Улстөр, бизнес хоёр хутгалдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Улстөр, бизнес хоёр хутгалдахгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Агентлагуудын тоог цөөлж 28 болгоно гэж байгаа ч энэ нь чухамдаа яамдын тоог нэмэгдүүлж байгаа. 1990-ээд оноос хойш яамд нь бодлого тодорхойлдог, агентлаг нь хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байхаар бид зорьж ирсэн. Агентлагийн ажил дотор аж ахуйн шинж чанартай ажлууд ч бий. Одоо харин энэ нь яамдад шилжиж, нэг ёсны улстөр, бизнес хоёр хутгалдах болж байна. Нийт таван яам шинээр байгуулагдах болж байгаа. Тиймээс асуудалд болгоомжтой хандах ёстой” гэж байв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улстөр, бизнес хоёр хутгалдахгүй, агентлагуудад тусгай зөвшөөрөл, лиценз гэсэн зүйлүүд л бий. Хариуцлагыг тодорхой болгож чангатгахгүй бол болохгүй байна. Жишээ авъя, Ашигт малтмалын газрын дарга байсан нөхөр газар нутгаа худалдаад өнөөдөр шоронд хоригдож байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь ямар ч хариуцлага хүлээхгүй явж буй. Ийм байж яасан ч болохгүй, тодорхой ажил хариуцаж л байгаа юм бол түүндээ хариуцлага хүлээдэг болох ёстой, үүний төлөө Ардчилсан нам зорьж байна. Ингэж байж төр тунгалаг болно. Ер нь агентлагийн дарга нар хэн нэгний гар хөл болж ирсэн, үүнийг таслан зогсоох цаг болсон” гэсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Төрийн өмчийн хороо, тендер хариуцсан байгууллагыг харьяалах чиг үүргийг хуулийн төсөлд зааснаас өөрөөр томъёолж, Ерөнхий сайд юм уу, эс бөгөөс Шадар сайдын мэдэлд шилжүүлэх ёстой” гэж байлаа. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тендерийн тухайд шинэ хуулийн хүрээнд төрийн бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусдаа газар бий болно. Гэхдээ үүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалуулах нь бодлогын хувьд зөв. Ерөнхий сайд гэдэг хэрэгтэй, хэрэггүй баахан юм хажуудаа байлгаж байдаг гацуур модны чимэглэл шиг сууж болохгүй” гэсэн юм. Харин Төрийн өмчийн хороог Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлье гэснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн бол тус байнгын хорооны дарга саналын томъёоллыг бэлтгэсэн байгаа гэж мэдэгдэж байв. Ингээд санал хураалтын шатанд дээрх санал дэмжлэг хүлээж, улмаар энэхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж