Хувь хүний үзэл баримтлалыг онцлов

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Хувь хүний үзэл баримтлалыг онцлов

Өмнөд Солонгосын эдийн засгийн сонины холбооны Эдийн засгийн академийн дарга, Гадаад харилцааны албаны дарга, “Убан” төвийн дарга  Ким Дэ Гүн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Хувь хүн болон байгууллага хоорондын тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт лекцийг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд хийлээ. Тэрбээр улс орны хөгжил дэх сэтгүүлчдийн оролцоог онцолсон юм. Тодруулбал, улс орон хөгжиж, дэлхийн төв болоход тухайн улсын хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа хэвлэлийн ажилтнууд ажил, амьдралын зөв зүг чигээ тодорхойлж чадсан нь нөлөөлөх тухай лекцэндээ тайлбарлаж байв. Энэ талаар “Убан” төвийн дарга  Ким Дэ Гүнээс тодрууллаа.

-Таны лекцэнд “Убан” гэсэн нэр томъёо ихээр хөндөгдөх юм. Ямар утгатай юм бэ?

-Убан гэдэг бол дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн утгатай. Яагаад чухам, зүг чигийг онцлоод байна вэ гэхээр, улс орны хөгжлийг зөвхөн удирдагч хүн чиглүүлдэг юм биш. Хувь хүмүүс болон сэтгүүлчид аливаа зүйлийг аль өнцгөөс нь харж, яаж дамжуулж байна вэ гэдгээс улс орны төлөвшил, хөгжил хамаарна. Ингэж үзэл баримтлал буюу зүг чигээ зөв тодорхойлсноор улс, төр засгийн бодлогын төвшинд ч нөлөөлөх боломж бий. Тиймээс үзэл баримтлал, зүг чигээ эерэг, хүчирхэг болгох хэрэгтэй гэдгийг таниулах үүднээс лекцээ уншдаг юм. 

-Зүг чигээ яаж тодорхойлж, улс орноо хөгжүүлэх вэ?

-Товчоор хэлбэл, нэгдүгээрт, аливаа зүйлд эерэгээр ханддаг байх ёстой. Хоёрдугаарт, аль болох өндөрт сэтгэж, холыг хардаг байх, гуравдугаарт, ганц хувь хүн өөрөө гэхгүй, хүмүүстэй хамтарч тэмцэх хэрэгтэй.

-Хувь хүн байгууллагын эдийн засгийн чадавхитай үүнийг хэрхэн холбож байгаа юм бэ?

-Хувь хүн өөрийгөө дайчилж, хөгжүүлж, лекцийн утга санаагаар цөм нь болж чадахгүй бол байгууллагаа хүндрүүлж, эдийн засгийн өсөх чадварт нь нөлөөлнө. Хувь хүн бүр өөртөө итгэлтэйгээр төв болох хэрэгтэй. Өмнө нь Америкийн орнууд дэлхийг байлдан дагуулдаг байсан бол одоо Азийн орнууд хүчирхэг болж байна. Тиймээс Монгол Улс ч гэсэн эргээд хүчирхэг болох боломж бий.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж