Харин Эквадорын Засгийн газар хүсэлтийг авч хэлэлцэн шийдвэр гартал түүнийг Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнохыг зөвшөөрсөн юм. Үүнээс хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй Жулиан Ассанжийг Их Британи Элчин сайдын яаманд нэвтэрч баривчилна гэж сүрдүүлжээ.
Харин Эквадорын талаас Их Британийн энэхүү “сүрдүүлэг, заналхийллийг” эрс буруушаасан байна.
Жулиан Ассанжийг Пентагон, АНУ-ын Төрийн департаментын хэдэн мянган нууц материалыг олон нийтэд цацсан хэргийн улмаас АНУ-д цаазын дээд хэмжээ авах ял хүлээж байгаа бөгөөд хэрвээ түүнийг Шведийн талд шилжүүлбэл тэд өөрийг нь өстөн дайсан америкчуудад хүлээлгэж өгөх нь гарцаагүй гэж Жулиан Ассанж эмээж байгаа аж.
Өчигдөр Кито хотод болсон хэвлэлийн бага хурал дээр Эквадорын Гадаад Хэргийн сайд Рикардо Патино Их Британийн талаас Эквадорын Элчин сайдын яаманд ирсэн захидлын талаар ярьжээ.
Уг захидалд Их Британи Эквадорын Элчин сайдын яаманд нэвтэрч Жулиан Ассанжийг баривчилах болно гэж бичсэн байна.
Харин Патино Их Британийн энэхүү заналхийлэлд тодорхой хариулт өгчээ. Тэрбээр “Хэрвээ Их Британи дээрх арга хэмжээг авбал Эквадор улс энэхүү үйлдлийг манай улсын тусгаар тогтнолд заналхийлсэн, нөхөрсөг бус үйлдэл гэж хүлээж авах болно. Мөн бид үүний хариуг Их Британид барина. Бид Их Британийн колон улс биш” гэж мэдэгдсэн байна.
Мөн Эквадорын Гадаад Хэргийн сайд Рикардо Патино ““Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн орогнол хүссэн хүсэлтийн хариу шийдвэрийг өнөөдөр танилцуулна” гэж мэдэгджээ.
Энэ хооронд Эквадорын элчин сайдын яамны гадна олон тооны цагдаа нар цуглаад байгаа юм байна. Гэвч тэд Жулиан Ассанжийг шууд баривчилж чадахгүй байгаа аж.
Гэхдээ Их Британи 1987 онд батлагдсан Дипломат болон Элчин сайдын тухай хуулийг ашиглавал Жулиан Ассанжийг элчин сайдын яаманд нэвтэрч баривчилж болох гэнэ. Энэхүү хуульд Их Британи өөрийн газар нутаг дээрх элчин сайдын дипломат эрхт байдлыг цуцлахыг зөвшөөрдөг байна.