
Шинээр баталсан УИХ-ын сонгуулийн хүрээнд Ерөнхий сайд томилогдон, танхимдаа ажиллах сайд нарынхаа нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн нөхцөлд богино хугацаанд амжиж УИХ-аар сайд нараа томилуулах эрх зүйн орчин үүссэн байна. Харин энэхүү эрх зүйн орчноор МАХН-ынхан бамбай хийн МҮАН-д зөвхөн нэг сайдын албыг өгнө гэж гүрийсэн бол нөгөө талаас МАН-ынхан “Сайдуудаа УИХ-аар томилж чадахгүй хугацаа алдвал УИХ-ын сонгуулийг дахин зохион байгуулах боломж гарна” хэмээн тооцоолж Ардчилсан намд шахалт үзүүлэх сценарт шилжээд байжээ. Гэвч МҮАН-ын дарга М.Энхсайхан Ерөнхий сайдад хандан “Эвслийн бүлгийг харалгүйгээр танхимын сайд нараа томилуулах ажилд ор, ингэхгүй бол УИХ-ын сонгууль дахих процесс руу шилжих магадлалтай болно. Тиймээс даваа гариг /маргааш/-аас урьтаж Засгийн газраа бүрдүүлэх шаардлагатай” гэсэн чигийг өгсөн байна. Энэ дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригт Ардчилсан намын сайд нараа томилуулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, Засгийн газрын танхимын гишүүдийнхээ 70 хувийг бүрдүүлж чаджээ. Харин энэхүү амралтын өдрүүдэд “Шударга ёс” эвслийн бүлгийнхний дунд албан тушаалын хуваарилалтаас болж нэлээд бужигнаан үүсчээ. “Шударга ёс” бүлгийн дэд дарга О.Баасанхүү шударга бус үйл явдалтай эвлэрэхгүй хэмээн бүлгийн дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон бол сайд нарын томилгооноос үүдэлтэйгээр МАХН-ынхан Сангийн сайдыг өөрсдийн намын хүнийг томилно гэж үзжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАХН-ынхан УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатыг Сангийн сайдад санал болгохоор тохиролцсон байна. Харин Эрүүл мэндийн сайдад С.Удвал, Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшүүлэх өмнөх төлөвлөгөөгөө нам дотроо барьж буй гэнэ. Ингэснээр МҮАН-ынхны хувьд зөвхөн Түлш эрчим хүчний сайдад өөрсдийн хүнээ дэвшүүлэхээс аргагүйд хүрчээ. Эл сайдын албанд УИХ-ын гишүүн М.Сономпилийг урьдын ярилцаж байснаараа нэр дэвшүүлэх юм байна.
Өөрөөр хэлбэл, МАХН-ынхны энэхүү тонгорооноос болж “Шударга ёс” эвслийнхний “2х2 зарчим үйлчлэхгүй, 3х1 гэсэн томилгоо явах болсноор МҮАН-ын дарга М.Энхсайхан нэрээ сайдад нэр дэвшүүлэхээргүй болжээ. Уг нь МАХН-ынхны зүгээс “Түлш эрчим хүчний сайдад М.Сонопилээ зүтгүүлнэ үү, М.Энхсайханаа санал болгоно уу өөрсдийн тань эрх” гэсэн утгатай үг чулуудсан ч МҮАН-ын дарга “Хэлсэн ярьснаасаа буцдаг нь бид биш” хэмээн хэлжээ. Энд нэг зүйлийг тодруулахад, дээр дурдсан 3х1 томилгоо зөвхөн сайдын томилгоон дээр хэрэгжээд зогсохгүй дэд сайд, агентлагийн дарга нарыг томилоход хүртэл мөрдөгдөх болсон байна. МҮАН-ынхны хувьд “Зөвхөн сайдын томилгоо дээр 3х1 зарчим үйлчилж болох ч дэд сайд, агентлагийн дарга нарыг томилход 2х2 зарчим үйлчлэх ёстой” гэсэн байр суурь баримталж буй аж.
Ийм бужигнааны хажуугаар Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан МАХН-ынхнаас салахаа больж, ойр ойрхон уулзах болжээ. Бүр сайдад нэрээ дэвшүүлэх тухай ч яригдаад авсан гэнэ. Гэхдээ “МАХН-ыхны хувьд УИХ-ын сонгуульд оролцохдоо МҮАН-тай нэгдэж орсон, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвсэл хамтдаа нэг баг болж орно хэмээн Засгийн газрыг хамтран байгуулах гэрээнд заачихаад буй. Тиймээс Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ямар нүх сүвээр сайдын суудал горилох гээд МАХН-ынхны үүдээр эргэлдэх болсон нь олон хүний гайхашралыг төрүүлэх болжээ. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газрын үлдсэн сайд нарыг томилохтой холбоотойгоор ирэх өдрүүдэд үйл явдал “буцлах” шинжтэй байна.