Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 64.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 46 нь оролцож буй юм. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснээ танилцуулж байна.

Түүний хувьд тав дахь удаагаа төслөө танилцуулж буй аж, УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын хуралдаан тус бүрт төслөө танилцуулсан. Төсөлд урьдынхыг бодвол хэд, хэдэн өөрчлөлт орсон юм байна. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг  Байгаль орчин ногоон хөгжлийн яам болгож үндсэн чиг үүргийн яам болгосон. Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо нэртэй агентлагийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлоход бүтэц нь багадаж байгаа учраас яам болгож өргөжүүлэхээр болсон. Байгаа дөрвөн том яам ажил чиг үүргээрээ салсан. Ингэснээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн яам болгосон. Эрчим хүчний үүрэг улс орны хөгжилд чухал үүрэгтэй байдаг, тиймээс Эрчим хүчний яам тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзсэн. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны тухайд салгасан нь нүүдэл суурьшил хотод төвлөрч буйтай холбоотой. Аймгийн төвийг хот болгож хөгжүүлнэ, энэ нь боломжийн замтай, дулааны цахилгаан станцтай, хүмүүс оршин суух боломжтой орон сууцтай байхаар төлөвлөж ажил хэрэг болгох ёстой. Энэ үүднээсээ Барилга хот байгуулалтын яамыг тусад нь салгасан. Өмнө нь гурван хот ярьдаг байсан бол одоо 24 хот ярих болж байгаа. Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулахаар болсон нь иргэнээ ажилтай болгох, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаад төгсч байгаа залуусаа ажилтай болгох нь чухал байгаа. Тиймээс Нийгмийн хамгааллын яамнаас тусдаа Хөдөлмөрийн яам нь үйл ажиллагаа явуулна. Харин Нийгмийн хамгааллын яам нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг халамж үйлчилгээ шаардлагатай хүмүүст төрийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарна гэлээ. Танилцуулга үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж