Харганы ноосоор эсгий хийхийн үлгэр

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Харганы ноосоор эсгий хийхийн үлгэр

Засгийн газраас хэрэгжүүлж буй "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг барилгачид болон ард түмний хүсэн хүлээж байсан их бүтээн байгуулалт болохыг cap шинийн өмнөхөн тунхагласан.

Харин түүнээс хойш даруй нэгэн хавар, зуныг элээж, одоо намартай золгох гэж байна. Урт нэртэй, удаан настай энэ хөтөлбөр хэрэгжих сургаар олон мянган монголчууд ялангуяа гэр хорооллынхон хөл нь газар хүрэхгүй баярлаж, ОССК-ийг нураах шахаж байсан нь саяхан. Арга ч үгүй юм.

Учир нь жилийн зургаахан хувийн хүүтэй, урт хугацааны зээлээр тохилог орон сууцтай болох нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд "мөрөөдөл нь" байв. Тиймээс ч өнгөрсөн гуравдугаар сарын 12-оос эхлэн дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг ОССК хүлээн авч, байртай болох гэсэн олны хөлд дарагдаж байсан. Уг нь энэ хөтөлбөр анхнаасаа эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангаж, иргэдийг орон сууцжуулахын зэрэгцээ барилгачдыг ч давхар дэмжих зорилготой эхэлсэн юм.

Улмаар "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамрагдах барилгын компаниудын нэг, хоёрдугаар ээлжийн жагсаалтыг гаргаж, тэр ч бүү хэл салбарын сайд м/кв-ынх нь үнийг тогтоож байсан нь саяхан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 5-нд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ЗТБХБ-ын сайд Ж.Дашдорж "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан орон Сууцны м/кв-ийн үнийг 910-1.1 сая төгрөг болгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэнийг эрхэм уншигч та өчигдөр юм шиг тод санаж байгаа болов уу. Үүгээр ч зогсохгүй шаардлагыг хүлээн зөвшөөрөх барилгын компаниуд нь Газрын харилцаа, барилга геодези, зурагзүйн газартай гэрээ байгуулах бөгөөд үнэ хөөрөгдөж байгаа компаниудыг "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамруулахгүй гэдгээ анхааруулж байсан.

Түүнчлэн 2016 оныг хүртэл хэрэгжих тус хөтөлбөр дуусахад 100 гаруй мянган өрх тохилог орон сууцаар хангагдаж, төдий чинээ агаарын бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрах тухай салбарын сайд мэдэгдэж, иргэдийн магнайг тэнийлгэж байсан нь ердөө таван сарын өмнө.

Гэтэл таван сарын өмнө сүр дуулиантай эхлүүлсэн тус хөтөлбөр сонгуулийн шуугианд дарагдаж, одоо бүр мартагнах шахав. Үнэхээр тус хөтөлбөр сонгуулийн шоу байсан юм гэж үү?

Бид энэ талаар сурвалжлахаар ОССК, Төрийн банкны 115 дугаар салбарыг зорилоо. Биднийг очиход ОССК-ийнхон хуралдаж байна гэх шалтгаанаар дотогш нэвтрүүлэхийг хүссэнгүй. Гэвч хурал тарахыг удтал хүлээсний эцэст ОССК-ийн зээлийн газрын захирал М.Уламбаяраас дараах зүйлийг тодруулсан юм.

-Одоогийн байдлаар хэчнээн өрхийн хүсэлтийг ОССК хүлээн авсан бэ?

-Манайх өнгөрсөн гуравдугаар сарын 12-оос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй иргэдийн материалыг хүлээж авч байгаа. Одоогийн байдлаар ОССК 2840 гаруй иргэдийн хүсэлтийг хүлээж аваад байна. Бид иргэдийн материалыг хүлээж авсныхаа дараа Төрийн банк руу шилжүүлж, тэнд судалгаа хийгдэнэ. Төрийн банк хоёр салбараараа тус хөтөлбөрт хамрагдсан иргэдэд үйлчилж байна.

-Тэгэхээр 2800 гаруй иргэдээс хэдийнх нь зээлийг шийдсэн бэ?

-Мэдээж 2840 хүний материалыг хэдхэн өдрийн дотор судалж амжихгүй гэдэг нь ойлгомжтой. Өнөөдрийн байдлаар 270 гаруй иргэний зээлийг шийдсэн. Энэ хөтөлбөр удааширч байгаа талаар сонин, хэвлэлээр маш их шүүмжилж байна. Гэтэл нэг хүний зээлийг ажлын 10 хоногт багтааж шийдвэрлэх ёстой.

Тэгээд ч ганцхан банк энэ хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа. Капитал банкны тухайд гэрээ байгуулахаар ярилцаж байна. Тэгээд ч энэ хөтөлбөр 2016 оныг хүртэл үргэлжилнэ. Энд нэг зүйлийг зориуд онцолмоор байна. Тухайн зээлийн мэргэжилтэн өдөрт өөрийнхөө чадвар, багтаамжид тааруулж ажиллаж байгаа. Тиймээс ч зээл удааширч байгаа гэх гомдлыг хүлээж авахгүй.

-Тэгвэл иргэдийн зүгээс ямар хүндрэлийг үүсгэж байна?

-Иргэд орлогоо тодорхойлж чадахгүй байна. Ялангуяа хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс орлогоо бодитоор тодорхойлж чадахгүй хэрнээ бүгд 50 сая төгрөгийн зээл авахыг хүсдэг. Зээл бол хэн дуртайд нь олгодог зүйл биш.

-Хөгжлийн банкнаас олгох санхүүжилт гацсан тухай мэдээлэл байна. Тэгээд ч Хөгжлийн банкнаас хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг аль хоёр сарын өмнө шилжүүлнэ гэж байсан шүү дээ?

-Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахыг зөвшөөрсөн.

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт зориулж, 20 гаруй тэрбум төгрөгийг шийдээд байна. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг удахгүй шийднэ. Санхүүжилт гацсан эсэхийг би хэлж мэдэхгүй.

Бид ОССК-аас гараад Төрийн банкны 115 дугаар салбарыг зорилоо. Тус салбарт очиход дарга нар нь эзгүй байгаа тул дотогш нэвтрүүлэхийг хүссэнгүй. Уг нь зун дуусч, хэдийнэ намар хаяанд ирсэн энэ өдрүүдэд дарга нар нь амарч, зугаалж ханасан байлтай.

Гэтэл иргэдийн зээлийг шийдвэрлэх учиртай ажлын өдрүүдэд цайны цаг болоогүй байхад ийн эзгүй байсан нь хачирхалтай. Төрийн банкны 115 дугаар салбарт өдгөө 2840 хүний материал ирсэн бөгөөд дөнгөж 500 дахь иргэнтэй зээлийн мэргэжилтэн уулзаад байгаа аж. Энэ жилдээ багтааж 10 гаруй мянган өрхийг орон сууцаар хангах зорилт тавьсан тус хөтөлбөр ингэж чөлөөт цагаараа яст мэлхийний хурдаар ажиллах аваас иргэдийн хувьд бухын доодохыг харж, үнэг турж үхэхийн үлгэр болох биз.

Энэхүү хөтөлбөр хэрэгжих сургаар байдгаар барж, ах дүүгийнхээ байрны ордерийг хүртэл барьцаанд тавьж гэнэдсэн иргэд одоо ч итгэл алдраагүй Төрийн банкны үүдийг сахисаар буй. Биднийг тус банкинд очих үеэр 2000 бүртгэлийн дугаартай нэгэн эмэгтэй хэзээ ирэхээ лавлаж байсан бөгөөд хамгаалагч "Мөдгүй биз дээ. Манайх чинь 09.00-17.00 цагийн хооронд ажилладаг. Тэгээд ч дөнгөж 500 дахь хүнтэй зээлийн мэргэжилтэй уулзсан юм чинь таныг 2-3 сарын дараа дуудах байх" гэв.

Үнэхээр өнөөх харганы ноосыг түүж эсгий хийхийн үлгэр гэгчээр иргэдийг баярлуулан гомдоосон энэхүү хөтөлбөр үлгэр байсан мэт.

Энэхүү хөтөлбөрийг гацааж буй бас нэгэн шалтаг буй. Тодруулбал, тус банкны ТУЗ-ын дарга Д.Батжаргал үүрэгт ажлаа орхисон. Учир нь МАН-ынхан Хөгжлийн банкны хөрөнгөөр бэлэн мөнгөний амлалтаа хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь ийнхүү тус банкны ТУЗ-ийн даргыг огцроход хүргэжээ.

Хамгийн гол нь үлдэгдэл 30 тэрбум төгрөг яасан бэ гэдэг асуудал юм. Үнэндээ Хөгжлийн банкинд шинэ ТУЗ-ийн дарга томилогдохоос нааш 30 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэнэ гэдэгт холбогдох албаныхан итгэлгүй байгаа гэнэ. Улс орон бүрэн цэгцэрч амжаагүй байгаа энэ тохиолдолд Хөгжлийн банкнаас ирэх 30 тэрбумын санхүүжилт бараг л "үлгэр" болж хувирах вий хэмээн эмээж байгаа.

За тэгээд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн ч одоо баригдаж байгаа шинэ орон сууцнуудад хэзээ иргэд орох юм бол. Өнөөх "надад дээс өгөөч, дээсээр би найзыгаа аварна" гэдэг шоргоолжны үлгэр шиг л зүйл болох гээд байх шиг. Гэхдээ иргэдийн хувьд итгэл нь алдраагүй. Өнөөдөр биш ч маргааш байртай болох байх хэмээн монгол хүний уужуу ухаанаар тэвчиж, хүлээсээр…

Х.Өнөржаргал

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж