Чуулганы цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Чуулганы цагийг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгалаа. Энэ нь цаг 13.00 цаг болж цайны цаг болсонтой холбоотой юм. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуун ямаанд 60 ухна гэгчээр яамдын тоог нэмж, байгаа нь зохисгүй байна. Яамдын тоог дагаад сайдуудын тоо өсч тэр хэрээр дэд сайд нар бас нэмэгдэнэ. Яагаад дарга даамлуудын тоог нэмэх гээд зүтгээд байна вэ” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өмнө нь Ардын намтай хамт Засгийн газар байгуулаад явж байхад 18 сайдтай ажиллаж байсан. Тийм учраас зуун ямаанд жаран ухна гэх мэтээр биенээ муулах шаардлагагүй. Хамгийн гол нь хариуцлагыг сайжруулахыг чармайж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Хөдөлмөрийн яаманд хариуцуулаачээ, харин ерөнхий эрдмийн хичээл бол Боловсролын яамандаа харьяалагдах ёстой гэлээ. Үүнд Ерөнхий сайд “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухайд тантай санал нэг хэрнээ эсрэгээр хийж байгаа. Тогтсон оронд бол таны хэлснээр явж болдог байх, манайд хараахан ийм зохицуулалт хийх цаг болоогүй байна. Аажимдаа цэгцрээд ирэхээр сонгодог тал руу нь явуулна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж