Өдгөө бидний амьдралын хэрэглээний салшгүй хэсэг болсон зарим
зүйлсийг огт санаандгүйгээр зохион бүтээсэн байх нь бий. Ньютоны алим,
Менделеевийн зүүд, Энэтхэг рүү яваад Америкийг нээсэн Колумб гээд ер
бусын түүх цөөнгүй. Зах зээлд хувьсгал хийж, хүний хөдөлмөрийг
хөнгөвчлөхийн зэрэгцээ зохион бүтээгчиддээ сая сая долларыг авчирсан
зүйлсийн талаар танилцуулья.
Супер цавуу
Дэлхийн II дайны үед Америкийн химич Гарри Кувер цианакрилын хүчлийг
бууны хараа сайжруулахад ашиглах туршилт хийж байжээ. Тэрбээр зорьсондоо
хүрээгүй ч цаас, мод, хуванцар, арьс гээд бараг бүхнийг наах чадалтай
цавууг туршилтынхаа явцад гаргаж авсан аж. 1958 онд супер цавууг
үйлдвэрлэж эхэлсэн нь цавууны зах зээлд үсрэлт хийсэн юм. Анхны супер
цавуу “Eastman 910” 1959 онд дэлхийн зах зээлд гарсан аж. Супер цавууны
460 патентыг эзэмшдэг асан эрдэмтэн Гарри Куверыг АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама Технологи, инновацийн салбарт амжилт гаргасан хэмээн
шагнажээ.
Мовеин будаг
Их Британийн иргэн Уильям Генри Перкин хумхаа өвчнийг анагаах эм
бүтээхээр хэдэн жил зүтгэжээ. 1856 онд Перкин дэлхийн хамгийн анхны
синтетик будгийг зохион бүтээсэн. Тэрбээр бүтээлээ патентлаж, Лондоноос
холгүй үйлдвэр нээсэн байна. Төд удалгүй мовейн буюу синтетик будаг нэрд
гарч, 1862 онд Хатан хаан Виктория ийм будгаар будсан даавуун даашинз
өмсөж, олны өмнө гарч байжээ. Харин мовеинийг зохион бүтээгч Перкин
үйлдвэрээ нээснээс хойш гурван жилийн дараа саятны жагсаалтад багтаж
чадсан юм.
Вазелин
Химич Роберт Чезбро 1859 онд нефть тунасан газарт парафин хэмээх
наалдамхай бодис илрүүлжээ. Овсгоотой залуу парафинаас дээж авч,
шинжилсэний дүнд вазелиныг гарган авсан байна. 1872 онд тэрбээр
вазелиний зохиогчийн эрхийг авч, 1870-аад онд компаниа байгуулан,
Лондон, Парис, Барселонд салбарыг нь нээсэн. 1911 он гэхэд Чезброгийн
үйлдвэр Европын төдийгүй Африкийн орнуудад салбараа нээж, өргөжин тэлсэн
бөгөөд тэрбээр 96 нас хүртлээ эрүүл энх байснаа вазелин байнга
хэрэглэсний ач тус хэмээн ярьдаг байжээ.
Дугуйтай сэрүүлэг
Шинэ өдрийг эхлүүлэгч сэрүүлгийг “гүйдэг” болгох санаа Гаури Нандад
төржээ. АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуулийн оюутан Гаури
бяцхан дугуйтай бөгөөд тогтсон цаг нь болоход ийш тийш өнхөрч эхэлдэг.
Эзэн нь босож сэрүүлгээ унтраах хүртэл хонх жингэнэсээр, нааш цааш
өнхөрсөөр. Их сургуулиа төгссөний дараа Гаури банкнаас зээл авч,
дугуйтай сэрүүлгээ үйлдвэрлэж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд гүйдэг
сэрүүлэг дэлхийн 45 оронд зарагдаж байгаа бөгөөд эзэндээ 16 сая
ам.доллар авчраад буй.
Хутгатай сэрээ
Хутга
сэрээ хоёрыг нэгтгэх санааг Майк Миллер хэмээх эр бодож олжээ. Пиццаг
хутгаар зүсээд, сэрээдэж иддэгтээ бухимдсан залуу “Яагаад сэрээ, хутга
хоёрыг нэгтгэж болдоггүй юм бол” гэж боддог байж. Сэрээний захын нэг
шүдийг хутга шиг иртэй болгох санааг амьдралд нэвтрүүлэхэд гурван жил
зарцуулжээ. Коллежид элсэн орсныхоо дараа тэрбээр өвөөгөөсөө 10 мянган
ам.доллар зээлж, өөрийн компаниа байгуулсан аж. “Knork” компани
бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэлснээс хойш хоёр жилийн дараа буюу
2011 онд Миллер саятнуудын тоонд багтжээ.
Богино долгионы зуух
Дайсны онгоцнуудыг илрүүлэх төхөөрөмж зохион бүтээхээр ажиллаж байсан
инженер Перси Спенсерийн халаасанд байсан шозолад хайлснаас богино
долгионы зуухны түүх эхэлжээ. Богино долгионы улмаас шоколад хайлсныг
мэдсэн инженер уг долгион хүнсний бусад бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлдгийг
судлахаар сэтгэл шулуудаж. Бүтээсэн зуухандаа поп-корн бэлтгэж, хот-дог
халааж хэрэглэсээр байсан Спенсер 1940 онд зохиогчийн эрхээ авсан
гэдэг.
“Radarange” маркийн богино долгионы зуухыг “Raytheon” компани 1947
онд худалдаанд гаргасан бөгөөд 1949 онд олноор нь үйлдвэрлэж эхэлсэн.
Анхны богино долгионы зуух 3000 ам.долларын үнэтэй байлаа.
Баримлын шавар
Хүүхдүүдийн
дуртай тоглоомын нэг болохоосоо өмнө пластилин 22 жилийн турш ханын
цаас цэвэрлэх зориулалтаар ашиглагдаж байв. Жозеф МакВикерийн бэр бүсгүй
цэцэрлэгийн багш байсан бөгөөд шавь нартаа баримлын шаврыг аваачиж
өгсөн нь багачуудад учиргүй таалагдсан байна. Бэрийнхээ яриаг сонссон
МакВикер баримлын шаврыг хүүхдүүдийн тоглоом болгох санааг удирдлагадаа
“худалджээ”. Төрөл бүрийн өнгө, тэр бүү хэл жимс, шоколадны үнэртэй
баримлын шаврыг худалдаанд гаргаснаар компанийн орлого дөрвөн жилийн
хугацаанд 100 мянгаас гурван сая ам.доллар хүртлээ өсчээ. 1973 оны нэгэн
ням гаригийн өглөө сүмийн найрал дуунд дуулж зогссон Артур Фрай гэнэт
өөрөө наалддаг хавчуурга цаас хийх санааг олжээ. Тэгшлэн хайчилсан
жижигхэн цааснуудын нэг тал цавуу нааснаар анхны “Post it” бий болсон
байна. Хожмоо уг стикерийг улам боловсронгуй болгож, олон өнгийн, янз
бүрийн хэлбэр дүрстэйг худалдаалах болсон. Одоо жилд зургаан тэрбум блок
наадаг цаас дэлхийн 100 гаруй улс оронд худалдаалагдаж байна.
Иштэй зайрмаг
Фрэнк
Эпперсон хэмээх хүү нэгэн өвлийн үдэш ууж байсан аягатай жүүсээ довжоон
дээрээ мартаж орхиж. Шүүс хутгаж байсан савх мод хөлдүү жүүснээс цухуйж
байхыг хараад аяганаас нь гарган долоож эхэлж. 18 жилийн дараа буюу
1923 онд Фрэнк ундааг хөлдөөж худалдах бизнес эрхэлжээ. Модон иштэй
зайрмаг нь илүү амжилт олсон байна. Фрэнкийн “Попсикл Корпорэйшн”
компанийн орлого 1985 онд 155 сая ам.доллараар хэмжигдэж байв.
Толгойны үс хусагч
“HeadBlade”
буюу толгойны үс хусагч төхөөрөмжийг Тодд Грин хэмээх америк эр зохион
бүтээжээ. Тэрбээр 20 настайгаасаа халзарч эхэлсэн учир үсээ байнга
хусдаг байв. Иймэрхүү зүйлийг ямар нэгэн тусгай хутгаар хусах ёстой гэж
Тодд боддог байжээ. 1998 онд хэрэглэхэд хялбар, аюулгүй төхөөрөмж
бүтээж, ойр дотныхноосоо мөнгө зээлэн компани байгуулсан байна. Түүний
зохион бүтээсэн толгойн үс хусагчийг “Time” сэтгүүл 2000 оны шилдэг
бүтээлүүдийн нэгээр нэрлэжээ. “HeadBlade” Америкийн 20 гаруй мянган
дэлгүүрээр зарагдаж, жилд 7-10 сая ам.долларын ашиг авчирсаар байгаа.