Хятадад усны хомсдол нүүрлэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Хятадад усны хомсдол нүүрлэж байна

Хятад улс нүүрсний хэрэглээгээ хязгаарлах оролдлого хийж байгаа ч жилийн хэрэглээ нь 4 тэрбум тонн руу “хурдтай” ойртож байна. Байгаль хамгааллын ТББ “Greenpeace”-ын мэдээлж буйгаар, тус улсын баруун зүгийн мужууд болон Өвөрмонголын нутагт шинээр байгуулагдах нүүрсний уурхай, үйлдвэр, станцын нөлөөгөөр 2015 он гэхэд нэмж 10 тэрбум тонн ус зарцуулагдах тооцоо гарчээ. Уг тооцоог тус байгууллага Хятадын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөц баялгийн хүрээлэнгээр хийлгэсэн байна. Энэхүү усны шинэ хэрэглээ нь Шар мөрний жилийн урсацын зургааны нэгтэй тэнцэх хэмжээ ажээ.

Хятадын баруун хойд хэсэг, Өвөрмонголын нутагт цөлжилт эрчимтэй явагдаж байгаа. Өвөрмонголд говь нутгийн хамрах хүрээ 1980-аад оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 3.98 сая га газрыг хамрах болжээ. Энэтхэг, Австралид ч ялгаагүй нүүрсний уурхайн үйл ажиллагаа усны нөөцийг эрчимтэйгээр шавхаж буй юм. 

Хятадын хувьд зарим нутагт, тухайлбал Хөлөнбуйр аймгийн Dongming тосгон дахь Dongming нүүрсний ил уурхайн орчимд ганцхан худаг үлджээ. Тэрхүү худгийн усыг 200 метрийн гүнээс татдаг байна. “Greenpeace”-ийн Хятад дахь салбар тус улсын Засгийн газрыг усны нөөцийн үр ашигтай зарцуулалт болон ногоон эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулахыг сануулж байгаа юм. Тэдний үзэж буйгаар, 2015 онд нүүрсний 16 станц болон шинэ уурхайнууд олноор ашиглалтад орсноор Шар мөрөнд цутгадаг голууд ширгэж, улмаар Шар мөрөн ч тасрах аюулд орж болзошгүй ажээ.

Хятад улс 2015 он гэхэд Шанси, Өвөрмонгол, Нинсиа-д нийтдээ 600 ГВт-ын хүчин чадалтай 16 ширхэг цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Хятадын нүүрсний хэрэглээ 2015 онд 3.9 тэрбум тоннд хүрэхээр байгаа бөгөөд эдгээр мужийн нүүрсний олборлолтыг 2.2 тэрбум тоннд хүргэж, нийт хэрэглээний 56 хувийг хангуулахаар зорьж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж