![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/5/1a59349c33df9ed5/e038fab5d0d86d16big.jpg)
Чуулганы нэгдсэн хуралдаанд 61 гишүүн оролцож, дээрх саналыг өгсөн юм. Харин дээрх тогтоолыг батлахын өмнө УИХ-ын дэд даргад нэр дэвшигчид хандан гишүүд саналаа хэлэх үед хурлын уур амьсгал нэлээд ширүүсэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Р.Гончигдорж гишүүнд хандан “Өмнөхтөйгээ тооцоо бодох бус өнөөдрөөс хойш урагшаа харж ажиллая. Хонзогносон байдлаар асуудалд хандахгүй байх ёстой” хэмээн хэлж хэсэг зуур ширүүхэн маргалдаад авлаа. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс хоёр гишүүнд хандан дэгээ сахихыг сануулснаар энэхүү маргаан намжив.
Харин дараа нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “С.Баярцогтод олон сайн давуу тал бий, одоогийн томилогдох албан тушаалд энэ дайны ажлыг аваад явж чадна. Гэвч өнгөрсөн хугацаанд хэтэрхий өөрийгөө бодсон зүйлийг тархиндаа тээж явсан юм болов уу даа. Оюутолгойн алдаатай гэрээг засахад оролцох ёстой. Монголын талд энэ гэрээ 60 хувийн ашигтай бус, энэ мэт зүйлийг өөрийн биеэр засах ёстой. Та 1990-ээд оноос хойш төрийн олон сайхан албыг хашлаа, тийм учраас ачийг хариулах ёстой. Ер нь энэ удаагийн УИХ-ын сонгууль Оюутолгойн гэрээнд хариуцлагагүй хандсан хүмүүсийг шүүсэн, харин таныг сонгогчид шүүгээгүй. Сайдад таны нэрийг нэр дэвшүүлээгүй нь танай намынхан танд хариуцлага тооцсоных гэж ойлголоо. Оюутолгойн гэрээнд алдаа гарчээ гэдгийг та эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд алдаагаа засаарай" гэж захисан юм.