Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимын талаас илүү нь бүрдлээ. Ардчилсан намаас дэвшүүлсэн 13 сайд УИХ-аас эрхээ авч тамга тэмдгээ авч ажил төрөлдөө орж байна. Шинэ засгийн ноён нурууг бүрдүүлэгчид АН-ын мөрийн хөтөлбөрийг намрын эхэн сарын шинийн 1-нээс эхлүүлж буй нь энэ.
Энэ танхим урьд өмнө байгаагүй нэг сонин нөхцөлд бүрдсэн. Сөрөг хүчин болох МАН-ын 25 гишүүн УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг сонгосон асуудал дээр дөрөөлөн бүлэг байгуулах эрхээ нэхэж, УИХ-ын даргыг сонгосон асуудал хууль бус хэмээн бүтэн сарын өмнөх шалтгаа тоочиж улмаар сайд нарыг томилох асуудал эхэлмэгц завсарлага хүсч, бүлэггүй учраас завсарлага авах эрхгүй гэсэн хариу сонсч, танхимаас гарч одоцгоогоод эргэж анхдугаар чуулганд ороогүй. Ингэснээр шинэ Засгийн газрын 13 сайд сөрөг хүчингүй орчинд “мэндлэв”. Тэглээ гээд ногоон гэрлээр жирийлгэсэн юм биш. АН-ын журмын нөхөд нь ч, бие даагчид болоод “Шударга ёс” эвслийнхэн ч хэлэхээ хэлж, захихаа захиж, сануулахаа сануулсан. Сөрөг хүчин хуралд ороогүй гээд чих амар томилогдоогүй л дээ.
Ингэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимын гишүүд хэн нь хэн бэ. Хэн нь ямар даалгавар авч сайдын албанд очив гэдгийг тоймлож харъя. Юуны өмнө энэ Засгийн газарт Тэргүүн шадар сайд гэсэн хэргэмтэн байхгүй. Өмнөх МАН-тай хамтарсан Засгийн газарт энэ албыг өдгөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хашиж байсан. Энэ удаа тэрхүү албыг байхгүй болгожээ. Ингээд Ерөнхий сайдын удаах хүн, түүний баруун гар нь Шадар сайд болох гэж байна. Өнөөдөр хараахан энэ суудлын эзэн тодроогүй байгаа.
УИХ-д хамтарч олонх болж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөлд энэхүү суудлыг хуваарилж байгаа юм. МАХН-ын дэд дарга эрхэм гишүүн Д.Тэрбишдагвад шадар сайдын суудлыг оноож буй ч эвслийн дотоод дахь багахан зөрчилдөөн, МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдсон асуудал, эвслийн нэг тал болох МҮАН-ын яльгүй гоморхол зэргээс шалтгаалан шадар сайд албандаа ороогүй л байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг эрхэм гишүүн Ч.Сайханбилэг хашна. Ёстой хорин хэдтэй “хар нялх”-аасаа парламентын тогоонд буцалсан, бас гуч хүрээгүй байхдаа Гэгээрлийн сайд болж засгийн гал маналцсан туршлагатай улстөрчдийн нэг тэрбээр Монгол Улсын Төрийн сайдын албыг хэнээс ч дутахгүй аваад явж чадна.
Гадаад харилцааны сайдаар эрхэм гишүүн Л.Болдыг ямар ч асуулт, саналгүй томиллоо. Оюутан залуусыг манлайлан ардчилсан хувьсгалыг эхлүүлж явсан тэрбээр Монголын байнгын ажиллагаатай парламентын анхны гишүүдийн нэг. Бүр 1990 оны Улсын Бага Хурлын гишүүнээс их улс төрд мөрөө гаргаж түүнээс хойш УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байна. Өмнөх хамтарсан Засгийн газарт Батлан хамгаалахын сайд байхдаа Монголын зэвсэгт хүчнийг олон улсын хэмжээнд ажиллах чадварт хүргэж гадаад харилцааг нь урьд байгаагүй дээд хэмжээнд аваачсан. Одоо Монгол Улсын гадаад харилцааг илүү өндөр хэмжээнд хүргэж хөгжүүлнэ гэдэгт журмын нөхөд нь итгэж буйгаа илэрхийлэн шинэ албанд нь нэгэн дуугаар томиллоо.
УИХ-ын залуу, гэхдээ туршлагатай гишүүдийн нэг Х.Тэмүүжинг 100 хувийн саналаар Хууль зүйн сайдаар томилов. Шинэхэн залуу сайд Хууль шүүхийн байгууллагыг хүнийг айлгаж ичээдэггүй, хүний эрхийн төлөө ажилладаг байгууллага болгож хуучны социализмын үеийн цагдан сэргийлэх арга барилаас нь салгахаа амлалаа. Гэмт хэргийн орчин нөхцөл өмнөхөөс хавьгүй өөр болоод буй орчин үед тохирсон Мөрдөх алба, хэв журам сахиулах албадыг байгуулахаа хэлсэн. Гэмт хэрэг глобальчлагдаж, төрийн томчууд хүртэл луйвар хийчихээд хилийн чинад руу дүрвэдэг, гадаадын “сайн эрс” ч Монголд бүгэх боломж бүхий, дээр нь хар тамхи, хүний наймаа, кибер гэмт хэргийн талбар болж ч мэдэхээр цоо шинэ нөхцөлд орчин цагийн сэтгэлгээтэй залуу сайд хууль зүйн салбарт хүчээ үзэхээр томилогдлоо.
Туршлагатай улстөрч Ц.Баярсайхан 95,1 хувийн саналаар Барилга, хот байгуулалтын сайд болов. Орон сууцны үнэ тэнгэрт хадсаныг зохицуулах, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хөдөө орон нутгийг ч түүнд хамруулах, аймгийн төвүүдийг хотын зиндаанд хүргэх гээд олон олон захиас даалгаврыг журмын нөхөд нь түүнд дайсан. Нийслэлээс гадна аймгийн төвүүдийг утааны гамшгаас салгах нэн хариуцлагатай үүргийг бас дааж авлаа. Нэгэн үе Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан тэрбээр шинэ албаа ч түүртэлгүй аваад явна гэсэн том итгэлийг журмын нөхөд нь түүнд өвөрлүүллээ.
Батлан хамгаалахын сайдад эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнийг 95 хувийн саналаар томиллоо. Асуух, санал хэлэх хүн гарсангүй. ОХУ-д их сургууль дүүргэж ирмэгцээ цэргийн тогоонд буцалж, ирээдүйн офицеруудад нэгэн үе гүн ухааны хичээл зааж явсан, УИХ-д хоёр ч удаа сонгогдоод байгаа түүнийг хуучин салбартаа амжилттай ажиллаж чадна гэж “ангийн нөхөд” нь үзлээ.
УИХ-ын залуусын нэг, гэхдээ хэдэн парламент элээсэн туршлагатай гишүүн Л.Гантөмөр шинэ засагт Боловсрол, шинжлэх ухааны сайдын албыг эрхэлнэ. Түүнийг гишүүдийн 94,9 хувь нь дэмжсэн юм. Залууст дипломоос гадна амьдрах ухааны боловсрол олгох, шинээр цэцэрлэгүүд байгуулах, мэргэжлийн боловсролд анхаарах, дээд боловсролын үнэ цэнийг өсгөх, өчнөөн дипломтой ч хийж чадах ажилгүй төгсөгч бэлтгэдэг сургуулиудыг чанаржуулах, 100 ямаанд 60 ухна болсон дээд сургуулиудыг нэгтгэхийг “ангийн нөхөд” нь түүнд сануулав. Бас эцэг эхчүүд хүүхдээ сургах гэж байдгаа барж, өрөнд бариулж амьдралаа алддаг. Үүн дээр их, дээд сургуулийн удирдлага бизнес хийдгийг хянах, уламжлалт сургалтыг хадгалах, гадаадын хялбаршуулсан сургалтыг Монголд нэвтрүүлэхдээ хянамгай байх, зах замбараагүй солонгос киноны түрлэгийг хумих гээд залуу сайд өчнөөн даалгавар авсан.
Их улс төрд хөл тавьсан цагаасаа л даацтай чамбай улстөрч болохоо нэгэнт харуулсан Л.Гантөмөр сайд залуу хүний эрчээр шинэ ажилдаа шижигнүүлэх биз ээ.
Одоогоор парламентын гаднаас Засгийн газрын танхимд орж буй ганц сайд бол А.Гансүх. Зам, тээврийн салбарыг толгойлох түүнээс асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй. Өмнөх танхимд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж “Женко” сайдын баруун гар явсан тэрбээр хэдхэн сарын өмнө толгойлолцож явсан салбараа бардам дааж чадна гэж гишүүд үзэж 92,3 хувийн саналаар дэмжлээ.
Шинэ Засгийн газарт хэд хэдэн эмэгтэй сайд багтах юм. Тэдний анхдагч болж эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар 95 хувийн саналаар томилогдлоо. Нутгийнх нь гишүүн Ц.Даваасүрэн түүнийг “Дайчин бүсгүй” хэмээн тодотгоод Хөвсгөл нутаг аялал жуулчлалтай их холбоотой. Баялгийг нь малтах бус аялал жуулчлалыг илүү хөгжүүлээрэй гэсэн санал хэлснээс өөр асуулт, санал шинэхэн сайдад ирсэнгүй. Юм юманд адтай овсгоотой Ц.Оюунгэрэл гишүүн Монголын “брэнд” яам хэмээгдэж буй даяаршлын ертөнцөд Монголоо Монголоор нь авч үлдэх онцгой яамыг хүлээн авав.
Оюутолгой, Тавантолгойн гэрээг өмнөх УИХ-д байхдаа ширүүхэн шүүмжилж, уул уурхайн ашиглалт тааруу байгааг хэлдэг байсан эрхэм гишүүн Д.Ганхуяг 97,2 хувийн саналаар Уул уурхайн сайд болов. Ашигт малтмалын хууль бус лицензүүдийг цуцлах, лицензийн наймааг таслах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх даалгаврыг тэрбээр “ангийнхан”-аасаа авсан. Үнэ цэнийг нь иргэддээ хуваавал Монгол Улсын иргэн бүр ам.долларын саятан, төгрөгийн тэрбумтан байх хэмжээний их баялгийг агуулсан салбарыг “Шударга түшээ” Д.Ганхуягт УИХ-аас хариуцуулан үүрүүллээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг 92,3 хувийн саналаар эрхэм гишүүн Х.Баттулга толгойлохоор болов. Түрүүчийн хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан түүнийг шинэ салбарт түүртэхгүй гэж гишүүд үзлээ. Үйлдвэрийн зэрэгцээ монголчуудаа хүнсээр хангадаг мал аж ахуйгаа анхаарч “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлэх даалгаврыг ангийн нөхөд нь түүнд өгөв.
АН-ын мөрийн хөтөлбөрийн амин зангилаа болсон иргэдээ ажилтай орлоготой болгож, хөдөлмөр хийж чадах хүн болгоны гарыг хөдөлгөх зорилтыг биелүүлэх Хөдөлмөрийн яамыг Я.Санжмятав гишүүн 92,5 хувийн саналаар хүлээн авлаа. УИХ-д хоёронтаа сонгогдон байнгын хороо толгойлж явсан, аймгийн Засаг дарга ч хийсэн Я.Санжмятав гишүүн хот, хөдөөгийн амьжиргаа, ажил хөдөлмөрийн онцлогийг хэнээс ч илүү мэднэ.
Монголын төр, засаг монгол хүнийхээ хөгжлийг анх удаа анхаарлынхаа төвд авч байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар эрхэм гишүүн С.Эрдэнэ мөн л өндөр хувийн саналаар томилогдов. Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга гээд амьдралын гүнд алба хашиж явсан С.Эрдэнэ гишүүн өөрийнх нь атганд элбэг багтах салбарыг сайн хариуцна гэж нөхөд нь түүнд итгэл үзүүллээ.
Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр хашна. Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплекс импорт хангамжийн нэгдэлд орлогч дарга, Барилга, хот байгуулалтын сайд гээд эдийн засаг хөгжүүлэх чиглэлийн салбарыг толгойлж туршлага хуримтлуулсан түүнд УИХ-ын гишүүдийн 99 хувь саналаа өгсөн юм.
Ид хийж бүтээх эрч хүч нь жигдэрсэн идэрхэн 13 сайд ийнхүү бямба гаригаас ажлаа авч шинэ Засгийн газрын намтар түүхийг эхлүүллээ.
Ингэж Н.Алтанхуягийн хэмээх “овогтой” Засгийн газрын танхимын ноён нуруу бүрдлээ. Одоо ИЗНН-аас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд тодрох учиртай. Намын хоёр дарга болох С.Оюун, С.Дэмбэрэл нар намынхаа удирдах байгууллагын хурал дээр шовхоо үзээд ялсныгаа сайдын сэнтийд залах юм гэсэн.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд Засгийн газрын шадар сайд, Эрүүл мэнд, Эрчим хүч, Сангийн гээд чухал дөрвөн сайдын суудал ногдсон. Тэдгээрт Д.Тэрбишдагва, Н.Удвал, М.Сономпил, М.Энхсайхан нарын нэр дуулдаж буй. Д.Тэрбишдагва, Н.Удвал нар МАХН бол нөгөө хоёр нь МҮАН-ын гишүүд. Гэтэл Засгийн газрын 25 хувийг бүрдүүлэх тус эвслийнхэн дотроо дөрвөн сайдын 70 хувийг МАХН, 30 хувийг МҮАН-д хуваарилна гэснээс болж зөрчилд оржээ. Хэрэв тэгвэл М.Сономпил, М.Энхсайхан нарын нэг сайдад нэр дэвших эрхгүй хоцорч МАХН-аас нэг нэр дэвшигч гарч ирнэ. Бас МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорионоос гаргахаас нааш эвслийн сайд нарыг дэвшүүлэхгүй гэж “Шударга ёс” эвслийнхэн ярьсан гэх чимээ Төрийн ордонд дуулдав. Гэхдээ л төр төмбөгөр, ёс ёмбогор хойно шинэ долоо хоногийн эхэнд таван сайдын томилно гэж Ерөнхий сайд үүрэгдэж буй дуулдана.