Жигүүртэн туйлдам өргөн уудам талд морь хүн хоёрын зам нэг болсон тэр үеэс Монголын түүх эхэлсэн юм. Морь үгүй бол нүүдэл үгүй. Нүүдэлчин Монголчуудын гол хэрэгсэл, амин зуулга, аж ахуйн үндэс нь морьтой ямар нэгэн сэжмээр холбогдсоор иржээ. Монгол морь нь хүйтэн даах онцгой чадвартай бөгөөд хэр баргын зузаан цасыг туурайгаар цавчин өвс тэжээлээ өөрөө олж авдаг. Зогсоогоороо унтаж ядраагаа гаргадаг. Хараа хурц, үнэрлэх сонсох эрхтэн сайн хөгжсөн тул хот айл, мал сүрэг, хүн амьтны чимээ үнэрийг алс холоос мэдэрч чаддаг. Газар орны баримжааг сайн мэддэг, алс холын олон бээрийн газраас уугуул нутаг ус бэлчээртээ гүйж ирдэг зэрэг олон гайхамшигт чанарыг өөртөө агуулсан байлаа. Монголчууд морины дэлэн дээр амьдралынхаа дийлэнхи хэсгийг өнгөрүүлдэг нь морио өөрийнхөө биеийн нэгэн хэсэг мэт ойлгох хангалттай хугацааг өгчээ. Үүнд баталгаа шаардлагагүй ч зөвхөн анагаах ухааны сударт л гэхэд адууны ашиг тусын тухай олон хуудсыг зориулжээ.
Тухайлбал “адууны ясыг шар усыг хатаахад хэрэглэхээс гадна ясны утаа хиншүү нь амьсгал зүрх судасны үйл ажиллагааг сэргээх нөлөө бүхий бодис агуулсан байдаг. Адууны чөмөг нь нясуу болон хонхойж имэрдэгдсэн ярыг дарах чадалтай. Өөх нь цэцэг, яр ба загатнах өвчнийг арилгана. Адуу ба азарганы тагнайн цус нь шархыг анагаахад тустай. Мах нь илчийг үүсгэн хий өвчинг арилгана гэж үздэг. Адууны туурайг түлж хэрэглэхэд бэтэг өвчин эдгэнэ. Гүүний сүү бол халуун чанартай бөгөөд исгэлэн давслаг амттай тул уушгинд сайн. Адууны шөл нь усан хаванд сайн” гэх зэргээр эмийн сударт өгүүлжээ. Морины энэ мэт олон талыг нүүдэлчид л анх нээснээрээ хожмын их аян дайнд “Чоно мэт хүн, нохой мэт морьд”ын гайхамшигт армийн ялалтын олон нууцыг олж чадсан юм. Хүн морь хоёрын хамтран бичүүлсэн агуу түүхийг “чөтгөрийн морьтонгууд”, “морь хөлөглөсөн бурхад” гэх зэргээр дуурсаж байна. Тэр түүхийн гол дүр болох “Морьтой Чингис”-ийг бүхнээс хүчтэй гэгдэх цаг хугацаа дийлээгүй л байна. … Морь үгүй бол Чингис үгүй…Чингис үгүй бол Монгол үгүй… Шаргуудаас тэр хавар эр голдуу унага босоо буусан нь хөвгүүн төрөхийг, тэр тусмаа аугаа их баатар эр мэндлэхийг зөгнөсөн хэрэг байжээ.
Морин жилийн морин өдөр уг зөн биелж наран ургахаас наран жаргах хүртэлх өргөн уудам нутгийг захирах хувь ерөөлтэй “хөх толботой” нэгэн хүү нөж атган төрсөн гэдэг. Даахин дор хүлэг нь дахан дор хаан өсөж байлаа. Хуурын аялгууг сонсож ухаан нь торниж байв. Ганц шонгоор мянган адууг нөмөрдүүлэхийн адил (Салхи шуурганд уруудахаас хамгаалж ганц шон босгоход түүний ард нөмөрдсөн нэг адуу зогсоно. Дараа нь хоёр, дараа нь гурав гэх зэргээр нэг шонгийн ард мянган адуу хоргодож чадна гэдэг) нэг туган дор нэгдмэл улсаа байгуулах санааг хүү сэтгэлдээ боловсруулсан ажээ. Ухаантай нь уралдан салхинаас зугтан давхих морины нуруун дээр улсын эзэн Чингис хаан өссөн билээ. Суман шуурганы исгэрээн, тахир сэлэмний оч хаяах харшилдаан дунд Чингис хаан өндийсөн билээ. Монгол гэрийн буйраар тивийг тамгалж, Монгол морьдын туурайн нүргээн дэлхийг бөмбөрдөж байлаа. Явсан зам дагуух хот суурингууд нь газрын хөрснөөс арчигдан, гол мөрний ул голдрилоосоо хальж, “дайтан” өнгөрсөн газар нь гагцхүү чоно болон хэрээнүүд л амьд хоцорч, цэргүүд нь буудалласан газарт тэнгэрийн одод газар буусан мэт харагдаж байлаа. Түүний цэрэг дайчдын туулсан газрыг бээрээр биш харин уртраг өргөрөгөөр л хэмжиж болно. Түүний суу алдрын дууг жил сараар биш мянган зуунаар л дуурсаж болно.
Үнэндээ Македоны Александрын нөлөө Александартайгаа дууссан. Францийн Наполеоны нөлөө Наполеонтойгоо төгссөн. Гэтэл Чингис хааны нөлөө Тэмүүжинг тэнгэрт хальсан ч дуусаагүй хэвээр. Монголын морин цэргийн тахир сэлмээр зурагдан тогтсон хил хязгаар нь Македоны Александрын цэргүүдийн жад , Ромын легионуудын илд, Наполеоны их цэргийн үхэр буунуудаар тус тус зурагдаг тогтсон хилүүдээс хамаагүй илүү билээ. Тэр үед Монголын арми бүхэлдээ морин цэргээс бүрэлдэж байсан нь хамгийн хурдан шилжилж хийж чаддаг, хурдаар хүчийг нөхдөг, хүчээр биш төлөвлөгөөгөөр тулалддаг зэрэг олон давуу талынхаа ачаар тэр олон ялалтыг авсан хэрэг. Монгол морины туурайн дор олон соёл дарагдсан ч монгол морины нуруун дээр монгол бичигээс (Монгол уйгуржин бичиг нь морины нуруун дээр явж байхдаа бичихэд хамгийн тохиромжтой бичиг бөгөөд энэ нь босоо байрлалтай нь холбоотой юм) эхлээд олон соёл бүтээгдсээр, дэг журам тогтсоор байсан юм. Тэдгээр иргэншлийн зүйлс мөн богино хугацаанд магадгүй гурав хоногт (Гурван хоног буюу “Монголын хууль гурав хоног” гэдэг нь гуравхан хоног үйлчилдэг гэдэг бус харин гуравхан хоногт монголын хаана ч хүрч бүхий олноороо дагаж мөрддөг гэх утгатай болно) л түгэж байлаа. Энэ нь мөн л морьт элчийг бий болгосонтой холбоотой юм. Энгийн цагт нөхөр нь болдог морь, дайн тулааны үед зэвсэг нь болдог байлаа. Хэрвээ хүнсний зүйл дуусвал тэд мориныхоо гүрээг ханан цуснаас нь ууж, дараа нь мориныхоо шархыг дарж боодог байна.
Нэг хүн нэг удаад хагас литр цус уухад хангалттай. Адуунд тэр тусмаа тэнхээ тамиртай моринд энэ хэмжээний цус алдалт төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд богино хугацаанд төлжнө. Хүнийг ойлгодог морь, морио ойлгодог хүнтэй бөгөөд бүхий л бэрхшээл зовлонг хамтдаа туулахаар заяагдсан мэт ажээ. Тэр тусмаа хаан хүнийг морьтой нь хамт нэгэн бүхэл гэж үздэг байсан ба хойллогын ёс (Эрт дээр үеэд ихэс хаадыг оршуулахдаа түүний үнэнч хүлэг морийг нь хамт хөдөөлүүлдэг байв. Үүнийг хойллогын ёс гэдэг. “Хаан халихаар түүний бүх сайн морийг хойд насанд нь унуулахаар алдаг” Марко Поло, 13р зуун) -ны зан үйл Монголд л байсны адилаар морь хүн хоёрын “гар нийлсэн” (сэтгэл нийлсэн)түүх монголоос өөр газар байхгүй биз ээ. Бодлын далайд үзгээ дүрж, сэтгэлийн үгээр мөр татуулан хөх толботой хүү миний бие Хөх Монголын түүхийн нэгэн хуудсыг сөхөв өө. Хоёр мянганаа дамжин дуурссан Чингис хааныг хиймор лундаа болсон хүлэг морины хамтаар бичиглэх нь хорь гаруйхан настай миний хувьд ахадсан хэрэг гэж бодон, оноож бичих нь орхигдуулсны хажууд далай дуслын ялгаа гарч, түмэн үеийн түүх шаштирт өгүүлснийг төө хүрэхгүй цаасан дээр хэрхэн багтаах билээ хэмээн эмээн, бичвээс бие минь гүйцэхгүй биз, бичиг цаас барагдахгүй биз хэмээн эмзэглэв. Түүхэнд нэрээ бичүүлэхийг нь Чингис хийж чадсан. Харин түүхэндэх нэрийг нь хадгалахыг бид чадах хэрэгтэй. “Морьгүйгээр сүлд сүлд биш, Монгол Монгол биш, Чингис Чингис биш”