Дэлхийн зах зээл дээр өнгөрөгч сарын 10-наас эхлэн түүхий нефтийн үнэ бага багаар нэмэгдсэн билээ. Одоогоор нэг баррель түүхий нефтийн үнэ 94.2 ам.доллар болж өссөн нь тавдугаар сарын 15-наас хойших хамгийн дээд түвшин болоод байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар түүхий нефтийн үнэ цаашдаа ч өсөж магадгүй аж. "Marex Spectron Group" компанийн мэрэгжилтэн Гай Волф “Нефтийн үнэ ирэх саруудад 120 ам.доллар хүртэл өсөж магадгүй” гэсэн байна. Түүнчлэн Нью-Йоркийн бирж есдүгээр сард худалдан авах газрын тосны үнэ 0.2 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 93.55 ам.доллартай дүйх боллоо гэжээ. Газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын түүхий нефтийн нөөц 3.7 сая барреллиар багасч, эрэлт буурсан ч БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд арга хэмжээ авч эхэлсэн нь нефтийн үнэ өсөхөд нөлөөлсөн аж.
Түүнчлэн Хятадын Засгийн газар шатахууны литр тутмын үнээ нэмж магадгүй болоод байгаа аж. Хятадын Хөгжил Шинэтгэлийн хорооноос “Дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш дотоодод шатахууны үнийг тогтоох хүчин зүйл болох нь мэдээжийн хэрэг. Тиймээс шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай” хэмээн мэдэгдсэн байна.
Э.Зоригт
Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN