Ой мод ч гэсэн амьтай, бас дургүйцлээ илэрхийлж чадна. Эх орны ногоон хүрмийн бидэнд өгч буй зүйл маш үнэ цэнэтэй. Тодорхой зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хэрнээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ойг ил далд огтолж, борлуулсаар байна. Олж авсан зөвшөөрөл, хэмжээгээ хэтрүүлэн мод огтолдог. Нэг удаагийн гарал үүслийн гэрчилгээгээр дахиж хоёр гурван удаа явж мод бэлтгэх, ойн цэвэрлэгээний бичиг авчихаад үндсэн зориулалтаар бус мод огтлох, бэлтгэж байгаа нь олонтаа байна. Зарим нь бичиг баримтыг хуурамчаар үйлддэг.
Хялбар аргаар мөнгө олох, газрын баялгаар хэтэвчээ зузаалах гэсэн санаархалд хамгийн эхэнд өртдөг баялаг бол ой мод. Хулгайгаар мод огтлогчдын арга чарга улам нарийссаар байгаа аж. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хийх хяналт шалгалт чангарах тусам тэдний арга улам бүр нарийссаар байна. Том ачааны машины тэвшийг өндөрлөх юм уу битүүлнэ. Модыг микро автобус, тусгай зориулалтын жижиг оврын битүү тэвштэй тэргээр зөөвөрлөх болжээ. Модны машинуудын гаргасан хулгайн зам нийслэлд хэд хэдэн газраар орж ирдэг гэнэ.
Хулгайн энэ олон замаас нэгийг нь Цагдаагийн байгууллага илрүүллээ гэхэд тухайн зам дээр цагдаа байгаа эсэхийг мэдэхээр "толгойн сэргийлэх" ажиллуулдаг ажээ. Энэ зун л гэхэд Баянзүрхийн товчооны хоёр талаар модны хулгайчдын хоёр ч нууц зам гарсан гэнэ. Мөн хяналт шалгалтаас зугтаах өөр зам нь гэр хороолол. Хаана нь юу байдаг, хаагуураа яаж явахаа тэд гарын арван хуруу шигээ мэднэ. Унах унаагүй явган иргэд мод хулгайлах өөрийн гэсэн аргатай. Тэд огтолсон модоо уулын уруу өнхрүүлчихдэг. Ийм мод өнхрүүлдэг зам Богд уулын энд тэнд дурайж харагддаг.
Мод ачсан том жижиг ямар ч машин явбал тэр нь хууль бус хулгайн мод. Энэ бол нийгмийн буюу иргэдийн бодол. Хуулийн дагуу бол холбогдох яамнаас аймаг сумдад мод бэлтгэх зөвшөөрөл, хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Гэм нь энэ хэмжээг нь хэтрүүлчих гээд байдаг. Удахгүй модны гарал үүслийг гэрчлэх тэмдэглээтэй болох тухай сураг байна. Модонд тэмдэг тэмдэглэгээ тавих үзгийг ой хамгаалагч, мэргэжилтэнд олгох юм. Энэхүү үзэгний ажиллах журам тун энгийн. Яг л бид өдөр тутамдаа хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад уншуулдаг зураасан код буюу Bar code шиг уншуулна.
Нэг мод огтолсон бол буцааж хоёр мод тарих журамтай. Хэрэв энэ журам хэрэгждэгсэн бол өдийд Монгол орон ойн сан бүхий газрын хэмжээ хэд дахин их байх байлаа. Харамсалтай нь дээрхи журам хэрэгждэггүй. Гэхдээ мод гэдэг зөвхөн тарьснаар ургадаггүй. Арчилгаа хэрэгтэй.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин