Түүний дамжуулснаар тулалдаан болж байгаа Мазза районд Ираны Элчингийн барьж байгаа шинэ байр байдаг гэнэ. Тулаан болж буй газар агаарт хар утаа хөөрч байгаа харагджээ. Районы аюулгүйн албаны бүх постуудад хүч зузаатгаж, цэрэг цагдаа нар сэжигтэй хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байна.
Хохирлын тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Засгийн газрын хүчин энэ сарын эхээр нийслэлд эсэргүүцлийн голомтуудыг устгасан тухай зарласан юм. Гэвч наймдугаар сарын 15-ны өдөр Дамаскт бас нэг довтолгоон болжээ. Босогчид бензин зөөгч машиныг эрх баригч “Баас” намын байранд ойртуулж байгаад дэлбэлжээ. Дэлбэрэлтээс болж хэд хэдэн хүн шархаджээ.
Энэ үед Пентагоны тэргүүн Леон Панетта хэвлэлийн бага хурал хийн Сирийн хэргийг зохицуулах Америкийн хувилбарыг Орос, Хятад хоёр дэмжихгүй бол АНУ ба түүний холбоотнууд ерөнхийлөгч Башар Ассадыг зайлуулах арга олно гэсэн ойлголтыг өгсөн байна. “Сирийн асуудлыг зохицуулахад бодит үйлдэл хэрэгтэй. Үүнд Орос, Хятад хоёрыг тус дэм болно гэж найдаж байна” хэмээн Леон Панетта хэлэв.
Мягмар, лхагва гаригт Сирийн Алеппо хотод ширүүн тулалдаантай болов. Сирийн албан ёсны САНА агентлаг тулалдааны явцад хэдэн арван террористуудыг устгалаа гэж мэдээлсэн байв. Сирид Ливиэс хоёр аюултай хээрийн дарга Мехди аль-Хариси ба Хусама Нажар нар ирсэн тухай мэдээ ирж байна. Тэд хээрийн дарга өнгөрсөн онд Триполи хотод Мауммар Каддафийн өргөөг дайрч эзэлсэн нэртэй дайчид гэнэ. Тэдний хамт мэргэн буучид, хүнд техник ба зенитийн төхөөрөмж ашиглаж чадах хөлсний дайчид иржээ. Тэдний отряд Ливийн уулархаг мужид бэлтгэлээ хийгээд иржээ. Одоо тэд аль-Умма гэх бригадын бүрэлдэхүүнд орсон байна. Хөлснийхөн хямралыг шийдэх Алеппо хотын дэргэд тулалдаж байгаа гэнэ.
Наймдугаар сарын 15-ны өдөр Сирийн Засгийн газрын цэрэг сөрөг хүчний хяналтад байгаа Аазаз хотод агаараас цохилт өгөх үеэр 31 хүн алагдаж, 200 орчим хүн шархаджээ. Хэд хэдэн байшин бүрэн нурж, балгас дор хүмүүс “булшлагдаад” байна.