Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

“Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортлох биш, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л хөгжилд хүрнэ” хэмээн зангиатай эрхмүүд зурагтаар ярих нь олшров. Ингэхэд инноваци гээч нь юу юм бол оо, энэ тийм чухал хэрэгтэй гэж үү. Бидний ихэнх нь инноваци гэх үгийг хаа нэгтээ сонсож байсан хэрнээ чухам юу вэ гэдгийг мэдэхгүй нь олон. Аргагүй шүү дээ, инноваци, старт-ап компани, венч хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны парк, технологийн инкубатор, R&D зэрэг харь үг монголчуудын сэтгэхүйд бууж өгөхгүй байна. Тэгээд бидний олонх нь инноваци гэдгийг тусгай хүмүүс тусгай орчинд л хийдэг гэсэн ойлголттой болжээ. Аймаар зузаан нүдний шилтэй хүн мундаг орчин үеийн лабораторид л инновацийг бий болгодог гэж үү? Үнэндээ энэ бидний бодож байгаа шиг түвэгтэй эд байсан бол энгийн л нэг залуу ганцаардсандаа “Facebook”-ийг санаачилж, 26-хан насандаа тэрбумтан болохгүйсэн. Бидний өмнө ч ийм боломж байхыг үгүйсгэхийн аргагүй учраас инноваци гэдгийг амьдралдаа ойртуулахыг оролдъё.

Инноваци гэж юу вэ?

“Innovation” гэдэг үгийг Д.Алтангэрэлийн толиноос харвал “шинэчлэл” гэсэн энгийн ойлголт гараад ирнэ. Энэ нь шинэчлэх эсвэл өөрчлөхийг илэрхийлэх “innovates” (in-болгох+novus-шинэ) гэсэн латин үгнээс гаралтай. Тэгэхээр инноваци гэдгийг “шинэ санаа” гэж ойлгож болох нь. Өөрөөр хэлбэл, нийгэмд хэрэгцээтэй, зах зээлд хөлөө олох чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи ер нь юу ч байж болно. Гэхдээ гагцхүү мөнгө байж байж л тэр “шинэ санаа” ажил хэрэг болж чадна.

Өнөөдөр манай санхүүгийн салбарын 95 хувийг банкууд дангаараа эзэгнэж буй. Гэтэл “шинэ санаа”-г банкны барьцаанд тавиад зээл авч болохгүй учраас Монголд инноваци хөгжиж чадахгүй байж мэдэх юм. Шинэ санаа Танд ч, надад ч байж болох боловч амьдралд хэрэгжээд, ашиг олох нь ховор учраас аз туршсан хүн л “шинэ санаа”-нд хөрөнгө оруулна. Үүнээс л венч хөрөнгө оруулалтын сан (venture-аз туршсан хэрэг) үүдэлтэй ажээ.

Үнэхээр эрсдэл ихтэй боловч асар их ашиг олох боломжтой учраас л зарим хөрөнгө оруулагч аз турших дуртай байдаг. АНУ-д л гэхэд венч хөрөнгө оруулагчид “шинэ санаа”-нуудад жилдээ ДНБ-ий 0.2 хувьтай дүйцэх хөрөнгө оруулдаг ч тэднээс санхүүжилт авсан компаниуд ДНБ-ий 21 хувьтай тэнцэх хэмжээний буюу 3.1 их наяд ам.долларын орлого олдог юм байна. Венч сангууд банк шиг мөнгө зээлдүүлчихээд зүгээр суудаггүй, тухайн компанийг гараанаас нь дэмжиж, хамтран ажиллаж, хувь эзэмшдэг. Нийт 11.9 сая хүн венч сангаас мөнгө авсан старт-ап буюу гарааны компаниудад ажиллаж байгаа нь Америкийн хувийн хэвшилд хөдөлмөр эрхлэгчдийн 11 хувийг бүрдүүлдэг гэнэ.

Ер нь аз туршсан баячууд л залуусын шинэ санааг дэмжиж, амжилт олох эсэх нь тодорхойгүй байхад хөрөнгө оруулалт хийснээр “Apple”, “Intel”, “Cisco” зэрэг нэр дэлхийд танил болсон билээ. Тухайлбал, Америкийн венч хөрөнгө оруулалтын түүхэнд Лоуренс Рокфеллер чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүний ахан дүүстэйгээ нийлж байгуулсан “Venrock Associates” нь “Intel”, “Apple Computer” болон бусад компанид хамгийн түрүүнд санхүүжилт олгож байжээ.

Харин Монголд “шинэ санаа”-г дэмжин аз турших хөрөнгө оруулагч байна уу? Өнөөдөр манай банкууд дахь хадгаламжийн хэмжээ 6.4 их наяд төгрөгт хүрсэн нь монголчуудад мөнгө байгааг харуулна. Гэтэл баян иргэд ч, баян компаниуд ч “шинэ санаа”-г дэмжих тухай ойлголтгүй байгаа нь харамсалтай.  Бид “шинэ санаа” том компани болж өргөжихийг харахын тулд юуны түрүүнд баячуудын ойлголтыг өөрчлөх хэрэгтэйг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ)-ны Шинэтгэлийн бодлогын газрын Инновацийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ тайлбарлаж байна.

Технологи ба мэдлэгийн эрин

Инноваци гэдэг нь өргөн хүрээнд “шинэ санаа” гэх ойлголт боловч сүүлийн 20 жилийн хугацаанд хүчээ авч буй мэдлэгийн хувьсгалтай холбоотойгоор инновацийг шинжлэх ухаан, технологийн салбартай нягт холбон ойлгох нь бий. Тухайлбал, саяхан батлагдсан Инновацийн тухай хуульд “инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ гэж заасан байдаг. Харин “шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг хэлнэ гэжээ.

Ер нь мэдлэгийн эрин, технологийн хувьсгал, мэдлэгт суурилсан эдийн засаг зэрэг сүртэй нэр ямар учиртай юм бэ? “Чамд нэг алим, надад нэг алим байгаад солилцвол бид ганц ганц алимтай л хоцорно. Харин чамд нэг санаа, надад нэг санаа байгаад солилцвол бидний аль аль нь хоёр санаатай болно” хэмээн Жорж Бернард Шоу хэлж байжээ. Мэдлэг, мэдээллийг хуваалцах боломжтойгоос гадна хэрэглэх тусам нэмэгддэг учраас эдийн засгийг хөгжилд хүргэх шавхагдашгүй нөөц юм.

1980-аад оны сүүлчээс АНУ болон Европын олон орны эдийн засгийн үзүүлэлт огцом сайжирч ирсний нууц нь мэдлэгийг бий болгож, үнэлж, ажил хэрэг болгож чадсанд оршдог. Харин Израил, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос мэтийн хөгжиж буй улс сүүлийн 20 жилийн дотор өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж, мэдлэгт суурилсан эдийн засагт амжилттай шилжиж чадсан юм.

Газар нутгийн хэмжээгээр Монголоос бараг 70 дахин бага, ердөө 60 жилийн түүхтэй, байгуулагдсан цагаасаа хойш эргэн тойрон дайсагнагч улсуудаар хүрээлүүлсэн, байгалийн баялаггүй Израил улсын нэг хүнд ногдох ДНБ манайхаас бараг 10 дахин их буюу 29,200 ам.долларт хүрчээ. Энэ орны хөгжлийн нууц нь инновацийг дэмжиж чадсанд л оршдгийг “Старт-ап үндэстэн” номноос уншиж болно. Шинжлэх ухаан, технологийн салбартаа мөнгө харамгүй зарцуулж, иргэдийнхээ мэдлэг, боловсролд хамгийн их анхаарч чадсан Израил улс эдүгээ дэлхийн аз туршсан хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулж байна. “Израилд хоёр өдөр байхдаа би дэлхийн бусад оронд бүтэн жил байснаас ч илүү их боломжийг олж харсан” хэмээн “Philips Medical” компанийн ахлах дэд ерөнхийлөгч Пол Смит хэлсэн байдаг. Венч капиталын нэг хүнд ногдох хэмжээгээр Израил нь АНУ-аас  хоёр дахин их болж чадсан бөгөөд хамгийн олон старт-ап компани энэ оронд амжилттай ажиллаж буй.

Харин манайд…

Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхуулсаар. Өнгөрсөн онд л гэхэд ДНБ маань Хятадынхаас хоёр дахин илүү хэмжээгээр буюу 17.4 хувиар өссөн. Харамсалтай нь энэхүү хурдтай өсөлтийн зүтгүүр нь уул уурхайн салбар бөгөөд өнөөдөр Монголын ДНБ-ий 30, экспортын 90, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг эрдэс баялгийн салбар дангаараа эзэлж байгаа юм. Ийм нөхцөлд мэдлэгт суурилсан эдийн засгийн талаар ярихад ч бэрх билээ.

Уул уурхай хүрээгээ тэлэхийн хэрээр бусад салбарыг, ялангуяа мэдлэгийн салбарыг шахан жижгэрүүлж байна гэсэн дүгнэлтийг хялбархан гаргаж болно. 2009 онд өндөр технологийн агууламж бүхий экспорт манай нийт экспортын 0.8 хувийг эзэлж байсан бол 2010 он гэхэд энэ хэмжээ 0.02 хувь болтлоо хумигджээ. Бид нүүрс, зэсийн баяжмал зэрэг түүхий эдээ хямд үнээр Хятад руу зөөж байхад Сингапур мэтийн мэдлэгт суурилсан эдийн засагтай орны экспортын тал хувийг дэвшилт технологи бүрдүүлдэг юм байна….Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс 

Д.МӨНХЧИМЭГ

Эх сурвалж: www.toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж