Хямралын “аадар” үер буулгахгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Хямралын “аадар” үер буулгахгүй

Азийн үйлдвэрлэл, экспортын хэмжээ буурч байгаа тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа билээ. Эл мэдээлэл азиуд эдийн засгийн хямралын шуурганд өртсөн Америк, Европтой хөл нийлүүлэх нь гэх таамгийг түгээж байна. Өнгөрсөн сард урд хөршийн үйлдвэрлэлийн хэмжээ ялимгүй буурсан бол Өмнөд Солонгосын экспортын үзүүлэлт огцом буурчээ. Түүнчлэн Тайванийн Засгийн газар энэ жил хоёр дахь удаагаа эдийн засгийн алдагдалтай байгаагаа мэдээлсэн юм.

“Азийн худалдаа Европын эдийн засгийн хямралд өртөж эхэлж байна” хэмээн HSBC-ийн эдийн засагч Фредрик Ньюманн Financial Times-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Азийн экспортын салбар хүнд байдалд орох нь харагдаж байна” гэв.

Азийн орнуудаас хамгийн түрүүнд экспортын индексээ олон нийтэд дэлгэсэн улсын хувьд Өмнөд Солонгос хөрөнгө оруулагчдын түгшүүрийн төвд байна. Өнгөрсөн сард 8.8 хувиар буурсан тус улсын экспорт тээвэрлэлт 2012 онд Азид тохиосон хамгийн том уналт төдийгүй улсынхаа эдийн засгийн өсөлтийг хасах тоо руу чирч мэдэхээр байгаа аж.

Хэдийгээр эдийн засгийн шинжээчид аль нэг орны ганц сарын үзүүлэлтээр тухайн тивийн эдийн засгийн өсөлтийг хэмжих нь учир дутагдалтай хэмээж буй ч Тайвань, Хятад зэрэг орон улсынхаа экспортын индексийг сөрөг гарах тухай хэлсээр байгаа юм. Энэ нь тус бүсийн экспорт 2008 оны өрийн хөөсөө хагалж чадахгүй өдийг хүрсэн Америк болон Европын эрэлт, хэрэгцээтэй шууд холбоотой болохыг харуулж буй хэрэг хэмээн шинжээчид үзэж байна. Хэдийгээр евро бүсийн өрийн хямрал эдийн засгийн өсөлтийг хөлдөө чирч байсан ч саяхныг хүртэл Азийн экспортын үзүүлэлтэд түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй байсан аж. Дайран дээр давс гэгчээр энэ оны эхнээс Азийн томоохон эдийн засаг болох Хятад, Солонгос, Тайвань, Хонконг зэрэг улсын дотоодын зах зээлийн өсөлт удааширсан билээ. Тухайлбал, Тайванийн эдийн засаг 0.16 хувиар буурсан нь таамаглаж байсан 0.5 хувийн өсөлтийг мөрөөдөл төдий болгосон юм. Харин жилийн эхний хагаст буурсан Хятадын эдийн засгийг ирэх саруудад өснө хэмээн хөрөнгө оруулагчид найдан суугаа. Урд хөршийн захиалгын индекс буюу PMI-ийн албан мэдээллээр аж үйлдвэрийн үзүүлэлт 0.1 хувиар буурч 50.1 хувь болсон байна. “PMI” (purchasing managers’ index) 50 хувиас доош үзүүлэлтэй байх нь “аваарын гэрэл” асаах дохио болдог аж. “Commerzbank”-ны эдийн засагч Ашлей Дависийн “Хятадын захиалгын индекс буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ нь шаварт унах хэмжээнд хүрэхгүй” гэжээ.

Австрали тивийн үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн долоодугаар сард сүүлийн гурван жилд байгаагүй уналтад орсон байна. Тус улсын PMI 6.9 хувиар буурч 40.3 хувьд хүрсэн аж. Австралийн эдийн засаг ийнхүү суларч байгаа нь тус улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн чангаралтай холбоотой хэмээн зарим шинжээч үзэж байгаа юм. Тухайлбал, AIG санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Иннэс Виллокс “Аж үйлдвэрийн салбарт гарч буй сөрөг үзүүлэлт чангарч буй долларын ханш, төсвийн их хэмжээний зарлага мөн дотоодын эрэлт, хэрэгцээ буурсантай холбож болно. Түүнчлэн үйлдвэрлэлийн хямд өртөгтэй бусад улсаас ажиллах хүч татах болсон нь уналтын бас нэг хүчин зүйл болж байна” гэжээ.

Ази тивийн аж үйлдвэрийн уналт бол түр зуурын “аадар бороо” хэмээх зарим эдийн засагчийн тайлбарыг Индонез улсын захиалгын индекс нотолж байгаа ажээ. Тус улсын PMI 1.2 хувиар өсөн 51.4 хувьд хүрсэн тухай HSBC саяхны судалгаандаа онцолсон байна.     

Б.Үүрийнтуяа

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж