У.Мөнх-Эрдэнийг 30 саяар хуураад өнгөрмөөргүй байна | News.MN

У.Мөнх-Эрдэнийг 30 саяар хуураад өнгөрмөөргүй байна

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнийг 30 саяар хуураад өнгөрмөөргүй байна

У.Мөнх-Эрдэнийг 30 саяар хуураад өнгөрмөөргүй байна

Монголын баг тамирчид “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас таван медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Хүн төрөлхтний спортын их баяр наадмаас хүртсэн медаль бүр үнэ цэнэтэй. Гэхдээ монголчууд бид энэ цаг мөчид гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг боксын 64 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд илүүтэй баярлаж, хөөрч догдолж, түүгээр бахархаж байна. 16 жил дуслуулсан хөлс, гурван олимпод оролцсон хөдөлмөрийн үнэ цэнэ байсан болохоор аргагүй.

Ингэснээр У.Мөнх-Эрдэнэ олимпийн наадам, ДАШТ, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадам зэрэг бүхий л том тэмцээнээс медаль хүртсэн Монголын цорын ганц боксчин болсон юм. Басхүү гурван олимпийн наадамд өрсөлдсөн ширэн бээлийтэн манайдаа одоо Уранчимэгийн хүүгээс өөр үгүй. Тэрбээр одоогийн олимп, дэлхийн аваргууд гарч ирээгүй байхад буюу XXI зууны эхэн үед Монголын боксын нэрийн хуудас, нүүр царай байсантай маргах хүн гарахгүй. Энэ бүх амжилт, олон жилийн хөдөлмөр, асгаруулсан хөлсний үнэ цэнийг нь бодолцох юм бол У.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэх гавьяа байгуулжээ.

Манайд олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчид энэ эрхэм хүндэт цолыг хүртдэг жишиг тогтоод дөрвөн жил болж байна. 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган олимпийн, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба дэлхийн аварга болоод хөдөлмөрийн баатар болж байсан. Мөн Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаад Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд олон жил гаргасныг нь үнэлж, энэ цолыг олгож байлаа. Тэгвэл өдгөө У.Мөнх-Эрдэнийн ээлж гарцаагүй иржээ. Энэ цаг мөчид эгэл даруу хэрнээ энэ агуу тамирчны бартаат замналыг эргэн нэг саная.

Тэр Монголын боксын нүүр царай байсаар ирсэн

Тэрбээр 1996 онд 14 настайдаа спортын мастер Д.Батмөнх, М.Мөнхжаргал нарын секцэнд орсноор боксын спортод хөл тавьсан цагаас тууштай хичээллэж явна. Секцэнд орсныхоо дараа жил нь Сэлэнгэ аймагт болсон нэрэмжит тэмцээнээс анхныхаа медалийг хүртсэн бол 1999 онд УАШТ-ний хүрэл медаль насанд хүрэгчдийн ангилалд үзүүлсэн анхны том амжилт байв. Тэр жилээ олон улсын анхны тэмцээнийхээ утааг үнэрлэсэн. Узбекистаны Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн 54 кг-ын жинд хүч үзэж, Филиппиний Роел Лагунаг 6:2-оор ялаад Киргизстаны Талайбек Кадыралиевт 6:13-аар ялагдсан юм. Хэрвээ тэр тэмцээнд амжилттай тоглосон бол 2000 оны Сиднейн олимпийн эрх авах байв.

Хэдийгээр олимпод оролцож чадаагүй ч 2000 онд Монголд У.Мөнх-Эрдэнийн ноёрхол эхэлсэн. 18 настайдаа УАШТ-ээс алтан медаль хүртсэн нь есөн түрүүнийх нь эхлэл байлаа. Эрчимтэй өсч байсан болохоор жингээ барьж чадсангүй, тэр жилийнхээ хавраас жин өгсч, 60 кг-ын жинд тоглох болсон юм. Монголын үе үеийн мундаг ширэн бээлийтэн энэ жинд оргил амжилтаа гаргасан болохоор мань эр ч өөрөө дуртай байсан.

У.Мөнх-Эрдэнэ хэмээх нэр 2001 оноос манай улсын спорт сонирхогчдод танил болсон. Японы Осака хотод болсон Зүүн Азийн III наадамд монголчууд 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг илгээсэн ч алтан медаль хүртэж чадахгүй байлаа. Хоёр мөнгө, долоон хүрэл медальтай болоод байсан манайхны сүүлчийн найдвар нь 60 кг-ын жинд хүч үзсэн Мөнх-Эрдэнэ болоод байв. Тухайн үед 19 настай хүүд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч Казахстаны Руслан Муссимов гэж хүчтэй тамирчинг 21:13-аар ялснаар Осакагийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн билээ.

Гавьяат тамирчин Т.Үйтүмэн 1995 онд Азийн аварга болсноос хойш Монголын боксчид дэлхий, тивийн тэмцээнд түрүүлж чадаагүй байсан болоод ч тэр үү энэ медаль их амттай байсан. Эзэндээ “Алтан жаал” гэх алдрыг ч авчирч байв. Чухам энэ мөчөөс Мөнх-Эрдэнэ Монголын боксын нэр нүүр болсон юм. Өмнөх үеийн нэрт тамирчин Т.Үйтүмэн зодог тайлснаар энэ бүх ачаа түүний нуруун дээр ирсэн билээ. Гурван жилийн өмнө түүнээс ярилцлага авахдаа “Одоогийн олимп, дэлхийн аваргуудыг гарч ирээгүй байхад та Монголын боксчдын нүүр царай явлаа шүү дээ” гэж асуухад нөгөө л даруу зангаараа “Үүнийг сонсоход таатай байгааг нуугаад яах вэ. Гэхдээ би Монголын боксыг ганцаараа төлөөлж байсан гэж хэлэхгүй. Надаас өөр олон сайхан тамирчин байлаа. Манайхан гадагшаа тэмцээн уралдаанд их цөөхөн оролцдог байсан. Би жилдээ оролцдог хоёр гурван тэмцээнд арай гайгүй тоглодог байсан болохоор олны анхааралд өртсөн болов уу” хэмээн хариулж байв.

Ядуу орны тамирчин хэцүү

Хэдийгээр тэр 1999 оноос Монгол Улсын нэрийг гаргасан ч шигшээ багт албан ёсоор багтаж, цалинтай болсон нь 2002 он. Тэр жилээ Малайзын Серембан хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Японы Хидеки Такамори, Узбекистаны Жахонгир Суванкулов нарыг ялаад Тайландын Суттисак Самаксаманд ялагдан хүрэл медаль хүртсэн.

Түүнд анхны том амжилтаа харьцангүй эрт буюу 2003 онд гаргах боломж байсан. Гэсэн ч Тайландын Бангкокт болсон ДАШТ-д шүүгчдийн золиос болоод зохих ёстой медалиа хүртэж чадаагүй. Румыний Георге Лунгуг 20:17, Тажикистаны Хурзед Жураевыг 34:16-гаар буулган авснаар медалийн босгонд тулж ирсэн. Гэсэн ч тэмцээнийг зохион байгуулагч орны Пичай Сайотхад 27:30-аар ялагдсан байдаг. Тухайн үед манайханд мөнгө төгрөг бараг байсангүй. Хэдэн тамирчин дасгалжуулагчтайгаа Тайландыг зорьсон болохоос одоогийнх шиг шүүгч, багийн ахлагч яваагүй юм.

Тамирчин бүрийн мөрөөдөл нь олимпийн наадам. Мөнх-Эрдэнэ ч “Афин-2004”-ийн төлөө бүхнээ зориулсан. Үүний үрээр 2004 оны тавдугаар сарын 6-12-нд Пакистаны Карачид болсон эрх олгох сүүлчийн “Green Hill” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Грекийн нийслэлийг зорих эрхтэй болсон. Өдгөөгөөс найман жилийн өмнө монголчууд шүүгч нарт “хийлгэх” нь ердийн үзэгдэл байлаа. Өрсөлдөгчдөө хоёр ч удаа тоолуулж, хамаагүй илүү зодчихоод байхад л ялалт өгдөггүй байсан цаг үе. Шударгаар болдог бол Э.Бадар-Ууган нарын хэд хэдэн тамирчин эрх авчих байсан ч ганц Мөнх-Эрдэнэ л шүүгч нарыг давж чадсан юм.

“Афин-2004” түүний анхны олимпийн наадам байв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболдын удирдлага дор хүч үзсэн. Хэрвээ жин хасах хамтрагчтай, бужигнах хамт олонтой байсан бол яах ч байсан юм билээ. Маврикийн Мишель Медорыг 29:23-аар ялаад БНСУ-ын Баик Жун Субт 22:33-аар ялагдаад олимпийн орхисон юм. Баик олимпийн өмнө Филиппинийн Пуэрто-Принсесад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байв.

Заалнаас хамгийн сүүлд гардаг

Түүнд бэлтгэл хийж ядраад хонохдоо цохилт хийж зүүдлэн сэрэх шөнө олон байсан. Мөнх-Эрдэнэ боксоос өөр юу ч бодож байгаагүй. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хамгийн үнэнчээр хөдөлмөрлөж яваа тамирчин. Бэлтгэлээ хийлгүй амрахаар боксоос хөндийрч байгаа мэт санагдаад эвгүй байдаг. Энэ олон жилийн хугацаанд долоо хоногийн зургаан өдөр, нэг өдөр хоёроос гурван удаа тогтмол бэлтгэл хийсэн. Нэг бэлтгэлийн үеэр 1.5-2 литр хөлс гаргадаг. Үүнийг нь өдөр, сар, жилээр тооцвол ямар тоо гарахыг төсөөлж чадахгүй нь.

Мөнх-Эрдэнэ олон ялалтаа луйвардуулсан ч хамгийн гашуун нь 2006 оны Дохагийн Азийн наадмын шигшээ тоглолт байх. БНХАУ-ын Ху Цинийг улайм цайм ялчихаад байхад л 22:38-аар мөнгөн медаль дээр унагаж байлаа. Манай хүн хамаагүй илүү ажиллаж, хятад тамирчин мяараад, арай л гэж тоглолтыг дуусгаж байсан дүр зураг ер мартагддаггүй юм. Тэрхүү тоглолтын дараа монголчууд хоорондоо “БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийе” хэмээн ярьж байв. Мөнх-Эрдэнэ энэ мэтээр олон ялагдсан ч буруугаа хэн нэгэн рүү чихдэг хүн биш. Улам сайн байж, шүүгчтэй нь хамт ялахын тулд бэлтгэлээ улам чамбай хийдэг. Тэр бэлтгэлийг дээд зэргээр хийж, боксын заалнаас хамгийн сүүлд л гардаг. Үүгээрээ тэр залуу тамирчдад үлгэр дуурайл болж, тэдний хайр талархлыг хүлээдэг юм.

Түүнд мэргэжлийн бокст орох санал хэд хэд ирсэн ч хүлээж аваагүй юм. 2007 онд нэгэн сэтгүүлч түүнээс “Та гэртээ мешоктой юу” гэж асуухад “Байхгүй ээ. Манайх байр хөлсөлдөг болохоор (Өвөө, ээж хоёртойгоо амьдардаг байсан) мешоктой байх боломжгүй л дээ. Айлын хана нураагаад хаячихна шүү дээ. Би ханандаа төрийн далбаагаа л хадсан. Өөрийн гэсэн гэр оронтой болохоороо медаль, цом, дурсгалын бээлий, тэмцээний мандат гээд нэлээд зүйлээ ханаараа нэг өлгөнө гэж боддог” юм хэмээн хариулж байв. Уг нь шагнал урамшууллыг нь бодвол мэргэжлийн боксыг сонгож болмоор. Гэсэн ч түүнд сонирхогчдын бокст дутуу үлдээсэн зүйл байсан юм. Тэр нь ханандаа хадсан төрийн далбаагаа олимп, дэлхийн тэнгэрт хадах байсан.

Жин өгсөв

АНУ-ын Чикагод болсон 2007 оны ДАШТ бол түүний 60 кг-ын жинд тоглосон сүүлчийн тэмцээн. Эхний даваанд Бразилын Эвертон Лопес (2011 онд дэлхийн аварга болсон)-ийг 26:19-өөр ялсан ч дөрвөн жилийн өмнө нутагт нь дийлдэж байсан Тайландын Пичай Сайотхагаас хариугаа авч чадсангүй. 13:21-ээр ялагдсанаар ДАШТ-ийг орхисон юм. Мөнх-Эрдэнэ 2000 оноос хойш тоглосон 60 кг-ын жиндээ багтахгүй болсон байлаа. Жин их хасч ганц хоёр тэмцээнд оролцож болно. Харин олон удаа хасахаар хүчгүй болж ирсэн. Хоолоо сойж, бэлтгэлийн үеэр маш их хөлс гаргаж байж жин хасна. Өөрөөр хэлбэл өөрийгөө ялна. Мөнх-Эрдэнэ өөрийгөө арайхийн ялах ч түүнд өрсөлдөгчөө дийлэх тэнхээ үлдсэнгүй. Ингээд л Чикагогоос ирээд 64 кг-д хүч үзэхээр шийдсэн юм. Энэ бол хүний биед хамгийн тохирсон дундаж жин. Тийм ч болохоор хамгийн олон тамирчин оролцдог, тэр хэрээр өрсөлдөөнтэй. Хүнд жинд европчууп, хөнгөн жинд азиуд ноёлдог бол 64 кг-д бүгд жигд өрсөлддөг онцлогтой. Сонирхуулахад 2011 оны ДАШТ-ий энэ жинд 69 тамирчин өрсөлдсөн нь дээд амжилт болж байв.

Мөнх-Эрдэнэ сайн тамирчинд тооцогддог байсан ч 2007 он хүртэл том амжилт гаргаж чадахгүй байсан. Харин энэ үеэс Монголын нэрт тамирчин асан Ц.Амаржаргалтай (Гавьяатын тэмдэггүй гавьяат) хамтарч ажилласнаар тоглолт нь улам сайжирч, оргил амжилт нь ар араасаа хөвөрсөн. Шинэ жиндээ дасах хугацаа бага байсан ч 2008 оны гуравдугаар сарын 17-23-нд Казахстаны Астанад болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлсэн. Зөвхөн түрүүлж байж Бээжинг зорих хатуу болзолтой байсан. Тэр Филиппинийн Дельфин Бохолстыг 25:14, Сирийн Абделхалим Ататыг 24:7, БНСУ-ын Мюн Хүн Шинийг 24:6, Киргизстаны Ахмарт Мадаминовыг 22:8-өөр сөхрүүлсэн юм. Ийнхүү хоёр дахь олимпдоо оролцох боллоо.

Тунг нь хэтрүүлсэн нь л алдаа байсан байх

Дөрвөн жилийн өмнөхөөс хамаагүй туршлагажсан, 26 настай Мөнх-Эрдэнэ Монголын багийн гол найдварын нэг байсан. Үүнийг ч батлах мэт Замбийн боксчин, Бүх Африкийн аварга Хастингс Бвалиаг 12:8, Болгарын боксчин, олимпийн хүрэл медальт, Европын аварга Борис Георгиевыг 10:3-аар ялж гараагаа сайхан эхлүүлсэн. Түүний медалийн төлөөх учраа нь Францын Алексис Вастине. Гэсэн ч шийдвэрлэх мөчид нэг л сулбагар байж, 4:12-оор ялагдсан юм. Өмнөх шатанд хийсэн гайхалтай тоглолт нь арчсан мэт алга болсныг өөрийнх нь хэлснээр хүргэе. Тэрбээр “Тоглолтын өмнөх шөнө нойр хүрэхгүй болохоор эм уусан юм. Тэгээд усанд ороод, жингээ үзэхэд сэргэхээр нь дахиад нэгийг уусан. Өглөө нь жингээ үзүүлсний дараа тоглолт болтол 12 цаг үлдэхээр нь сайн амрах гэж дахиад нэгийг уусан. Жин удаан барина гэдэг асуудал. Эхэндээ гайгүй ч сүүл рүүгээ яалт ч үгүй ядардаг юм. Нойрны эм гурвыг уусан нь нөлөөлж, хүрэл медалийн тоглолтод өөрийгөө бүрэн гаргаж чадаагүй. Хэт тайвшраад, анхаарал муудаж, мэдрэмжгүй болсон байлаа. Үүнтэй холбогдуулж янз бүрийн яриа гарсан байсан. “Мөнх-Эрдэнийн гэр оронд асуудал гарсан тул эм уусан энэ тэр” гээд л. Манай гэр бүлд асуудал байсан ч олимпоос олон сарын өмнө болоод өнгөрсөн зүйл. Энэ бол олимптой ямар ч хамаагүй юм шүү. Олон хоног жин барихаар ходоод хонхолзоно. Нойр хүрэхгүй бие ядраад эхэлнэ. Сайн унтаж амрахын тулд л уусан. Тунг нь хэтрүүлсэн нь л миний алдаа байсан байх. Тоглолтын дараа их л олон юм бодогдоод, онцгүй байсан шүү”.

Олимпийн наадмын дэвжээг харамсалтайгаар орхих ямар хэцүү бол. Дөрвөн жилийн дараа 30 настайдаа олимпийн наадамд оролцоно гэдэг хэцүү. Боксын спортод 26 нас өнгөрөхөөрөө хөгшинд тооцогддог тул олон хүнд түүний тамирчны замнал дууссан мэт санагдсан биз ээ. Бээжингийн олимпийн дараа Монголын бокс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчинтай болж, харин Мөнх-Эрдэнэ чив чимээгүй байсан.

Дэлхийн цомоос медальтай цорын ганц тамирчин

Гэхдээ түүний хувьд 2008 он тэр чигтээ муугаар дурсагддаггүй. Арванхоёрдугаар сарын 10-14-нд Москвад нэр хүндээрээ зөвхөн олимп, ДАШТ-ий дараа ордог, дөрвөн жилд нэг болдог Дэлхийн цом болсон юм. Энэхүү тэмцээнд П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нарыг оролцоно гэж байснаас У.Мөнх-Эрдэнийн нэр яригдаагүй. Тэр өөрөө ч ингэж бодоогүй, шигшээ багийнхныхаа бэлтгэлийг хангалцахаар Зүүнхараад цугларалтад хамт гарсан юм. Дараа нь хотод ирж хүүхдүүдтэй бэлтгэл хийж, Ц.Амаржаргал дасгалжуулагчтайгаа алдаа оноогоо шүүн тунгааж байлаа. Харин тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө түүнд баярт мэдээ ирж, Дэлхийн цомын урилга гардсан билээ.

Москвад жин жингийн шилдэг найман тамирчин цуглав. Цомхон ч чанартай тэмцээн. Хэрвээ Мөнх-Эрдэнээс өөр хүн байсан бол бэлтгэлээ алдаад, олдсон сайхан боломжийг ашиглаж чадах байсан нь эргэлзээтэй. Тэрбээр Тажикистаны Мадади Нагзибековыг 18:3-аад ялаад өөрт нь хэдхэн сарын өмнө хүнд ялагдал амсуулсан Францын Алексис Вастинетэй таарлаа. “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг. Вастине хэдхэн хоногийн өмнө Армийн ДАШТ-д түрүүлсэн, өөрөөр хэлбэл Москвад тун өнгөлөг ирсэн юм. Гэсэн ч манай тамирчин ямар дахиад нойрны эм уусан биш 11:8-аар ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Харин Кубын өсч яваа залуу боксчин Рониэль Иглесиас Сотолонгод (2009 оны дэлхийн, 2012 оны олимпийн аварга) 2:16-гаар (Эцсийн дүнтэй санал нийлэх ч шүүгч нар яагаад ийм бага оноо өгсөн нь үнэхээр ойлгомжгүй байсан) ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадаагүй. Гэхдээ Дэлхийн цомын медалийг Монголын тамирчдаас анхлан (Одоогийн байдлаар цорын ганцаар) хүртсэнээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Түүнийг гавьяатын тэмдгээ гардахад баярласан хүн олон. Айлд үлдээсэн юмаа олон жилийн дараа ирж авч байгаа мэт санагдсанаа нуух юун. Гавьяатын хамт байртай болсон.

Ясны тамирчин

Тэр гол амжилтуудаа 26-гаас хойш насандаа гаргасан ясны тамирчин. Италийн Милан хотод 2009 оны есдүгээр сарын 1-12-нд болсон ДАШТ-ийг монголчууд бид дурсах дуртай байдаг. Тэгэхэд 48 кг-д П.Сэрдамба алт, 51 кг-д Н.Төгсцогт мөнгө, 64 кг-д Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Чингисийн монголчууд түүхэн амжилт үзүүлсэн. Энэхүү нийтлэлийн маань гол баатар Словакын Бела Глонерийг 29:1, Румыний Трайан Лупуг 14:9, Италийн Дарио Ванжелиг 15:4, Украины Александр Ключког 14:12-ор ялж медалийн тавцанд гишгэсэн юм. Дэлхийн энтэй тамирчин болохоо баталсан тэрбээр хагас шигшээд өнөөх Сотолонготой тэнцүүхэн үзэж, 4:6-гаар ялагдсан.

БНСУ-ын Инчонь хотод 2011 оны наймдугаар сарын 5-12-нд Азийн шилдэг ширэн бээлийтнүүд хуран чууллаа. Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жиндээ төвөггүй түрүүлсэн. Японы Юта Фүкүмориг 22:6, Киргизстаны Алмасбек Алибековыг 18:11, Энэтхэгийн Балвиндер Бенивалыг 22:13, БНСУ-ын Сан Хюк Пакыг 21:8-аар ялснаар “Шар тив”-дээ өрсөлдөгчгүй гэдгээ нотолсон юм. Ингэснээр тивийн аварга болсон Монголын 10 дахь боксчин болсон. Өмнө нь Х.Алтанхуяг (1971, 1975), Р.Отгонбаяр (1980), Г.Батбилэг (1980), Н.Баярсайхан (1987, 1989), Н.Энхбат (1989), Т.Үйтүмэн (1995), П.Сэрдамба (2007), Э.Бадар-Ууган (2007), З.Энхзориг (2007) нар алтан медаль хүртэж байлаа.

Намар нь Азербайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ-ийн шөвгийн наймд үлдэж, “Лондон-2012”-ын эрхээ авсан ч дэлхийн медалиа ихэрлүүлж чадаагүй юм. Медалийн төлөөх тоглолтод Италийн Винченцо Манжакапрегаас илүү тоглосон ч эцсийн дүндээ 11:19-өөр ялагдал хүлээсэн нь бас л хачирхалтай. Гэсэн ч Мөнх-Эрдэнэ дараа жил нь Будант Альбионд болох нэгэн том тэмцээнийг сэтгэлдээ тээсээр хоцорсон юм.

Шүүгчтэй нь хамт ялахаас өөр арга байсангүй

У.Мөнх-Эрдэнэд нэг зүйл дутуу байлаа. Энэ нь мэдээж олимпийн наадмын медаль. Зуны олимпийн ХХХ наадамд Монголын 29 тамирчин өрсөлдсөнөөс хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй нь тэр байсан. Харин дасгалжуулагч Ц.Амаржаргалынх нь ID карт нь дэвжээн дээр гарах зөвшөөрөлгүй байжээ. Тиймээс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар түүнийг дэвжээнд авч гарсан юм. Түүнчлэн Олимпийн наадам эхлэхийн өмнө зохион байгуулагчид Монголын тамирчдаас зөвхөн түүнээс сэргээшийн шинжилгээг цусаар авсан. Жин их барьдаг тамирчдаас хоёр хуруу шил цус авах нь тамирыг нь сорсонтой адил. Хэдий тийм ч эхний хоёр даваанд Чехийн Зденек Хладекийг 20:12, Маврикийн Рикарно Колиныг 15:12-оор ялснаар медалийн босгонд тулж ирлээ.

Түүнийг олимпийн наадмыг зохион байгуулагч орны тамирчин, 2011 оны ДАШТ-ий хүрэл, 2010, 2011 оны ЕАШТ-ий мөнгө, 2010 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга, Их Британийн шигшээ багийн ахлагч Том Сталкер хүлээж байв. Манай хүн нутгийн эзэн тамирчинтай олон таарч тоглосон, хэцүү гэдгийг нь мэднэ. Гэсэн ч энэ удаа шүүгчтэй нь хамт ялаад, даваад гарахаас өөр арга байсангүй. Зохион байгуулагчид нь дасгалжуулагч Ц.Амаржаргалыг нь энэ удаа “ExCel” ордонд ч нэвтрүүлсэнгүй.

Тоглолт эхэлсэн цагаас л Мөнх-Эрдэнэ довтолж, Сталкерт өөрийгөө хэн бэ гэдгээ мэдрүүлсэн. Өрсөлдөгч нь мөн адил солгой өрөлттөй байсан нь манай тамирчинд амар байсан биз ээ. Эхний үеийн дараа телевизийн операторууд дандаа У.Мөнх-Эрдэнийн долтолгооныг удаашруулсан байдлаас харуулж байв. Гэсэн ч дүн 6:6 гэж гарсан нь Монголын тамирчинд медалийн босго өндөр буйг сануулсан. Мөнх-Эрдэнэ дундах үед ч санаачилгатай байсан ч 8:7 буюу ердөө ганц оноо илүү авсан. Ингээд бүхнийг шийдвэрлэх тулаан эхэлсэн. Дөрвөн жилийн дараа медалийн босгонд дахин тулж ирсэн гавьяат тамирчин маань ийм сайхан боломжийг дахин алдахыг хүссэнгүй, өөрт буй бүх хүч чадлаа дайчилсан. Ингээд тулаан өндөрлөсөн. Хамгийн сэтгэл догдлуулсан мөч энэ байлаа. Шүүгч хэнийх нь гарыг өргөх бол. Хэрвээ энэ тоглолт Их Британиас өөр газар болсон бол манай тамирчин ялсан нь баараггүй. Гэвч шүүгч нарын эхний хоёр үед оноо өгсөн байдал ихээхэн эргэлзээ төрүүлж, монголчуудыг тэр чигт нь догдлуулж байсан. Энэ торгон мөчид дэвжээний шүүгч Монголын тамирчны гарыг өргөснийг бид мэднэ. Довон дээр нь зодсон. Үр дүн манай талд байсан ч шүүгч нарын гуравдугаар үед хэн хэнд нь адил есөн оноо өгсөн нь бокс сонирхогчдод огт таалагдаагүй. Сонирхогчдын бокст луйвар гэж зүйл байсаар байгааг энэ тоглолт ил тод харуулсан.

Гэсэн ч бүх зүйл өнгөрсөнгүй. Их Британийн тал тоглолтын дараа ялагдлаа үл зөвшөөрч, протест бичсэн юм. Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа, нөлөөтэй, баян орны тамирчныг ялна гэдэг хэцүү. Энэ үед МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзориг шийдвэр гаргаж, тоглолтын үр дүн эсрэг талд гарсан тохиолдолд Монголын баг тамирчид хэвлэлийн бага хурал зарлаж, олимпийн наадмыг хаяж явахаар шийдээд байжээ. Гэсэн ч үнэн ялж, Шүүгчдийн зөвлөл тоглолтын үр дүнг хэвээр үлдээсэн юм. Энэ бол хичээл зүтгэл байвал амжилтад хүрч болдог тод жишээ. Бүх л зүйлээ бокст зориулсан энэ тамирчин олимпийн медаль хүртэх эрхтэй.

Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөөх тоглолтод Украины боксчин, 2011 оны ДАШТ-ий мөнгө, 2010 оны оюутны ДАШТ-ий алтан медальт Денис Беринчикт 21:29-өөр ялагдсан юм. Эхний хоёр үед гурван оноогоор илүүрхсэн ч (6:4, 9:8) шийдвэрлэх гуравдугаар үед яалт ч үгүй суларсан. Түүнд эх орныхоо нэрийн өмнөөс алтан медалийн төлөө өрсөлдөхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч болсонгүй. Жингээ олон өдөр барьсан болохоор олимпийн сүүлч рүү их ядарч, тамир алдсан нь андашгүй байлаа. Тэр олимпийн үеэр жингээ барихын тулд бага зэрэг мах, амархан шингэдэг ногоо идээд л явж байсан. Хоол гэснээс Мөнх-Эрдэнэ сүүлчийн жилүүдэд Монгол Улсынхаа төлөө цадталаа идэж чадахгүй л явна. Хүссэнээрээ идэхээр өнөөх жин нь дийлдэхгүй байх аюултай болохоор тэр шүү дээ.

Түүний хойморт суух цаг ирлээ

Эх орныхоо нэрийг олон жил тахалсан энэ тамирчны мятрашгүй хөдөлмөрийг Монгол Улс даацтайхан шиг үнэлээсэй. Засгийн газраас олимпоос хүрэл медальтай ирсэн гээд 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна. Үүгээр чинь ганц өрөө байр ч авч хүрэхгүй юм байна шүү дээ. Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөх 15, 10 сая төгрөг хүртдэг. Наадам жил бүр болдог, 2.7 сая хүнээс шалгардаг. Харин олимпийн наадам дөрвөн жилд нэг болдог, дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигддэг. Сонин л сонсогдож байна.

Мөнх-Эрдэнэ хэнээр ч өрөвдүүлж, бөөцийлүүлэлгүй өөрийнхөө хүчээр энэ зэрэгт хүрснийг биширмээр. Түүний эхнэр тархины хорт хавдар тусч, гурван жилийн өмнө БНСУ-д мэс засал хийлгэсэн. Энэ бүх зардлыг мань эр зээлэхийг нь зээлдэж олсныг хүнээс сонсч байсан юм байна. Хамаг залуу насаа бэлтгэлийн танхимд, Монголынхоо төлөө л өнгөрөөсөн энэ залууг төр засаг маань харж үзээсэй. Хөдөлмөрийн үр шим үнэхээр ирдгийг харуулсан түүнд хөдөлмөрийн баатар цолыг нь өгөөсэй.

Саяхан нэгэн танил маань ярьж байна. Тэрбээр “2008 оны Бээжингийн олимпийн наадмын дараа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо өөрийн тамирчдаа хүлээж авсан юм. Тус хорооноос өөрсдийн тамирчин болох Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарыг хоймортоо суулгаж, байраар шагнаж байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэд тортой юм бариулаад буланд суулгаж байсныг санаж байна. Тэгэхэд энэ мундаг тамирчныг өрөвдсөндөө” гэж. Харин одоо түүний хойморт суух цаг ирлээ.

Д.НАНЖИД

(“Өдрийн шуудан”, №804)

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж