Сэргээгдэх эрчим хүчээрээ эдийн засгаа тэтгэе

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчээрээ эдийн засгаа тэтгэе

Манай улсын анхны салхин парк ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Энэ нь Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх газарт барьж буй 50 МВт-ын салхин цахилгаан станц бөгөөд ашиглалтад орсноор манай улс шавхагдашгүй эрчим хүчээ эргэлтэд оруулах боломж нээгдэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-аас “Ногоон ерөнхийлөгч” цолыг хүртэх үеэрээ “Монголчууд бид нар, салхины шавхагдашгүй нөөцөө ашиглаж “Gobi Tech” төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн манлайлагч болох боломжтой” гэж мэдэгдсэн.

Үүний эхлэл нь Салхитын цахилгаан станц болж байна. Ингэснээр бид зөвхөн нүүрсээрээ биш байгалийн шавхагдашгүй нөөцөөрөө дэлхийд өрсөлдөж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломжтой болно. Үүнийг зарим мэргэжилтнүүд  “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих” гэж нэрийдэх болсон.

Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу

Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тэр дундаа салхины нөөц нь шавхагдашгүй бөгөөд нөөцийн ангиллаараа олон улсын салхины эрчим хүчний нөөцийн 1-3 дугаар зэрэглэлд багтдаг аж. Зөвхөн Өмнөговь аймаг л гэхэд дангаараа 300 мянган МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах боломж бүхий нөөцтэй гэдэг. Мөн говийн бүсэд хүн ам сийрэг учраас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой. Тухайлбал, говьд 100 гВт-ын нарны эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Тиймээс Салхит төслийн дараагаар говьд цахилгаан станц байгуулахаар болсон. Харин Салхитын цахилгаан станцын хувьд Монголын салхины нөөцийн газрын зураг дээрх хамгийн их нөөцтэй газар буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Салхит уулыг түшиглэсэн байна.

Мөн Улаанбаатар хотоос 70 км-т байрлаж байгаа нь төвийн системд холбоход ойрхон гэдэг утгаараа давуу аж. Харин ашиглалтад орсноор эрчим хүчний системд 50 МВт-ын хүчин чадал нэмэгдэж, жилдээ 170 сая кВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх болно.

Мөн “Клинтек” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 250 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар төлөвлөсний эхний 100 МВт-ыг ирэх онд ашиглалтад оруулахаар болсон. Дорноговь аймгийн Сайншанд суманд “Сайншанд Салхин Парк” компани 52 МВт, “АБ солаар винд” ХХК Чойр сумын орчим 100 МВт-ын чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ хийсэн бол Говьсүмбэр аймгийн Чойр суманд “Айденир Глобал” гэх Туркийн компани 50 МВт-ын чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээгээ хийсэн байна. Эдгээр салхин цахилгаан станциуд ирэх онд ашиглалтад орох аж. Энэ үед Монгол Улс салхины эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 35-40 дүгээр байрт бичигдэх болно. Мөн дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаас гадна хөрш орнууд руу экспортолж эхэлнэ.

Дэлхий нийт хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих буюу нүүрс хэрэглэхээс аль болох зайлсхийх талаар ярьж байна. Энэ үед бүх л улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг сонгох болно. Хятад дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч орон учраас манай эхний худалдан авагч болох юм. Япон, Солонгос зэрэг улсуудад ч экспортлох боломжтой. Тэр дундаа Япон улс манай гол хэрэглэгч болох аж. Учир нь Фүкушимагийн осол япончуудыг төдийгүй дэлхийг цочроосон тул цэвэр эрчим хүчийг хөгжлийнхөө гол түлхүүр болгох зорилтыг тавиад байгаа.

Япон олон хүн амтай, газар нутгийн хэмжээ бага учраас салхин болоод нарны станц барихад хэцүү. Тиймээс хамгийн ойрхон цэвэр эрчим хүчний нийлүүлэгч нь манайх болж байгаа юм. Японы нийт хэрэглээнээс найм дахин их говийн нөөцөөс ердөө 10-хан хувийг л ашиглахад манай эдийн засагт асар их хэмжээний ашиг авчирна гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ нь зүгээр нэг яриа биш, ажил хэрэг болж байгаагийн жишээ бол Салхит төсөл юм. Салхит төслийн дараагаас говийн бүсийн нар, салхины эрчим хүчийг ашиглахаар ТЭЗҮ-г эхлүүлээд байгаа аж.

Энэ талаар “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ “ТЭЗҮ-г нь боловсруулаад дараа жилээс хөрөнгө босгоод ажилдаа орно. Азийн эрчим хүчний супер сүлжээгээр дамжуулан Монголд үйлдвэрлэсэн нар, салхины эрчим хүчийг бүс нутгийн зах зээл дээр борлуулах боломж нээгдэнэ. Өнөөдөр энэ нь мөрөөдөл биш боллоо. Энэ ажил аль хэдийн эхэлчихсэн болохоор Монгол Улс 10 жилийн дотор энэ салбартаа бүс нутгийнхаа манлайлагч болно гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар манай компани Японы томоохон “Softbank” корпорацитай хамтран цэвэр эрчим хүчний чиглэлд ажиллах “Clean Energy Asia” компанийг байгуулсан. Энэ компани Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судалж, бүтээгдэхүүнийг Азийн зах зээлд нийлүүлэх боломжийг судална” гэсэн юм. Мөн үүнийг дагаад ногоон эдийн засгийн тулгуур болох цэвэр технологи нэвтэрч, үүнд суурилсан 200-300 мянган ажлын байр шинээр бий болох аж. Түүнчлэн энэ жилийн өрсөлдөх чадварын тайланд эрчим хүчний хэрэглээний хомсдолд орж болзошгүй орны тоонд орж байсан бол цаашид өсөлттэй орны тоонд орох боломжтой болно.

Монгол хүмүүс өөрсдөө судалгааг нь хийж, загварыг нь гаргаад, хөрөнгө босгож монгол инженерүүдийн ур ухаанаар барьж чадаж байна. Харин салхин цахилгаан станцыг барьж, байгуулахад тулгарч буй зүйл бол тээвэрлэлт, логистикийн асуудал аж. Тухайлбал, “Ньюком” компани “Женерал Электрик”-ээс 31 салхин турбин авсан бөгөөд нэг турбин нь 240 тонн, суурь нь 1000 тоннын жинтэй. Гэтэл дэд бүтцийн асуудлаас болоод тээвэрлэлтэд хүндрэл учирч байгааг тус компанийнхан хэлдэг. Мөн “МCS-Интернэйшнл” компанийн дулааны хангамжийн эксперт Д.Самдан “Шороон замаар овор ихтэй тоног төхөөрөмж тээвэрлэх нь бэрх даваа. Манай компани Ухаа худагийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд бүтэн хоёр жил зарцуулсан” гэсэн юм.

Түүнчлэн Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулж, хүнд үйлдвэрүүдийн том том тоног төхөөрөмжийг авчирахад бас л тээвэрлэлтийн асуудал тулгарна.  Тиймээс юуны түрүүнд дэд бүтцээ шийдэхээр шинэ төмөр замын ажлаа эхлүүлээд байгаа билээ.

М.АРИУНСУВД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж