”2015 он гэхэд бүх малыг ээмэгжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

”2015 он гэхэд бүх малыг ээмэгжүүлнэ”

Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж үр тариа, хүнсний нарийн ногоонууд сайн ургасан талаар мэргэжилтнүүд ярьж байсан.
 
Намрын улирал ч хаяанд ирлээ. Жил бүрийн өдийд ургац хураалтын үе байдаг. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас ургац хураалтын ажил бага зэрэг хойшилсон гэхэд болно. Эрт тариалсан хүнсний ногоонууд зах, дэлгүүрүүдээр худалдаанд гарсан бөгөөд худалдан авагчид "Өндөр үнэтэй байна" хэмээн ярьж байсан.

Ургац хураалтын их ажил хэднээс эхлэх, өвөлжилтийн бэлтгэл ажил тэр дундаа хадлан тэжээлийг хэрхэн бэлтгэх талаар хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох хүмүүсээс тодруулсан юм.

П.Ганхуяг: Энэ жил нэг сая 250 мянган тонн байгалийн хадлан бэлтгэнэ

Таван хошуу малын тоо толгойг мэдэх зорилгоор ээмэгжүүлдэг. Малыг ээмэгжүүлэхэд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулдаг, хэрхэн ээмэгжүүлдэг талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас тодрууллаа.

-Энэ жил хичнээн мал ээмэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Монгол мал хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл нь малын үржлийн аргачлалыг сайжруулах, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх зорилготой томоохон ажлуудыг төлөвлөж буй. Үүний нэг нь малыг бүртгэж хувийн дугаар гэрчилгээ мэдээллийн нэгдсэн сантай болох юм. Энэ утгаараа 2011 оноос малыг ээмэгжүүлэх ажлыг баруун бүсийн аймгуудаас эхэлсэн. Энэхүү ажил нь одоо ч үргэлжилж байна.

Өнгөрсөн жил 1.1 сая толгой малыг ээмэгжүүлж бүртгэсэн. Энэ ажил маань төл мал дээр хийгддэггүй. Харин дараа жил нас ахихаар нь ээмэгжүүлдэг. Ээмэгжүүлэх ажилд нийтдээ 2.3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жилийн хувьд 1.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Өнгөрсөн жил Монголын бүх үхрийг ээмэгжүүлсэн. Энэ жилийн хувьд баруун таван аймгаас бусад нийт бог малын 30 хувийг ээмэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Монголын нийт малыг ээмэгжүүлж бүртгэх ажил хэзээ дуусах бол?

-Монгол Улсын мал сүргийг 2015 он гэхэд бүрэн ээмэгжчих байх. Ер нь мал сүргийг эмээг зүүгээд орхих биш шүү дээ. Ээмэгжүүлсэн малаа компьютерийн нэгдсэн программд оруулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд мэдээллийн програмыг боловсруулж бүх сумдад хүргүүлсэн. Програмд ашиглагдах техник тоног төхөөрөмжийг Монгол мал хөтөлбөрөөс гаргаж буй. Үүнийг ажилуулах мэргэжилтнүүдийг бэлтгэж гурван шатлалтайгаар сургалт явуулсан.

-Малыг ээмэгжүүлдэг ээмгээ хаанаас авдаг вэ. Гадаадын орнуудаас авдаг бол дотооддоо үйлдвэрлэх боломжтой юу?

-Өмнө нь импортоор оруулж ирдэг байсан бол дотооддоо үйлдвэрлэхээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд найрамдах Чех улсын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд эхний ээлжинд жижиг үйлдвэр ажилуулж байгаа. Энэхүү үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр төвийн бүсийн аймгуудын мал сүргийг ээмэгжүүлэх юм.

-Нэг ширхэг ээмгийг хаанаас, хэдэн төгрөгөөр орж ирдэг вэ?

-Франц, Герман улсуудаас 500-650 төгрөгийн хооронд орж ирдэг.

