-Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
-Урлагийн хүн болсноор өдрийн ажил ч өөрчлөгдсөн байх. Нэг өдрийн хуваариа сонирхуулаач?
-Мэдээж өмнө нь энгийн нэгэн охин байхад амьдрал арай өөр байсан. Хамтлагийн гишүүн болоод явахад хамгийн нэгдүгээрт эрт босох хэрэгтэй. Бүх зүйл дээр эмх цэгцтэй, арчилгаа хэрэгтэй болдог юм байна. Өмнөх үеэ бодвол маш их завгүй болсон. Өдөр бүрийн ажил өөр өөр байдаг. Өнөөдрийн хувьд өглөө босоод студи дээрээ очоод хоёр цагийн бэлтгэл хийсэн. Үдээс хойш хувийн хэдэн ажилтай байж байгаад буцаад студи дээрээ очиж шинэ дууны бэлтгэлд орсон.
-Урлагийн хүн байх ямар санагдаж байна?
-Урлагийн хүн байна гэдэг үнэхээр гайхалтай. Бид залуу хүмүүс, энэ насан дээрээ урлагийн амьдралаар амьдарч байгаадаа баяртай байдаг.
-Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Манай хамтлагийн таван гишүүний гэр бүлийнхэн нь бүгд урлагт хайртай, ойлгодог хүмүүс байдаг. Сайтууд дээр янз бүрийн мэдээлэл гараад, доорхи сэтгэгдлүүд нь биднийг хийгээгүйг хийсэн болгож байсан нь хэцүү санагдах үе байсан. Тэдгээрийг гэр бүлийнхэн маань хэлээд, туслаж дэмждэг. Өмнө нь янз бүрийн мэдээллийг уншаад сэтгэлээр унадаг байсан бол одоо нэг их тэгдэггүй.
-Нэвтрүүлэгт яагаад орох болсон бэ?
-Миний хувьд БНХАУ-д суралцдаг байсан. Монголд дөнгөж ирсэн чинь "Making the band" шоу гараад "Anemone" хамтлагийн дуунууд хүчээ авч байсан. Би өөрөө дуулах сонирхолтой байсан учраас гэр бүлийнхэн, эгч маань намайг орохыг зөвлөсөн. Би эхэндээ их эргэлзсэн. Тэгээд тэмцээндээ ороод тэнцсэнийхээ дараа сургуулиасаа чөлөө аваад ирсэн. Манай Азигийн хувьд ч гэсэн БНХАУ-д суралцдаг байсан. Бид хоёр сургуулиа орхиод энэ жилээс СУИС-д орж байгаа.
-"Аnemone"хамтлагийн уран бүтээлийг сонсдог уу, хэр холбоотой байдаг вэ?
-"Anemone" хамтлагийн хувьд шоуны анхдагч гэдэг утгаараа бид дууг нь сонсох дуртай. Бид шоунд ороод яаж явсан тэр хамтлагийн охид яг энэ замыг туулсан учраас ер нь дэмждэг шүү.
-Хамгийн анхны уран бүтээлээ сонсоод ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Мэдээж хамгийн анхны уран бүтээлийг сонсоход маш гайхалтай байсан. Тэр дуу клипийг хийхэд маш их хөдөлмөр шингээсэн учраас бүгд сэтгэл хангалуун байдаг.
-Өөрсдийнхөө тухай мэдээллийг хэр уншдаг вэ?
-Хүмүүсийн үлдээсэн коммент, сэтгэгдлийг бараг үздэггүй гэхэд болно доо.
-Хамтлагийн хувьд шинэ гишүүдээр цусаа сэлбэсэн. Хамтлагийн гишүүдээ танилцуулаач?
-Манай хамтлаг таван гишүүнтэй болсон. Хамтлагийн ахлагч Ази, миний бие Хонгороо, Дөлгөөн мөн шинэ хоёр гишүүнийг маань Уянга, Хуунаа гэдэг.
-Хамтлагийн охид уран бүтээлээс гадна юу хийдэг вэ?
-Ази бид хоёр энэ жил СУИС-ийн дуулаачийн ангид орно. Дөлгөөн СУИС-ийн дөрөвдүгээр курст суралцдаг. Нөгөө хоёр маань ч гэсэн оюутнууд.
-Шинэ гишүүдийг чимээгүй авчих шиг болсон?
-Шинэ гишүүн авахдаа эхлээд зарлая гэж бодож байгаад сүүлдээ нам гүмхэн студи дээрээ шалгаруулаад авсан.
-Гишүүд цөөрсөн нь ямар санагдаж байна?
-Олуулаа байхад хүмүүсийн ярьдгаар илүү сүртэй байсан. Гэхдээ хамтлагийн уран бүтээлийн хувьд илүү хурдан, амар болсон. Нэг их цөөрч шалиагүй дээ. Гурван хүн л хасагдсан.
-Гишүүд яагаад гарах болов?
-Охидын хамтлагаа орхих болсон шалтгаан нь янз бүр. Зарим нь хувийн шалтгаанаар, сургууль соёл, эцэг эх ар гэрийн асуудлаас болоод гарсан.
-Хамтлагийн стиль имижийг анхнаасаа тодорхойлчихсон байсан уу?
-Шоуны хувьд тэр чигээрээ том төсөл байсан. Хамтлагийн уран бүтээл дээр "Pro sound", үс засалтын тал дээр "Matrix", хувцсанд "Урлах эрдэм" салон хамтран ажилладаг. Ер нь анхнаасаа төлөвлөсөн гэж болно.
-Анх секси стилийг бүрдүүлнэ гэдгийг сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Янз бүрийн орчинд өссөн олон төрлийн ааш араншинтай охид тэрийг сонсоод янз бүрээр л хүлээж авч байсан. Гэхдээ цаанаасаа гаргаж ирж байгаа ажил учраас телевизийн нүүр царайнд ямар байх, амьдрал дээр хэрхэн харагдах хоёрыг тусад нь ойлгох хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Хамтлагийн охид найз залуутай юу?
-Үүнийг нууцалсан дээр байх аа.
-Танай дуунуудыг сонссон хүмүүс хоолойг нь янзлаад эффект оруулдаг гэж ярьдаг. Энэ тал дээр?
-Энэ яриаг бол үгүйсгэнэ. Яагаад гэхээр бид наймдугаар сарын дундуур irish юм уу lounge-д жижиг хэмжээний амьд тоглолт хийнэ. Залуус маань тэнд очоод биднийг яаж амьдаар дуулдгийг хараарай гэж хэлмээр байна. Манай хамтлагийн дуулдаг төрөл electro dance pop чиглэлийнх учраас янз бүрийн эффект их ордог. Түүнээс үүдээд амьдаар дуулж чаддаггүй гэж боддог хүмүүс нэлээд байдаг юм шиг байна лээ. Мөн саяхан манай хамтлаг МУГЖ Д.Хоролсүрэн гуайн "Үүрд хамт байгаач ээж ээ" гэдэг дууг дуулсан. Үүн дээр ямар нэг эффект засвар ороогүй. Дараа нь Оки ахын нэг дуу хийсэн. Бас ямар нэг шуум ашиглаагүй. Ер нь хоолой янзална гэдэг буруу ойлголт байх гэж боддог.
-Цаашид энэ стилиэрээ дуулах уу?
-Ер нь манай хамтлагийн голчлон баримталдаг стиль бол pop dance. Тэгэхээр уран бүтээлүүд маань ихэвчлэн энэ чиглэлээр гарна. Мөн тун удахгүй “Тэх үү" гээд дуу цацагдах болно. Энэ дууны хувьд өмнөх уран бүтээлүүд шиг хүмүүсийг доргиосон цоглог байна. Гэхдээ үүний хажуугаар төрөл төрлийн жанраар дуулах хүсэл байгаа шүү.
-Цомог гаргах төлөвлөгөө бий юу?
-Байгаа. Энэ ондоо багтаагаад нэг цомог гаргах болно.
-Тэгвэл тоглолт?
-Бид МУГЖ Ж.Алтанцэцэг багштайгаа зэрэгцээд намраас тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа. Тоглолтын тов тодорхой болоод ирэхээр бэлтгэлдээ шаргуу орно.
-Уучлаарай. Нэг аймагт тоглолт хийхэд хөгжим нь унтарсан бичлэг сайтуудаар цацагдаад байсан. Тэр юу болсон юм бэ?
-Бид арванхоёрдугаар сард маш их тоглолттой байсан. Нэг өдөрт л гэхэд 5-6 тоглолттой байж таарсан. "Сандэй групп"- ийн урилгаар Сэлэнгэ аймагт дуулах үеэр энэ явдал болсон юм. Өвлийн ид хүйтэнд гадуур хувцастай гадаа дуулсан. Тэр үед өвлийн хүйтэн байсан учраас хөгжим нь хөлдөөд гацаад байсан. Биднээс гадна өчнөөн олон дуучид байсан. Тэднийх ч гэсэн гацаад унтарсан. Гэтэл тэр бичлэгийг үзсэн хүмүүс ам барьсан гэх мэтээр ярьж, буруу ойлгосон.
-Кино, рекламны санал хэр ирж байна вэ?
-Одоогоор рекламны санал ирж байгаа. Үүнийг продюссер маань мэддэг учраас баттай хариулт хэлж мэдэхгүй юм.
-Уран бүтээлийн олз омог чинь ашиг олох хэмжээнд хүрч чадаж байна уу?
-Дуулаад олсон ашгаа эргээд уран бүтээлдээ зарцуулдаг. Клип, дуу гээд эргээд дараагийн зүйлдээ зарцуулдаг.
-Ярилцлагын төгсгөлд сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний хувьд саяхан Хурд хамтлагийн Цогоо ахаас хоёр дуу авсан. "Торгоны зам" гээд загварын талын дуу байгаа. Бас нэг дуу бий. Мөн Оки ахын дуун дээр ажиллаад дууссан. Тун удахгүй клипний ажилд орно. Бас энэ сарын дундуур “Тэх үү" гээд дууны маань клип хүмүүст хүрэх болно. Цаашдаа маш олон сайхан уран бүтээлийг та бүрэндээ хүргэх болно гэж хэлмээр байна.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин