
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хууль зүйн ямар ч үндэслэлгүй, ямар бусармаг зүйл болоод байгааг эрхбиш олж харсан болов уу. Манай хоёр аймагтаа нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсны дараа Г.Батхүү, Д.Зоригт нар тэднийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн Хан-Уул дүүргийн шүүхээр нотолсон гэсэн шийдвэр гаргуулсан. Энэ асуудлыг Ардчилсан намын захиалснаар Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах албаныхан шалгаж, Нийслэлийн прокурор хянаад хууль зөрчсөн зүйл байхгүй тул хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэд хууль зөрчөөгүй. Харин хэн нь, юу хийдгийг бид маш сайн мэднэ. Хан-Уул дүүрэгт шийдэгдсэн хэргийг үзвэл иргэний журмаар шийдэх ёсгүй хэргийг дүүргийн шүүгч н.Мөнхбаяр хүчээр иргэний журмаар шийдсэн байна лээ. Иргэний журмаар ингэж шийдэх байсан бол хариуцагч байх ёстой. Гэтэл С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хариуцагчаар оруулаагүй.Эд бараа тараасан гээд байгаа дүрс бичлэг нь хэн нь ч мэдэгдэхгүй, юу байгаа нь харагдахгүй зүйл байна лээ. Дээд шүүхээс сонгуулийн аливаа маргааныг сонгуулийн процесс болон Сонгуулийн хуулийн дагуу шийдэхийг хуульчилсан атал Өвөрхангайн асуудлыг Хан-Уулд авчирч, хариуцагчгүй шүүх хурал хийж, шийдвэр гаргасан нь хэд хэдэн учир шалтгаантай гэж бодож байна. Нэгд, нотлох баримт гээд байгаа нь зохиомол зүйл. Хоёрт, бидэнтэй мэтгэлцвэл ялагдах нь тодорхой байсан. Гуравт, Хан-Уул дүүргийн шүүгч зөвхөн Г.Батхүү, Д.Зоригт нарын гомдлыг хэлэлцдэг хүн болж таарч байна. Нэгэн хов дуулгахад Монгол шуудан банкийг дампууруулж, олон хүнийг хохироосон хэргийг энэ шүүгч шүүсэн юм билээ. Бид уг нь XXI зуун, Үндсэн хуульт нийгэм, ардчилсан тогтолцооны үед амьдарч байгаа баймаар. 37 оны хэлмэгдүүлэлтийн үед хүртэл хүнийг буудахдаа ядаж л гарын үсгийг зуруулж, бичиг сачгийг нь үзүүлдэг байсан гэдэг. Гэтэл Хан-Уул дүүргийн шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрхийг зөрчөөд зогсохгүй, сонгогдох эрхээ эдэлсний төлөө төрийн эсрэг гэмт хэрэгтэн болгож, хуулийг уландаа гишгэж байгаа нь дэндүү гутамшигтай биш үү. Манай хоёр Нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч гурав дахь удаагаа шүүх хурлыг хойшлуулаад байна. Г.Батхүү нар тэднийг шүүх хуралд хариуцагчаар оролцох ёсгүй гэж дахин эрхийг нь зөчрөөд сууж байна. Монгол Улсын иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр хариуцагчаар шүүх хуралд оролцох эрхгүй, бүр давж заалдах ч эрхгүй болоод байгааг та юу гэх вэ. Тодорхой хэлбэл, мөнгөтэй хүмүүс шүүхийг хувийн мэтээр ашиглах, өөрт таалагдсан шийдвэрээ гаргуулдаг, сонгогчдын санал таалагдаагүй бол шүүхээр далайлгаж дарах гэсэн маш бусармаг ажиллагааны яруу тод жишээ энэ болж байгааг хэн хүнгүй ярьж байна. Тиймээс дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа учраас танд хандаад байна. Мөнгөтэй хүмүүс юу ч хийж болдог цаг ирсэн гэж арай бодохгүй байна, Ерөнхийлөгч өө. Бид нөхцөл байдлыг харзнан шүүх шударга үнэний талд байна гэдэгт итгэлтэй явж байгаа ч олигархиудын башир арга хэрээс хэтэрч, давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулсаар байна. Ирэх даваа гарагт шүүх хурал зарлагдсан байгаа бөгөөд Г.Батхүү нар ямар башир арга хэрэгдэж хойшлуулахыг мэдэхгүй байна. Хан-Уул дүүргийн шүүх яагаад хариуцагчгүй шүүх хурал нэг өдрийн дотор хийгээд шийдвэр гаргаж болдог юм бэ. Гэтэл Нийслэлийн дав ж заалдах шатны шүүх хурал Г.Батхүү нарт шүүх бүрэлдэхүүн нь таалагдахгүй, өмгөөлөгч нь өвдөх, эсвэл нэхэмжлэгч нь давж заалдах эрхгүй гэсэн шалтгаанаар гурвантаа хойшилдог юм бэ.Үүнд бидэнд хариулт хэрэгтэй байна. Тиймээс бид Ерөнхийлөгч танд хандаж байна. Бид цаашид Олон улсын хүний эрхийн хороонд хандах болно.