-Та Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг санаачлан батлуулсан хүний хувьд шинээр томилогдож буй албан тушаалтнуудад ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар сонгогдохоос бусад, нийтийн албанд томилогдож байгаа бүх албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчилгүй байдлаа илэрхийлэх шинэ журам руу орж байгаа. Түүний бараг анхныхыг шинэ Ерөнхий сайдын томилгоон дээр хэрэглэсэн. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-т өгч, АТГ ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлаар дүгнэлт гаргаж, тэр дүгнэлтийг үндэслэж томилгоонууд хийдэг тийм шинэ журам руу орж байна. Одоо шинэ Засгийн газрын кабинетэд багтаж томилогдох гэж байгаа сайд нар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгөх ёстой. Цаашдаа яам, агентлаг гээд нийтийн албанд томилогдож байгаа хүн бүхэн ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээр үндэслэж энэ албыг хэрэгжүүлснээр ард нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд орохгүй байх тухайгаа мэдүүлдэг журам руу орж байгаа.
-Шинээр томилогдох албан тушаалтнууд үүнийг яаж хүлээж авч байгаа бол. Ер нь тэд яг юуг ойлгох ёстой вэ?
-Хүмүүс үүнийг янз бүрээр ойлгож байх шиг байна. Нэгдүгээр шаардлага бол ямар нэг байдлаар өөрийнхөө ашиг сонирхлын хүрээг тайлбарлаж илэрхийлэх үүрэг хүлээж байгаа. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээрээ тухайн томилогдож очих газарт нь өөрийнх нь хамаатан сандан, хамааралт этгээд ажиллаж байгаа эсэх, тухайн салбарт өөрийнх нь хувь эзэмшдэг юм уу, өөрийнх нь явуулдаг ямар нэг бизнес, аж ахуйн нэгж, байгууллага байгаа эсэх, эсвэл өөрийнх нь эхнэр, хүүхэд, хамаатан садан зэрэг хамааралтай этгээдүүд нь тухайн салбарт бизнес эрхэлж байгаа эсэхийг ил тод мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлсэн нөхцөл байдал дээр нь үндэслээд АТГ ашиг сонирхлын зөрчилтэй эсэх дээр дүгнэлт өгнө.
-Хэрэв томилогдсоны дараа тухайн албан тушаалтнаас ашиг сонирхлын зөрчил илэрвэл яах вэ?
-Мэдээж хэрэг, эхлээд томилгоон дээр харьцангуй зөөлөн байгаа. Тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц аж ахуйн нэгжтэй байж болно. Гэхдээ түүнийгээ үнэн зөв шударгаар мэдүүлсэн байх ёстой. Харин томилогдсоны дараа тэр аж ахуйн нэгжтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахгүй байх ёстой. Гаргасан байх юм бол түүнийг авлига гэж үзнэ. Хуулийн хариуцлага шууд тооцно. Тиймээс ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэхдээ хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв бөглөх ёстой. Хоёр дахь хүчин зүйл бол үнэхээр эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, хийж байгаа бизнес нь тухайн салбарт монополь, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах бололцоотой томоохон байр суурь эзэлж байгаа нөхцөлд урьдчилсан байдлаар “Та энэ албан тушаалд томилогдох боломжгүй байна” гэдэг тийм үнэлэлт, дүгнэлтийг өгөх бололцоотой. Энэ хоёрыг бид үнэхээр сайн ялгаж зааглаж харж байгаа.
-Хэрэв илтэд ашиг сонирхлын том зөрчилтэй хүн тухайн салбартаа томилогдох гэж байвал яах вэ?
-Олигарх гэж хэлдэг, үнэхээр зах зээл дээр ноёрхчихсон, эсвэл зах зээлийн тодорхой томоохон хэсгийг дангаар эзэмшин бололцоотой болчихсон хүн бол яг тэр салбар дээр томилогдохгүй. Тэр салбар нь олон жижиг аж ахуйн нэгжээс бүрддэг, өрсөлдөөнд нөлөөлөхгүй байхаар бол томилогдож болно. Гэхдээ томилогдсоныхоо дараа бол ямар нэг байдлаар өөрийнхөө ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргах, шийдвэр боловсруулахад оролцох, шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг оролдсон байх юм бол тэр нь авлигын хэргээр зүйлчлэгдэнэ. Түүнийг томилогдох гэж байгаа албан тушаалтнууд мэдэж байх ёстой. Нөгөөтэйгүүр “Би томилогдмогц миний бизнес үндсэндээ зогсох нь ээ” гэдгийг ойлгох ёстой. Томилогдсоныхоо дараа бизнесээ чирч явна гэж ойлгох юм бол хамгийн түрүүнд энэ хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно. Ашиг сонирхлын зөрчил нь авлигын хуулиудаар албан тушаалаасаа зайлуулагдах үндэслэл болно.
Үүнийг хянах хоёр хүчтэй механизм ажиллаж байгаа. Нэгд, АТГ бие даасан мэргэжлийн байгууллагынхаа хувьд хянаж байгаа. Хоёр дахь нь УИХ дахь цөөнх. Хүчтэй, 25 гишүүнтэй цөөнх гэдэг бол өнөөдөр албан тушаалтнуудыг зөв ажиллаж байна уу, үгүй юү. Авлигад автах нь уу, үгүй юү, ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юү гэдгийг шинжих хуулийн орчинтой болчихсон учраас АН цөөнх байсныг бодоход хавьгүй сайн орчинд цөөнхийн эрх мэдлээ эдлэх эдлэх боломжтой болсон.
-Одоо Засгийн газрын танхимын гишүүнд нэр дэвшээд байгаа хүмүүст ашиг сонирхлын зөрчил харагдаж байна уу?
-Сайд нарын хувьд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэсэн болгоомжлол нэг хоёр сайд дээр гарах магадлал байгаа. Гэхдээ тэр нь томилоход садаа болохгүй, харин томилогдсоны дараа тэр сайд нарыг бүрэн тэр зүйлээр нь хянаж, хэрэв алдаа гарах юм бол албан тушаалаас нь зайлуулна гэсэн хуулийн орчинд ажиллах боломж байгаа. Үнэхээр уул уурхайн компанитай хүн уул уурхайн салбарт томилогдохгүй, барилгын томоохон компанийн эзэн Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдохгүй. Энэ нөхцөл байдлуудыг жигнэх ёстой. Гэхдээ жигнэх дэнс маань юу вэ гэхээр зах зээлийн өрсөлдөөнөө харах ёстой. Зах зээлийн өрсөлдөөнд тодорхой аж ахуйн нэгж нөлөөлөхөөр биш байгаа нөхцөлд томилгоонд садаа болохгүй. Гэхдээ түүнийгээ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг дээр заавал дурдсан байх ёстой. Нуусан байгаад АТГ-ын хяналтаар илрэх юм бол томилогдох албан тушаалдаа томилогдохгүй байх нөхцөл болно.
-Таны өргөн барьсан хууль үйлчлээд эхэлчихсэн байгаа шүү дээ?
-Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн.
-Сонгуулийн үеэр хэр үйлчлэв. Хэрэгжилт ямар байгаа вэ?
-Сонгуулийн үеэр үйлчлэх боломжгүй. Яагаад гэвэл Ашиг сонирхлын хуулийн хамгийн гол зохицуулалт бол томилогдож байгаа албан тушаалтан руу чиглэсэн. Сонгуулийн тогтолцооны тухайд ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө мэдэх учраас ард түмний сонголт руу хуулиар шууд дайрч болохгүй. Гэхдээ ард түмэн энэ хүн ашиг сониирхлын зөрчилтэй эсэхийг байнга үнэлж байх ёстой. Урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь байгаа. Ард түмэн нэгэнт сонгочихож байгаа учраас бид яаж ч чадахгүй. Гэхдээ сонгогдсон хүн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийх юм бол хуулиар хязгаартай. Хуульд нэг том заалт бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд гээд ЦЕГ, ТЕГ-ын дарга хүртэл тэнд орчихсон. Тэр этгээдүүд болоод тэдгээртэй хамааралтай этгээдүүд нээлттэй тендэрээс бусад тохиолдолд төсвөөс болон төрөөс санхүүгийн болоод бодлогын ямар нэг дэмжлэг авахыг хориглосон. Хэрэв тийм тохиолдол гарсан бол, тендэр зарлагдаагүй гэрээгээр ямар нэг зүйл авсан байх юм бол түүнийг авлига гэж үзэхээр заасан.