Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 30 гаруй хувь нь дүрэмт хувцас өмсдөггүй байна. Үүний шалтгаан нь эцэг эхийн худалдан авах боломж тааруу, түүнчлэн дүрэмт хувцасны чанар өнгө үзэмж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэхгүй байгаад оршдог аж. Дээрээс нь дүрэмт хувцас үйлдвэрлэж импортлодог “Амно”, “Бат зүү”, “Их шаглаа”, “Цэн трэйд”, “Ноён аз”, “Төмөр трэйд”, “Энх зүр” зэрэг компаниуд 2010 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан шалгалтанд бүдэрч байсан юм. Эдгээр компанийн 71 хувь нь ажлын байргүй, мэргэжлийн загвар зохион бүтээгч, технологич, оёдолчин байхгүй, дүрэмт хувцасны материалын бүтцийг лабораторийн шинжилгээнд огт хамруулдаггүй зэрэг зөрчил илэрч байсан. Тиймээс дүрэмт хувцсыг нэгдсэн энгийн загварт оруулах шаардлагатай тулгарч байна.
БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэнгээс сурагчдын дүрэмт хувцасны талаар тодруулсан юм. Ер нь бол улсын хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг компаниудын хүчин чадал нийт сурагчдын 15 хувийн хэрэгцээг хангахаар байдаг байна. Одоогийн байдлаар БНХАУ-аас дүрэмт хувцас оруулж ирдэг хувь хүмүүс, компаниуд сургуулийн удирдлагатай очиж гэрээ хийх замаар сурагчдыг дүрэмт хувцасаар хангаж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сурагчдын нэгдсэн нэг дүрэмт хувцастай болгох асуудал энэ жилдээ бэлтгэл ажлаа явуулж байгаа учраас дараагийн хичээлийн жилд биелэлээ олох гэнэ. Тиймээс ирэх хичээлийн шинэ жилд сурагчид нэгдсэн энгийн загвартай, шаардлага хангахуйц, боломжийн үнэтэй, чанартай дүрэмт хувцастай болох нь ээ.