг амьдралтай болсон

“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадам өндөрлөөд удаагүй байгаа энэ үед УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд, МЖБХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат тамирчин Халтмаагийн Баттулгатай ярилцлаа. Идэр залуу насаа бөхийн спортод зориулж, самбо бөхийн дэлхийн аварга болж байсан энэ эрхэм өдгөө МЖБХ-г тэргүүлж, энэ спортын төрлөөс Монгол улсад олимп, дэлхийн аваргууд анх төрөхөд бие сэтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан юм.

ЖҮДОЧИД МААНЬ ТООЦООЛЖ БАЙСАН АМЖИЛТАД ХҮРСЭНГҮЙ


-“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцсон жүдочдынхоо амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Олимпийн наадамд оролцоно гэдэг амар зүйл биш. Гудамжинд явж байгаад, эсвэл жаахан бэлтгэл хийгээд ордоггүйг бид мэдэж байгаа. Олимпийн наадмын эрх авах шалгуур, тэр тусмаа жүдо бөхийнх их хүнд байдаг. Нэг олимпоос нөгөө олимп хүртэл олон тэмцээнд оролцож байж эрх олж авдаг. МЖБХ-ноос 2006 оноос нэлээн өөрчлөлт хийж, энэ эрчээрээ явсаар 2012 оны Лондоны олимпод есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо. Эрэгтэйчүүдийн 81, 90 кг-ын жинд эрх авахад жаахан оноо дутсан. Харамсалтай нь жүдочид маань олимпийн наадамд бидний тооцоолж байсан амжилтад хүрсэнгүй.

-Энэ олимпоос хэдэн медаль хүртэх тооцоо байсан бэ?

-Нэг алт, нэг мөнгө, нэгээс хоёр хүрэл, нийт гурваас дөрвөн медаль хүртэх тооцоо байсан. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатарыг, 100 кг-д Н.Түвшинбаярыг аваргын төлөөх, 60 кг-д Д.Төмөрхүлэгийг, 73 кг-д С.Ням-Очирыг, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэгийг, 63 кг-д Ц.Мөнхзаяаг, 78 кг-д П.Лхамдэгдийг хүрэл медалийн төлөөх барилдаанд гарч ирнэ гэж тооцож байсан. Харамсалтай нь бүгд ингэж чадсангүй. Энэ нь бидний байнга шүүмжилдэг дасгалжуулалттай холбоотой.

-Та 52 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж барилдсан М.Бундмааг дурдсангүй?

-Олимпийн өмнөхөн өвдөгний шөрмөсөө бэртээсэн. Шөрмөс бол хэцүү. Заавал хагалгаа хийж эмчилдэг. Тэмцээн эхлэх гэж байхад ийм боломж байгаагүй.

-“Бээжин-2008”-д барилдсан манай 10 жүдочийн тав нь медалийн төлөөх өрсөлдөөнд орж, нэг алтан медаль хүртсэн. Харин сая есөн жүдочийн тав нь медалийн төлөө өрсөлдөж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Хоёр олимпийн наадамд оролцсон чанарыг харьцуулж яривал?

-Бээжингийн олимпийн шалгуур арай амар, эрхийг нэг тэмцээнээс авах боломжтой байсан. Харин үүний дараа шалгуур хүндэрч, Лондоны олимпийн эрхийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Мастерс”, “Их дуулга”, Гранпри, Дэлхийн цомын цувралаас олгосон. Тиймээс сая авсан есөн эрх илүү чанартай.

-Лондоны олимпийн наадамд илүү амжилттай оролцсон гэж ойлгож болох уу?

-Болно. Тэгээд ч 2009 онд Олон улсын жүдо бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Ингэснээр харцагадах, давхар хамах, хонгодох, өмсөх, суйлах гэсэн манайхны хамгийн их хийдэг таван мэх хоригдсон. Дүрэм ийм болчихоод байхад олимпийн наадмаас медаль хүртэж байгаа нь манайхны дүрмэндээ дасан зохицдогийн жишээ. Хүмүүс “Н.Түвшинбаярын мэхийг хорьсон” гэж яриад байдаг. Ганц Н.Түвшинбаярын биш монголчуудын голчлон хийдэг мэхийг хорьсон юм.

-Ямар учраас ийм өөрчлөлт хийсэн юм бол?

-Японы жүдочид 2008 оны олимпийн наадамд амжилт муутай оролцсон. Ингээд Олон улсын жүдо бөхийн холбоог лоббидож ийм шийдвэр гаргуулсан. Гэсэн ч япончуудын амжилт дээшлээгүйг бид бүхэн сая харлаа. Эрэгтэй жүдочид нь олимпийн наадмаас анх удаа аваргагүй буцсан. Тэгэхээр япончуудын дөрвөн жилийн өмнөх муу амжилт хуучин дүрмээс шалтгаалаагүй байгаа биз дээ. Жүдо бөхийн философи жижиг биетэй, хүч багатай хүн том биетэй хүч ихтэй хүнийг ялах. Энэ арга хязгааргүй гэдэг. Гэтэл үүнийхээ эсрэг дүрэм гаргаж ирсэн.

-Олимпийн наадмын эхний өдрүүдэд манай гол найдвар болсон жүдочид медальгүй үлдсэн. Энэ үед сэтгэл санаа ямархуу байв?

-Өмнөх олимпоос анхны аваргаа төрүүлсэн болохоор түүнээс өндөр амжилт үзүүлэх шаардлага байсан. Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар амжилт үзүүлж чадаагүй. Бэлтгэл нь цөмөрчихсөн байх гэсэн дүгнэлттэй явж байсан.

-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяртай хамгийн ойр байсан хүн бол та. Мөнгөн медаль хүртсэн тэр өдрийн тухай ярихгүй юу?

-Зооны аваргын төлөө БНСУ-ын Хван Хи Тэтэй барилдсан. Хоёр минут гаруй барилдаж байгаад үүрээд суухдаа өвдгөөрөө эвгүй тулж, өрсөлдөгч нь дээрээс нь дарахад шөрмөс нь бэртсэн. Н.Түвшинбаяр тэр барилдаанаа шүд зууж дуусгасан ч дэвжээнээс бууж ирээд маш их харамсал илэрхийлсэн. Хөлний холбоос нь санжганасан байсныг боолгож, өвчин намдаах эм уугаад аваргын төлөө барилдахаар гарсан. Өвчин намдаах эм тариулах юм бол сэргээш хэрэглэсэн болчихно. Бидэнд Хван Хи Тэг ялах 90 хувийн магадлал байсан. Судалгаа явж байгаа шүү дээ.

-Н.Түвшинбаярын авар­гын төлөө барилдах эсэх нь эргэлзээтэй байхад та шийдсэн мэх хийхийг санал болгосон юм уу?

-Надад бөхчүүдэд зөвлөөд сүйд болоод байх юм байхгүй. Тамирчид том тэмцээний өмнө сандардаг, хэн нэгний зөвлөмжийг эрэлхийлдэг. Хүн тоогоод харьцах, мөрөн дээр нь алгадах зэрэгт дуртай байдаг юм. Би тиймэрхүү үйлдэл хийж байсан болохоос сүртэй зөвлөөд байхгүй ээ. Н.Түвшинбаяр ОХУ-ын Тагир Хайбуллаевтай цээж барилдаан хийх, хэвтээгээс барилдах бодолтой гарсан ч тулгуур эрхтэн гэмтсэн болохоор яаж ч болоогүй.

-Та түрүүн “Судалгаа явж байгаа” гэлээ. Гэмтээгүй бол Хайбуллаевыг ялах боломж хэр байв?

-60 хувь.

-Монголчууд юмыг болоод өнгөрсөн хойно нь нөгөө талаас нь ярих дуртай. Өдгөө “Х.Цагаанбаатарын оронд С.Мияарагчааг явуулах байсан юм” гэж ярих хүмүүст та хариуг нь өгөөч?

-Зарим тамирчин олимпийн наадамд цагаан хуудсаар оролцож байна, зарим нь эрхээ арай гэж авч байна. Тэгвэл манайхаас эрэгтэйчүүдийн 60 кг-д гурав, 66, 100 кг-д хоёр тамирчин эрх авсан. Нэг бодлын бахархалтай хэрэг. Олон улсын жүдо бөхийн холбооны бүх тэмцээн чансааны оноотой байдаг. Тамирчдын цуглуулсан оноо ч тодорхой. Тиймээс хэн өндөр оноо авсныг нь явуулсан. Хүний л ёс юм чинь “Тэрийг нь тэгэх байсан юм” гэсэн яриа бүх зүйл дээр яригдана.

“РИО-ДЕ-ЖАНЕЙРО-2016”-Д АРАЙ ӨӨРӨӨР ОРОЛЦМООР БАЙНА

-Та 2008 оны олимпийн наадмын жүдо бөхийн 100 кг-ын жинд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан. Эхэндээ таны биш өөр хүний нэр гарсан санагдах юм?

-Наймдугаар сарын 14-ний тэр өдөр Н.Түвшинбаяр Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртсэн. Олон улсын жүдо бөхийн холбоо МЖБХ-ны ажлыг сайшааж, биднийг их хүндэлж харьцдаг. Ерөнхийлөгч Мариус Визер нь манай улсад хоёр ч удаа ирсэн. Тэр эрхэм надад “Танай улсаас анхны аварга төрлөө. Чи цэцэг гардуулчих. Би чамайг энэ ёслолд оруулаад өгье” гээд оруулсан. Ерөнхийдөө танил талаараа явчихсан.

-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр саяхан зурагтаар ярьж байсан. “Намайг олимпийн аварга болсны дараа Х.Баттулга захирал “Одоо чиний хөөрөл дарагдаж байна уу. Юм ярихад ойлгохоор болов уу” гэж хэлсэн” гэж. Та хэзээ тэгж хэлсэн юм бэ?

-Н.Түвшинбаяр 24 настайдаа олимпийн аварга болсон. Ойртсон хүн болгон магтахаар тодорхой хэмжээнд эвдэрнэ. Би ажиглаад л явж байсан. Н.Түвшинбаяр үг их сонсдог. Нэг өглөө гүйж ирснийхээ дараа саунд сууж байхдаа тэр үгийг хэлсэн санагдана. Би нэг их анзаараагүй ч Н.Түвшинбаяр их ойлгосон юм билээ.

-МЖБХ-ноос олимпийн медаль хүртсэн тамирчдадаа сая, 500 мянга, 300 мянган ам.доллар амласан. Зарим хүн “Үүнээс улс хүртэл ичих ёстой “ гэж ярьж байна?

-Засгийн газраас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчинд 120 сая, 60 сая, 30 сая төгрөг олгодог. Үүнээс татвар авна. Манай холбооны дэд ерөнхийлөгч нар “Ядуу буурай, цөөн хүн амтай орны тамирчин олимпийн медаль хүртэнэ гэдэг том амжилт” гэж ярилцаад энэ шагналыг олгох болсон. Сая, 500 мянга, 300 мянган ам.доллар ч биш юм аа. Валютаар яривал хууль зөрчсөн болно. Тэрбум, 500 сая, 300 сая төгрөг юм. Энэ шагналын 30 хувь нь дасгалжуулагч, бэлтгэл хангагч, массажист, эмч нарт нь хуваарилагдаж очихыг заасан. Олон хүний хөдөлмөрийн дүнд амжилт ирдэг. Уг нь үүнийг Засгийн газар, БТСГ, спорт холбоод дэмжсэн бол зүгээр байсан юм.

-Энэ хэр их мөнгө вэ?

-Бас ч их мөнгө биш юм. Бид хэмжээг нь нарийн тооцож гаргасан. Алтан медаль хүртсэн тамирчин өөрт үлдсэн 70 хувийнхаа 200 сая төгрөгөөр нэг жийп авна. Олимпийн аварга болчихоод хуучин машин авалтай биш. Аав ээждээ 100-150 сая төгрөгөөр байр авч өгнө. Өөрсдөө байргүй бол байр авна. Нэг өрөө байр авалтай биш. Манай тамирчид гэж байр оронгүй хүмүүс л яваад байгаа шүү дээ. За тэгээд цайллагаа хийнэ, хөдөө байдаг ах дүү, хамаатан саднаа авчирлаа гэхэд цаана нь 100 сая төгрөг үлдэнэ. Манайхан чинь нэг тиймэрхүү хүмүүс. Тооцоо бол ийм. Харахад их мөнгө юм шиг хэрнээ олимпийн аварга болсны дараа дүндээ дүн.

-Н.Түвшинбаяр, С.Ням-Очир нарт энэ мөнгийг хэзээ олгох вэ?

-МЖБХ удахгүй хурлаа хийнэ, ирэх арав, арваннэгдүгээр сард гардуулж өгнө.

-“Лондон-2012” өндөр­лөснөөр “Рио-де-Жанейро-2016”-гийн мөчлөг эхэллээ. Та дөрвөн жилийн дараах олимпийн наадмыг хэрхэн харж байна вэ?

-Шинэ олимпийн мөчлөг эхэллээ, “Рио-де-Жанейро-2016” нэг мэдэхэд хаяанд ирнэ. Манай жүдочдын олонх нь харих, зодог тайлах тал руугаа орно. Харин залгаж гарч ирэх залуу тамирчин ховор байна. Өнөөдрийн амжилт үзүүлээд байгаа тамирчид аргагүй л байгалиасаа төрсөн тулдаа байгаад байна. Түүнээс биш мундаг дасгалжуулалтын ачаар байгаа юм биш. Энэ тал дээр МҮОХ, БТСГ-т шүүмжлэлтэй хандах ёстой. Яг үнэндээ жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын хэдхэн тамирчин амжилт үзүүлж, тэдний далбаан дор БТСГ яваад байна. Орчин үеийн эм тариа, массажист, спортын шинжлэх ухааныг нэвтрүүлэх ямар ч бодлого алга. “Рио-де-Жанейро-2016”-д арай өөрөөр оролцмоор байна.

-Та дасгалжуулалтын арга барилд шүүмжлэлтэй хандах юм аа?

-Маш их хоцрогдсон. Үүнийг өөрчилж, бодлогоо эрчимжүүлэхгүй юм бол байгалиас төрсөн тамирчдынхаа далбаан дор удаан явахгүй шүү.

-МЖБХ олимпийн өмнөх жил шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сольсон нь ийм учиртай юу?

-Олимпийн наадам өндөр­лөсөн тул би үүнийг одоо ярья. Бээжингээс хүртсэн алтан медалийн далбаан дор хариуцлага тооцох явдал зогссон. Тэр олон тамирчинд медаль хүртэх боломж байсан уу гэвэл байсан. Олон хөдөлмөрийн баатартай болж, манай холбоо олимпийн анхны аваргыг төрүүлсэн шүү гэсэн омойтолд орсон. Үүний үр дүн нь Францын Парист болсон 2011 оны ДАШТ. Юун медаль. Манайхаас бараг ганц тамирчин л гурван барилдаан хийсэн. Дасгалжуулагчдын энэ сэтгэл зүй нь Лондоны олимп хүртэл үргэлжлэх байсан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олимпийн аварга төрүүлээгүй хүнийг тавьсан нь сэтгэл зүйн менежментийн солилцоо юм. Хариуцлага тооцдог тогтолцоо руу орох гээд байна л даа.

-Одоогийн дасгалжуулагч нартай хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүртэх ёстой медалиудыг хүртэж чадаагүй нь бидний дасгалжуулалттай холбоотой. Манайд нэг дутагдал байдаг. Спорт богино зайд тэсрэлттэй хурд шаардах болсон. Харин манайхан үүн дээр ажиллахгүй байгаа. Би тамирчидтайгаа хамт бэлтгэл хийхдээ хэлдэг. “Та нар миний өргөж байгаа жинг өргөж чадахгүй бол дэлхийн хэмжээний амжилт үзүүлэхгүй шүү” гэж. Сая олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг харсан биз дээ. Тэр тамирчдын булчингийн ажиллах чадвар, сүүлчийн 20-30 секундэд оноо авч байгаа нь гайхалтай байлаа.

СПОРТЫГ ДОТРООС НЬ БИШ ГАДНААС НЬ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ


-Та 2006 онд МЖБХ-ны ерөнхийлөгч болсноос хойш энэ ажлыг хийсэн шиг хийж байгаа. Танд ерөнхийлөгч болох хүсэлт их ирсэн биз?

-Тухайн үед МЖБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажиллаж байсан. Надад тамирчдаас санал ирсэн юм. “Энэ Холбоог өөрчлөхгүй бол хэцүү байна” гэж. Хэцүү ч байсан л даа. Гадагшаа тэмцээнд барагтай бол явдаггүй байсан. Тэгээд санал хураахад МЖБХ-ны удирдлага өөрчлөгдсөн.

-Олимп, дэлхийн аваргатай үлгэр жишээ холбоо болсны нууц юунд оршиж байна вэ?

-Манай холбооны дэд ерөнхийлөгч нар санхүүгийн тусламж үзүүлдэг. “Хамтын хүч-Амжилт” уриан дор нэг хамт олон болох зорилт тавьж ажилласан.

-Спортын төв ордны “Б” заалыг жүдогийнх болгосон нь чухал алхам байлаа. Ингэхийн тулд багагүй чармайлт гаргасан байх даа?

-Тийм ээ. 2008 оны олимп дөхсөн байсан ч бэлтгэлийн нөхцөл бидний үеийнхнийх шиг л байсан. Жижиг зааланд бэлтгэл хийх их хэцүү. Адаглаад бэртэнэ. Уг нь үүнийг БТСГ нь шийдээд явах ёстой. Бид Спортын төв ордны бие засах газрыг хүртэл засаад явж л байсан.

-Манай улсад 2009 оноос хойш “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн жил бүр болж байна. Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулахын тулд ямар шаардлага тавигддаг вэ?

-Одоо ярихад их инээдэмтэй байгаа юм. Бид 2008 оны олимпийн өмнө ОХУ-ын шигшээ багийг Улаанбаатарт авчирч, халз барилдаан зохион байгуулсан. Тухайн үед их л том юм болж байсан. Оросын жүдочдын бэлтгэлийн төлөвлөгөөг эвдсэн хэрэг. Тооцоолоогүй байхад нь гуйж авчирсан. Манайхан чинь гадагшаа тэмцээнд цөөн явдаг байлаа. Ялсан баг нь 100 мянган ам.долларын 80, ялагдсан нь 20 хувийг авах тэмцээн хийсэн. Энэ бичлэгээ Олон улсын жүдо бөхийн холбоонд явуулж, олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэлтэээ илэрхийлсэн. Ингэж Дэлхийн цомын тэмцээнтэй болсон. Харин одоо гадны тамирчдыг авчирч халз барилдаан хийнэ гэвэл инээдэмтэй сонсогдоно. Манайхан гадагшаа тэмцээнд их явдаг болсон болохоор ингэх шаардлагагүй ч юм шиг. Сая Н.Түвшинбаярыг ялж түрүүлдэг Тагир Хайбуллаев тухайн халз барилдааны 90 кг-ын жинд манай Б.Ариун-Эрдэнэтэй тэнцэж байсан. Манайхан Александр Михайлин (Олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурав, Европын зургаан удаагийн аварга)-аас бусдыг нь ялж түрүүлэхэд хэвлэлээр “Х.Баттулга муу тамирчид авчирч шоу хийлээ” гэж бичиж л байсан.

-Та өнгөрсөн жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын нээлтийн үеэр “Гранпри тэмцээний түвшинд хүрэх боломжтой” гэж хэлсэн. Энэ үг хэзээ биеллээ олох боломжтой вэ?

-Энэ жилийн Дэлхийн цом (Улаанбаатарт есдүгээр сарын 8-9-нд болно)-ын зохион байгуулалтаас их шалтгаална. Олон улсын жүдо бөхийн холбооны өгсөн зааврын хэрэгжилтийг төлөөлөгчид нь шалгаж, тэмцээнийг удирдаж явуулдаг. Нэг зовлонтой нь Монгол Улс газар нутгийн байрлалаар хол болохоор олон орны тамирчин ирдэггүй юм. Улаанбаатарт ирэхийн тулд Москва, Бээжингээр дамжиж нисдэг зовлонтой.

-Та Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч байсан. Өдгөө ямар нэгэн олон улсын холбоонд харьяалагдаж байна уу?

-Үгүй үгүй. Хоёр жил гаруйн хугацаанд хашаад өөр хүнд өгсөн. Их зовлонтой ажил. Ажил ихтэй хүнд иймэрхүү албан тушаал ёстой зовлонтой юм билээ.

-Тан шиг хүнд Олон улсын жүдо бөхийн холбны өндөр албан тушаал хол биш санагдах юм. Та өөрөө сонирхохгүй байна уу?

-Ёстой үгүй. Энэ их ажлын хажуугаар амжихгүй. Би МоАХ, МЖБХ гэсэн хоёр ТББ-ыг 2006 оноос удирдаж байна. Үүнийхээ дороос гарч чадахгүй шахуу байхад юун тэр бусад холбоо. Хэрвээ авдаг хүн нь байвал МЖБХ-г өгчихмөөр санагдаж байна. Яагаад гэвэл олимп, дэлхийн аваргатай болох төлөвлөгөөгөө биелүүлсэн. Тайлангийн хурлын дараа саналаа хэлнэ.

-Та “Спортыг дотроос нь биш гаднаас нь хөгжүүлэх ёстой” гэж ярьдаг. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Дэлхий нийтээрээ спортын тэмцээн уралдаан зохион байгуулаад байна. Манай улсын наадам биш байхгүй юу. Улсын наадам бол дотроосоо. Дэлхийн спорт дэлхийнх. Дэлхийн хүчтэнүүд хоорондоо өрсөлдөнө. Ингэхдээ бүхий л зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж байна. Бид үүнийг нь сурахгүйгээр тэдэнтэй өрсөлдөнө гэж байхгүйг л хэлээд байгаа юм. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар шиг тамирчин байнга төрөхгүй шүү дээ. Хэдэн жилд нэг төрдөг юм бэ.

-Тэгвэл спортыг гаднаас нь хөгжүүлж байгаа ямар улс байна вэ?

-Жишээ нь Словени. Манайхаас бага, 2.4 сая хүн амтай гэхэд жүдогоор олимпийн аваргатай боллоо (Эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлсэн Урска Золнирыг хэлэв). Словенийн хөлбөмбөгийн шигшээ багийг хар л даа. 2010 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө ОХУ-ын багийг ялаа биз дээ. Тэд чинь суурин хөгжил дээрээ хөгжүүлээд л яваад байгаа байхгүй юу. Манайхан тийм юм оруулж ирж, гадны дасгалжуулагч авчирч, гадны үндэслэлүүдийг суулгахгүй бол болохгүй. Монтенегро гэж 600 гаруй мянган хүн амтай улс сая олимпийн наадмаас анхныхаа медалийг хүртлээ.

-Та спортод жилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?

-Жилд тэрбум төгрөг гараад л байдаг юм. Манай дүү (“Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул) бас чөлөөт бөхийн спортдоо их хэмжээний мөнгө зарцуулаад явж байна. Бид бөхийн буянаар хүн шиг амьдралтай болсон болохоор өртэй ч юм шиг санагддаг юм.

БАЙРТАЙ БОЛОХЫН ТУЛД САМБОГ СОНГОСОН

-Та долоо хоногт хэдэн өдөр, хэдэн цаг бэлтгэл хийж байна вэ?

-Гурван удаа. Нэг бэлтгэл хоёр цаг гаруй үргэлжилдэг.

-Таныг Монгол Улсын гавьяат тамирчин гэдгийг тэр бүр зарлаад байдаггүй болохоор зарим хүн мэддэггүй. Хэдэн онд гавьяат болсон юм бэ?

-Тэрийг мэдээд байх хэрэг байгаа юм уу (инээв). 1996 онд хүртсэн. 1990 он хүртэлх амжилтыг нөхөж олгосон юм. Би ч нэг их хөөцөлддөггүй байсан. Тэгэхэд нэг тодорхойлоход бүтсэн.

-Самбо, жүдо бөхийн шигшээ багийг 1985 онд салгасан. Ямар учраас ийм шийдвэр гарсан юм бол?

-“Жүдог жүдо, самбог самбогоор нь явуулъя” гэж багш нар хоорондоо маргалддаг байсан. Үүнээс болж шигшээ баг хоёр салж, би самбог сонгосон. ДАШТ-д түрүүлсэн хүнд байр өгдөг байсан болохоор ингэсэн.

-Та 1983 онд Киевт болсон ДАШТ-д ЗХУ-ын Г.Белоглазовыг ялж түрүүлсэн. Самбо бөхийн эх орны тамирчныг ялж түрүүлнэ гэдэг баргийн аавын хүүгийн хийж чадах зүйл биш байх?

-Энэ хүнийг ялах ёстой гэж гараад л ялж байсан. ЗХУ-ын бөхийг нутагт нь ялна гэдэг их хэцүү л дээ. Орос тамирчин гэж бодохоос биш өрсөлдөгчийнхөө нэрийг ч мэдэхгүй явлаа.

-Дэлхийн аварга болоход байр өгсөн үү?

-Үгүй.

-Таныг ДАШТ-ээс ирэхэд “Алтангадас” одонд тодорхойлсон ч үнэгэн малгай зарсны улмаас олгоогүй гэдэг юм билээ. Тийм юм болсон юм уу?

-Тамирчид бүгдээрээ л зардаг байсан (инээв). Хийж байгаа ганц наймаа нь тэр юм чинь. Эцэг эх, найз нөхдөдөө бэлэг, өөртөө бэлтгэлийн хувцас л авдаг байсан. Шальтай ч юм биш дээ. Нэг малгай үсрээд л 50 ам.доллар хүрнэ биз дээ (Тухайн үед доллар тийм ч өндөр ханштай байгаагүй). Олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдыг НАХЯ-ны хүн дагаж явдаг байлаа. Тэгээд матаас ороод л өгөөгүй.

-Дараагийн хоёр ДАШТ-д таны жинд Д.Тэгшээ зодоглосон байдаг?

-Би жингээ дийлэхгүй, 52 кг-д орж чадахгүй байсан юм.

-Таны үед Б.Бат-Эрдэнэ, Г.Жамсран, З.Дэлгэрдалай, Ж.Ганболд гээд мундагууд байлаа. Монголын самбо бөхийн “Алтан үе” байж дээ?

-Тийм шүү. З.Дэлгэрдалай, Ж.Ганболд нарыг залгаж Б.Бат-Эрдэнэ бид хэд гарч ирсэн. Оросуудыг хамгийн их ялдаг байсан үе. 10 жингийн барилдаанд тав таваар тэнцдэг байсан юм. Тийм үе дахиж гарч ирэхгүй байх.

-Хүмүүс таныг “1986 онд дэлхийн хошой аварга болох байсан” гэдэг юм билээ. Францын Под, ЗХУ-ын Б.Файзиевыг ялах боломж байсан уу?

-Тэр орост торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртсэн. 1988 онд Канадын Монреальд болсон ДАШТ-ээс 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм байна.

-Та тэгээд хэзээ байртай болсон юм бэ?

-Би байртай болох өргөдлөө 1983 онд өгсөн ч шийдэгдэхгүй яваад байлаа. Ингээд 1989 онд Улаанбаатарт Дэлхийн цом болсон юм. Тэмцээний өмнө өргөдлөө нэхэхэд АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга байсан Л.Энэбиш гуай “Дэлхийн цомд түрүүлэх юм бол байр өгнө” гэсэн. Тэр тэмцээнд түрүүлээд XI хороолод дөрвөн өрөө байртай болж байлаа. Энэ байр маань одоо ч байдаг.

-Та тамирчны замналаа хэзээ өндөрлүүлсэн юм бэ?

-1990 онд Москвад болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд л больсон доо.

-Хүмүүс “Х.Баттулга хөдөлмөрийн баатар болох ёстой” гэж яриад байна. Энэ тухай таны бодлыг сонирхоё?

-Үгүй байлгүй дээ. Хөдөлмөрийн баатар цолыг хөдөлмөр хийсэн хүмүүст нь өгөх хэрэгтэй.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе?

-Баярлалаа.

Д.НАНЖИД

"ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж