Засгийн газрын бүтцийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтцийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 90.9-94.5 хувийн саналаар тус бүр баталлаа. Дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийх үед гишүүдээс дээрх хоёр төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг ийнхүү ёсоор болголоо. Төслүүд батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх болж байна. Харин дээрх хоёр төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд 16 орчим саналын томъёоллоор санал хураалгаж, дэмжлэг хүлээсэн байсныг нэгбүрчлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг авч дэмжүүллээ. Тухайлбал, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах асуудал харьяалагдах байсныг хасч, оронд нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар болсон нь гишүүдээс дэмжлэг хүлээлээ. Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд газар зохион байгуулалтын бодлого харьяалагдаж байсан дээр нэмж усны нэгдсэн бодлогыг тусгаж өгөв.  Түүнчлэн төслийн 1 зүйлийн 3 дахь хэсгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнээс “-жендерийн хөгжлийн асуудал” гэснийг хасч Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэмсэн нь дэмжлэг хүлээлээ.

Түүнчлэн Хууль зүйн эрхлэх асуудлын хүрээнээс оюуны өмч, патент зохиогчийн эрхийн асуудлыг хасч Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд нэмж оруулсны зэрэгцээ Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс түлшний хангамж нөөцийн бодлого, зохицуулалтыг хасч, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлы хүрээнд шилжүүлэв.

Ийнхүү нийт дэмжлэг хүлээсэн 16 саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эл төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин одоо чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна. Маргааш харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэн улмаар асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах үүрэг хүлээгээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж