Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуйг томилжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр оройхон хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг дахиж ярилцсан юм. Энэ үед зүүний хүчний холбоо, хотын фракци хоёрын дунд ширүүхэн өрсөлдөөн болсноор Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр шууд нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэсэн байсан юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд байр суурь зөрсөн гэх мэдээлэл бий. Энэ нь Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх нь буруу, үнэхээр намаа шинэчилье хэмээн бодож байгаа бол залуу, эрчтэй хүчтэй хүнээ өрсөлдүүлэх ёстой, тэр ч утгаараа Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэрийг нэр дэвшүүлье хэмээсэн ч зүүний хүчний холбоо, хотын фракцынхан хүлээн зөвшөөрөөгүй аж. Ингээд Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаан Удирдах зөвлөлийн хуралдааны дараа үргэлжилж Ц.Сандуйг нэр дэвшүүлэх үед УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр заалнаас нэр дэвшжээ. Харин тэрбээр Ц.Сандуйд ганцхан саналын зөрүүтэйгээр ялагдсан байна.
Мөн Нийслэлийн МАН-ын хороо нь энэ удаагийн хуралдаанаар дэд дарга нараа шинээр томилжээ. Нийт дөрвөн хүнийг дэд даргаар баталсан байна. Тодруулбал, өмнө нь Нийслэлийн намын хорооны дэд дарга байсан Б.Энхтөрийг улираан томилсон бол УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар нарыг Нийслэлийн МАН-ын дэд хорооны даргаар томилжээ.
Г.Дарь