-Намрын улиралд малаа вакцинжуулдаг. Өнгөрсөн жил малд хийсэн вакцинаас болж хээлээ хаясан, гуя нь хавдсан гэх асуудлууд нэлээд гарч байсан. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинаас шувууны томуу, шүлхий өвчний вакцинуудыг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Бусад халд-варт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх вакцинийг Биокомпинатад захиалж хийлгэдэг. Өнгөрсөн жил бурцилёзийн эсрэг вакцинаас үүдэлтэй янз бүрийн маргаанууд гарсан. Үнэхээр энэ вакцинаас болсон эсэхийг мэргэжлийн байгууллагуудад шалгахад вакцинаас болоогүй нь тогтоогдсон.

-Энэ жил хэдэн төрлийн вакцин хийх вэ?

-Гоц халдварт өвчнөөс сэргийлэх гурав, халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийнэ.

-Энэ жил вакцинд хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?

-1.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

-Хадлан тэжээл бэлтгэх ажил эхэлсэн үү. Энэ жил хэчнээн хэмжээ-ний хадлан авахаар төлөвлөөд байгаа вэ?

-Хадлан бэлтгэх ажил мэр сэр эхэлсэн. Тэгэхдээ наймдугаар сарын 15-наас жигдэрнэ. Энэ жил улсын хэмжээнд нэг сая 250 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх ёстой.

Тэрбээр ийн ярив. Мөн ургац хураалт болон бусад зүйлсийн талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгаас тодруулсан юм.

Л.Баяртулга: Хүнсний ногооны үнийг ченжүүд өсгөж байна

-Шинэ ургацын ногоонууд худалдаанд гарсан байна лээ. Ямар төрлийн ногоонууд худалдаанд гараад байна вэ?

-Ургац хураалтын хувьд эрт тариалсан ногоонуудыг хураагаад эхэлсэн. Үүнд төмс, улаан лооль, өргөст хэмх, байцаа, сонгоно гээд хүлэмж ил талбайд тариалдаг хүнсний нарийн ногоонуудын түүвэр хураалт үргэлжилж байгаа. Улсын хэмжээнд хураалтын ажил маань үндсэндээ есдүгээр сарын 1-нээс эхлэх байх.

Ургац хураалт ийнхүү хойшилсон учир нь энэ жилийн цаг агаарын онцлогоос болно. Хавар нэлээд сэрүүхэн, зун нь өнгөрсөн жилүүдийг бодвол хур тунадас ихтэйгээс болж ургалтын хугацаа сунжирсан. Иймээс шахуу хураалт болох төлөвтэй байна. Одоогоор ургац хураах бэлтгэл ажлаа хангаж цаг тухайд нь хурааж авахаар ажиллаж байна.

-Эрт ургацын ногооноос хэчнээн тонныг хураачихаад байна вэ?

-Одоогоор яг хэдэн тонныг хураасан бэ гэх мэдээлэл ирээгүй байна. Ер нь аймаг, сумдад ургацын штабууд эхнээсээ байгуулагдаж бүртгэлийн ажил хийж байгаа учир эцсийн байдлаар дүн нь гараагүй. Ойрын өдрүүдэд гарах байх.

-Гадуур худалдаалж буй шинэ ургацын ногооны үнэ ханш өндөр байна. Үүнд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавих боломж бололцоо байдаг уу?

-Ер нь газар тариалан дотроо хүнсний ногооны үйлдвэрлэл хамгийн хүнд, их ажиллагаа шаарддаг. Иймээс Монголынхоо хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо өртөг өндөртэй гардаг юм. Ерөнхийдөө тариаланчид маань ашиг бодохгүйгээр ашгаа тодорхой хэмжээгээр үнийг нь нэмээд гаргаж буй. Тэгэхээр хүнсний ногооны үнийг ногоочид биш дамжуулан зарж буй ченжүүд өсгөж байгаа юм.

-БНХАУ-аас бага оврын трактор оруулж ирж тариаланчдад хөнгөлөлттэй зээлээр өгсөн. Мөн комбайн оруулж ирнэ гэж байсан. Комбайнууд хэзээ ирэх вэ?

-23 ширхэг комбайн наашаа ирж яваа.

Ж.Баттуул

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж