Статистикийн ажилтнууд зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Статистикийн ажилтнууд зөвлөлдөж байна

Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн  Улаанбаатар хотын группын анхдугаар хуралдаан өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд “Их тэнгэр” цогцолборт болох гэж байна. Анхдугаар хуралдаанд дэлхийн 12 орон, хоёр олон улсын байгууллагын  төлөөлөгчид оролцох ажээ. Тухайлбал, Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам, Мексик, Энэтхэг, Казакстан, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан, Бразил, Мадагаскар, Лесотогийн Вант Улс  болон Олон улсын байгууллагаас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн статистикийн хорооны төлөөлөгчид оролцох юм байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын төлөөлөгчид албан бус байдлаар уулзалт зохион байгуулж, статистикийн аргачлал, арга зүйн чиглэлээр тулгамдаж буй асуудлаа хамтран шийдвэрлэдэг болсон гэнэ. Ингэхдээ бүлгийн хэлбэрээр ажиллаж буй зарим хэсгийг “хотын групп” хэмээн албан ёсоор нэрлэдэг ажээ. Хотын групп нь гол төлөв Үндэсний статистикийн байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, шинжээчдийг нэг дор цуглуулж, хурал зохион байгуулж хамтран ажилладаг гэнэ. Улаанбаатар хотын группын үндсэн зорилго нь олон улсын хэмжээнд  мөрдөгдөж буй  Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэт бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн тэргүүний арга туршлагыг нэгтгэж, арга зүй, практик  зөвлөмжийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд, туршлагатай зөвлөхүүдийг татан оролцуулж,  үйл ажиллагааг нь нэгтгэхэд чиглэгддэг тухай албаныхан мэдээлж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж