НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 08 дугаар тогтоолоор улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламжийн ажлаас бусад барилгын ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхийг түр зогсоосон шийдвэр гаргасан байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор уг асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч НИТХ-ын төлөөлөгч С.Очирбатын хийсэн мэдээллээр Улаанбаатар хотод 1300 га газарт шинээр барилгын ажил эхлүүлэхийг хотын ерөнхий төлөвлөгөө батлагдтал хориглох шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн барилгажсан хэсэг болох хэвтээ тэнхлэгийн дагуу 1 дүгээр хорооллоос Цайз зах, босоо тэнхлэгээр 19 дүгээр хорооллоос 32-ын тойрог хүртэл зам талбайд шинээр нэг ч барилга байшин бариулахгүй байхаар тогтоолын төсөлд оруулжээ.
Улаанбаатар хотын төв хэсэгт барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх уг тогтоол нь иргэдийн эрх ашигт хэтэрхий халдсан, олон иргэдийг хөрөнгө мөнгөний хувьд хохироож болзошгүй дарангуйллын шинжтэй шийдвэр байх вий гэж Тэргүүлэгч Б.Түвшин, С.Амарсайхан нар үзэв.
Оруулж ирсэн төслөөр бол дээрхи 1300 га талбайд нэг ч барилгын ажил эхлүүлэхгүй учраас энэ нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй иргэдийн газрын гэрчилгээг хүчингүй болгох хүртэл асуудал хуралдааны үеэр гарч ирсэн. Ингээд уг асуудлыг дахин судалж байж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж ирэхээр боллоо.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн удаахь асуудал нь замын түгжрэлийг бууруулах арга зам байлаа. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа замын түгжрэлээр энэ долоо хоногийн мягмар гарагт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар НИТХ-аар хэлэлцэхийн өмнө Тэргүүлэгчдийн хуралдаанаар арга зам, гарцын талаар ярилцлаа.
Автозамын ачааллыг зохицуулахын тулд автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган 7 хоногийн ажлын өдрүүдэд 07.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргасан байна. Ингэхдээ замын хөдөлгөөний гол ачаалалтай хэсэг болох их тойруу дотор, нарны замаас хойшхи хэсэгт байхаар албаны хүмүүс санал оруулж ирж байна. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах тухай оруулжээ. Улаанбаатар хотод нийт 77 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 20 хувь буюу 15 мянган албан хаагч ажилдаа хувийнхаа унаагаар ирж очдог.
Мөн томоохон дэлгүүр худалдааны газруудад ажил үйлчилгээ явуулж буй иргэд гадаахь зогсоолын талбай болон замын 1 дүгээр эгнээнд машинаа байрлуулдгаас замын бөглөрөл, түгжрэл үүсч байна гэж үзэж байна. ЕБС-ийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтайгаар сургуулийн автобусаар тээвэрлэх, худалдаа үйлчилгээний газрууд, их дээд сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг 10-аад төрлийн багц асуудал шийдэж байж замын хөдөлгөөний ачаалал буурна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н. Гантөмөр хэллээ.
Нийслэлд зам засварын ажил ид өрнөж, мөн их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсч эхэлж байна. Иймд ирэх долоо хоногт болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар дээрхи асуудлыг хэлэлцье гэж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэв. Тэргүүлэгчид санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ.