БНАСУ-ын төлөөлөгчид Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

БНАСУ-ын төлөөлөгчид Хятадад айлчлав

БНАСУ-ын албаны хүмүүс өчигдөр Хятад улсад албан ёсны айлчлал хийж тус улсын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзсан байна.

Хэдхэн өдрийн өмнө Ким Чен Уны авга ах буюу хойд Солонгосын нөлөө бүхий удирдагчдын нэг Жан Сон Тэк  Хятадад айлчилж байсан билээ. Мөн тэрбээр энэ удаа хэдхэн хоногийн дараа дахин Хятадад айлчлал хийн хоёр орны хамтын ажиллагааны талаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. БНАСУ-ын Хятад улстай дипломат харилцаагаа зузаатгах бодлого нь тус улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байсан эцэг Кимийг таалал төгссөнөөс хойш бүр ч идэвхижсэн аж. Учир нь залуу удирдагч Ким Чен Ун болоод түүний албаныхан  Хятад улсыг өөрийн эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон түнш хэмээн Европын хүчирхэг орнуудаас ч илүү үздэгтэй холбоотой гэнэ.  

Түүнчлэн энэ сарын эхээр Ким Чен Ун Хятадын Коммунист намын томоохон удирдагчдыг өөрийн улсдаа хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр мөн л эдийн засаг, худалдааны түншлэлийн асуудлаар түлхүү ярилцсан хэмээн Синхуа агентлаг мэдээлжээ. 

Тус улсын Ажилчдын намын дарга, залуу удирдагчийн авга ах Жан Сон Тэктэй энэ удаа уулзах үеэрээ Ху Жинтао БНАСУ-тай хамтын ажиллагаагаа зузаатгаж, нийгмийн олон талт асуудал тэр дундаа эдийн засаг, гадаад худалдааны тал дээр хамтран ажиллахад бэлэн байна хэмээн мэдэгдсэн гэнэ.

БНСУ-ын экс удирдагч эцэг Ким өөрийн төр барьж байх хугацаандаа дөрвөн удаа Хятадад албан ёсны айлчлал хийсэн аж. Тэрээр  хамгийн сүүлийн айлчлалаа өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн юм байна. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар тус хоёр улс өөрсдийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь БНАСУ-ын хувьд эдийн засгийн хоригийн асуудал, харин Хятадын хувьд тус улсын цөмийн зэвсгийн асуудалтай ихээхэн холбоотой юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж