Дорнод аймагт өчигдөр ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тэргүүн Михайлов Евгений Георгиевич тэргүүтэй төлөөлөгчид айлчлан очсон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОШУСТ-ийн орлогч захирал Идамжапов Алексей Цырендоржиевич, ОШУСТ-ийн референт, орчуулагч Зимирёв Владимир Сергеевич нар байлаа. Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий албаны хүмүүстэй хүлээн авчээ.
Төлөөлөгчид Дорнод аймгийн сургуулиудын орос хэл, утга зохиолын багш нарт арга зүй, практик туслалцаа үзүүлэх зорилгоор очсон байна. Мөн 1939 оны Халх голын дайнд Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө, дурсгалт газруудад очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Уулзалтаар Чойбалсан хотод Оросын соёлын төв байгуулах талаар хоёр орны төлөөлөгчид уулзаж санал солилцсон байна.
Э.САР