Чуулганы цагийг сунгав

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд дарга томилогдож байгаатай холбоотойгоор тулгамдсан асуудал ярьж буйг ойлгож байна. УИХ-ын гишүүдийг байнгын хороондоо харьяалагдаачээ гэдэг бичгийг аль түрүүн өгсөн гэж ойлгож байгаа, түүнийг нь УИХ-ын дэд даргад нэр дэвшигч та хэрэгжүүлж өг. Бүлгийн тухай ярьж байна, МАН-ынхан үүргээ хэрэгжүүлэх замаар эрхээ эдлэх ёстой. Энэ бол нэгдүгээр аксиом байх ёстой. 24 цагийн дотор бүлэг байгуулах асуудлаа УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёстой, үүний дараа бусад асуудал явах ёстой. Энэ үүргийг хуульд захирагдаж хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын дэд даргад нэр дэвшигч та үүргээр дамжуулж эрхээ эдлэх зарчмыг хангаж ажиллаарай. Ард түмнийхээ элчийн хувьд гишүүн бүр үүргээ ухамсарлах ёстой” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Баярцогт гишүүн таныг УИХ-ын дэд даргад нэр дэвшиж буйг дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэн үнэн, та Оюутолгойн гэрээг дампууруулсан, тавантолгойг дампууруулах гэрээг мөн хийсэн, зохион байгуулсан. Төрийн ордныг  төмөр хашаатай болгох ажлыг та МАН-ынхантай хамт хийсэн. Ийм дампуурсан ажлыг дахиж битгий хийгээрэй, энэ төрийг ард түмэнд нээлттэй авлигаас ангид болгохын тулд УИХ-ын дэд даргыг санаачлагатай хийгээрэй хэмээн захих байна” гэлээ.  УИХ-ын дэд даргад нэр дэвшигчтэй холбоотой асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлсээр байна.

Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цаг өнгөрсөн ч үргэлжилж буй тул УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгасан болохыг онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж