Баг тамирчдыг хүлээн авах ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нээж үг хэллээ. Тэрээр Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг юм гэв. Сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр манай оронд хөл тавьсан бүх тамирчин, дасгалжуулагчдад спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж 10 хоногийн турш үргэлжилнэ. Спортын төв ордон болон Яармаг дахь спорт цогцолборт зэрэг явагдах уг тэмцээн спорт тоглоомын төрлөөр манай улсад зохиогдож анхны том тэмцээн юм байна. Энэ тэмцээнд эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах ажээ.