Эквадор Жулиан Ассанжийн хүсэлтийг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Эквадор Жулиан Ассанжийн хүсэлтийг зөвшөөрчээ

Өчигдөр Эквадор улс “Wikileaks” сайтыг үндэслэгч настай Жулиан Ассанжийн
улс төрийн орогнол хүссэн өргөдлийг авч хэлэлцээд түүнд орогнол олгохыг
зөвшөөрсөн байна. Жулиан Ассанж өнгөрсөн зургадугаар сард түүнийг
Шведрүү шилжүүлэхийг эсэргүүцэн, Эквадорын Элчин сайдын яаманд тус улсад
орогнох хүсэлт гаргасан билээ.

Харин  Эквадорын Засгийн газар хүсэлтийг авч хэлэлцэн шийдвэр гартал
түүнийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнохыг зөвшөөрсөн
юм. Үүнээс хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоёр сар
гаруйн хугацаанд орогнож буй Жулиан Ассанжийг уржигдар Их Британи
Элчин сайдын яаманд нэвтэрч баривчилна гэж сүрдүүлсэн билээ.

Их Британийн энэхүү мэдэгдлийг Эквадор эрс эсэргүүцэж, Жулиан Ассанжийн
улс төрийн орогнол хүссэн өргөдлийг яаралтай  авч хэлэлцээд дээрх
шийдвэрийг гаргажээ. Эквадорын талсаас хэрвээ Жулиан Ассанжийг Шведрүү
шилжүүлвэл хүний эрхийг зөрчсөн үйлдэл болно гэж үзсэн байна.

Харин Жулиан Ассанж Эквадорын уг шийдвэрт их талархаж буйгаа Эквадорын
Лондонд суугаа Элчин сайдад илэрхийлжээ. Мөн тэрбээр “Намайг энэхүү
мөрдлөг хавчлагаас зоригтойгоор хамгаалах орон бол Их Британи ч биш, эх
орон Австрали маань ч биш ганцхан чин зоригт, тусгаар тогтносон Латин
Америкийн орон л байна. Өнөөдөр бол түүхэн ялалтын өдөр, бидний тэмцэл
дөнгөж эхэлж байна.” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Жулиан Ассанж ирэх ням гаригт Лондонгийн Элчин сайдын яамны
өмнө мэдэгдэл хийх тухайгаа Twitter-ээрээ дамжуулан мэдэгджээ. Харин
Эквадорын гаргасан шийдвэрийг Их Британи ихэд буруушаан “Хэдийгээр
Эквадор Жулиан Ассанжийг эх орондоо орогнуулахыг зөвшөөрсөн ч түүний
хэргийн гол нөхцөл өөрчлөгдөхгүй. Зөвхөн хэргийн шийдэгдэх хугацааг л
сунжруулна” гэж мэдэгдсэн байна.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж