![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Агентлагуудын тоог цөөлж 28 болгоно гэж байгаа ч энэ нь чухамдаа яамдын тоог нэмэгдүүлж байгаа. 1990-ээд оноос хойш яамд нь бодлого тодорхойлдог, агентлаг нь хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байхаар бид зорьж ирсэн. Агентлагийн ажил дотор аж ахуйн шинж чанартай ажлууд ч бий. Одоо харин энэ нь яамдад шилжиж, нэг ёсны улстөр, бизнес хоёр хутгалдах болж байна. Нийт таван яам шинээр байгуулагдах болж байгаа. Тиймээс асуудалд болгоомжтой хандах ёстой” гэж байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улстөр, бизнес хоёр хутгалдахгүй, агентлагуудад тусгай зөвшөөрөл, лиценз гэсэн зүйлүүд л бий. Хариуцлагыг тодорхой болгож чангатгахгүй бол болохгүй байна. Жишээ авъя, Ашигт малтмалын газрын дарга байсан нөхөр газар нутгаа худалдаад өнөөдөр шоронд хоригдож байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь ямар ч хариуцлага хүлээхгүй явж буй. Ийм байж яасан ч болохгүй, тодорхой ажил хариуцаж л байгаа юм бол түүндээ хариуцлага хүлээдэг болох ёстой, үүний төлөө Ардчилсан нам зорьж байна. Ингэж байж төр тунгалаг болно. Ер нь агентлагийн дарга нар хэн нэгний гар хөл болж ирсэн, үүнийг таслан зогсоох цаг болсон” гэсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Төрийн өмчийн хороо, тендер хариуцсан байгууллагыг харьяалах чиг үүргийг хуулийн төсөлд зааснаас өөрөөр томъёолж, Ерөнхий сайд юм уу, эс бөгөөс Шадар сайдын мэдэлд шилжүүлэх ёстой” гэж байлаа. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тендерийн тухайд шинэ хуулийн хүрээнд төрийн бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусдаа газар бий болно. Гэхдээ үүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалуулах нь бодлогын хувьд зөв. Ерөнхий сайд гэдэг хэрэгтэй, хэрэггүй баахан юм хажуудаа байлгаж байдаг гацуур модны чимэглэл шиг сууж болохгүй” гэсэн юм. Харин Төрийн өмчийн хороог Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлье гэснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн бол тус байнгын хорооны дарга саналын томъёоллыг бэлтгэсэн байгаа гэж мэдэгдэж байв. Ингээд санал хураалтын шатанд дээрх санал дэмжлэг хүлээж, улмаар энэхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм. Дараагаар нь чуулганы хуралдаан эхэлж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцлээ. Эл төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуун ямаанд 60 ухна гэгчээр яамдын тоог нэмж, байгаа нь зохисгүй байна. Яамдын тоог дагаад сайдуудын тоо өсч тэр хэрээр дэд сайд нар бас нэмэгдэнэ. Яагаад дарга даамлуудын тоог нэмэх гээд зүтгээд байна вэ” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өмнө нь Ардын намтай хамт Засгийн газар байгуулаад явж байхад 18 сайдтай ажиллаж байсан. Тийм учраас зуун ямаанд жаран ухна гэх мэтээр биенээ муулах шаардлагагүй. Хамгийн гол нь хариуцлагыг сайжруулахыг чармайж байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөрийн яаманд хариуцуулаачээ, харин ерөнхий эрдмийн хичээл бол Боловсролын яамандаа харьяалагдах ёстой гэлээ. Үүнд Ерөнхий сайд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухайд тантай санал нэг хэрнээ эсрэгээр хийж байгаа. Тогтсон оронд бол таны хэлснээр явж болдог байх, манайд хараахан ийм зохицуулалт хийх цаг болоогүй байна. Аажимдаа цэгцрээд ирэхээр сонгодог тал руу нь явуулна” гэлээ. Дараагаар нь санал хэлэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тендер болгоны маргаан дээр Ерөнхий сайд зогсож байдаг юм руу орчих вий. Эрчим хүчний сайд нь цахилгааны асуудлаа Хөдөө аж ахуйн сайдтай ярьдаг болох нь зохисгүй, үүнийг өөрчлөх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Яамдын тоог нэмэхээр орон тоо нэмэгдэхгүй гэж байхгүй нэмэгдэнэ. Одоохондоо нууж болно, цаашдаа чадахгүй. Төрийн өмчийн хороог Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулах болж буйг огт ойлгохгүй байна. Хувьчлалын асуудал дууссан учраас Төрийн өмчийн хороог задлах хэрэгтэй гэж ярьж байсан хүмүүс одоо бүр эсрэг зүйл ярьж байна. Төрийн өмчийн хороо бүр харь гаригт очих нь. Хуучин Ерөнхий сайдын харьяанд байсан түүгээр нь үлдээж яагаад болохгүй байна вэ. Хөдөлмөрийн яаманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өгөөд, Оюутолгой, Тавантолгойд суралцагсдыг очиж ажиллуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын системийг Эрүүл мэндийн яаманд өг, хэн ч сайд болсон. Мөнгөө төлсөн нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болох хэрэгтэй байна” гэлээ. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураахад олонхи гишүүд энэхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хороонд шилжүүлэв.
Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн асуудлаа дахин оруулах болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 17 цаг 50 минутанд эхэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан ба гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргаж үүнийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Г.ДАРЬ