Монголын ард түмэн их спортыг ивээлдээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Монголын ард түмэн их спортыг ивээлдээ авлаа

Спортоор хичээллэж байсан, өдгөө спортын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох үе үеийн тамирчид, спортын халуун бүлийнхэн өнөөдөр Төр засгаасаа баяртай мэдээ хүлээж авлаа.

“Лондон-2012” олимпийн наадамд оролцсон баг бүрэлдэхүүн, олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан үе үеийн тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч, олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох тухай зарлигаа танилцуулав.

Залуу нас, хүч хөдөлмөрөө эх орноо дэлхийн чанадад сурталчлахын төлөө зориулсан З.Ойдов аварга энэ мэдээг сонсоод нулимс унагаж байлаа. Хүч, хөдөлмөр, асгаруулсан хөлсийг нь үнэлсэнд олимп, дэлхийн аваргууд урамшин, баярлаж байлаа. Энэ бол Монголын спортын түүхэнд бичигдэн үлдэх хамгийн чухал сэдвийн нэг боллоо гэдгийг тамирчин бүр онцолж байв.

Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлигт олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг өгч байхаар  тусгажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 47 тамирчин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байгаа аж. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгохоор болсон нь энэ зарлигийн бас нэг онцлог юм. Төр засаг Д.Оюунболд, Т.Артаг, Ж.Даваажав нарын бурхны оронд очсон олимпийн баатруудыг мартаагүйд олон хүн талархалтай байлаа.

Тамирчид урамшиж байна. Монголын спортын их гэр бүл талархаж байна. Ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөнөөс спортыг ивээлдээ авсан энэ зарлиг хэрэгжиж, тамирчид төрийн урамшууллаа хүртэж эхлэх нь. Талын монголоос минь тив, дэлхий, олимпийн аваргууд олноор тодрох болтугай.










Өнөөдөр Лондоны зуны XXX дугаар
олимпод оролцсон Монголын баг тамирчдыг угтан авах ёслолын ажиллагаан
дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг
уншиж сонордуулсан юм. 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр 151
дугаартай гарсан энэхүү зарлигийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Засгийн газарт чиглэл өгөх тухай
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3
дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн
12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, Монгол Улс Лондон-2012 Зуны
олимпийн 30 дугаар наадамд хамгийн олон медаль хүртсэн түүхэн амжилтыг
бахархан тэмдэглэж, Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа
байгуулж, ирээдүй хойч хүүхэд залуучуудад үлгэр дууриалал үзүүлж, Эх
орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, Олимпийн наадам, олимпийн
спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн,
үндэсний бахархал болсон үе үеийн тамирчдын нөр их хөдөлмөр, хичээл
зүтгэлийг үнэлж, тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангах
зорилгоор ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара
олимп/, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд
медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал
олгох дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл
болгосугай.

Хоёр. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:

1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;

2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;

3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;

5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;

6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Гурав. Урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах
бөгөөд  урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох
журмыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол
урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байх,

1. Урамшууллыг зөвхөн тухайн медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох,

2. Тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгож байх,

3. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас
барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох
урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох,

Дөрөв. Урамшуулал олгох ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай”
гэсэн байна.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж